Хүмүүс орох гээд дугаарлаж байхад дөрвүүлээ нэг гүцтэй цай хувааж уугаад хоёр цаг суух нь зөвхөн Монголд л бий...

Twitter Print
2021 оны 08-р сар 12-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Бид хоол ундны талаарх мэдлэгээ сайжруулах шаардлагатай болжээ. Зөвхөн хэрэглэгч хаан хэмээн муйхарлавал мэдлэггүйгээсээ та өөрөө л эвгүй байдалд орно. Ингээд мэргэжлийн хүний өгсөн дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.

1. Risotto буюу Италиас гаралтай хоолны будаа угаасаа al dente буюу бага зэрэг хатуу, зажлууртай байх ёстой. Хэрэв та бүр идэж боломгүй бол захиалга өгөхдөө "будаагаа бүрэн болгуулна" гэвэл монгол тогооч нар бүрэн болгоод өгнө. Харин хоолны соёл хөгжсөн бусад оронд ресторан таны энэ саналыг хүлээн авахгүй.

2. Pasta буюу гоймон мөн ялгаагүй Al dente гарах ёстой. Таалагдахгүй бол энэ нь танд тохирсон хоол биш байна л гэсэн үг. Таалагддаг хоолоо мэдээд авах хэрэгтэй.

3. Duck breast - perfect PINK иддэг улаан шувууны мах юм. Тахианы махыг бүрэн болгох ёстой. Харин гаднын орнуудад нугасны махыг бүрэн болгоод ирвэл тогооч нь чадваргүй юм байна гэж дүгнэхээс гадна нугасыг бүрэн болгуулах хүсэлтэй хүнийг ресторан үйлчлэх боломжгүй гээд гаргаж байхыг нүдээрээ Англид харж байлаа.

4. Ресторан ачаалал ихтэй үедээ хэнийг хаана суулгахаа өөрөө шийддэг. Хэрвээ санал болгосон ширээ нь танд таалагдахгүй бол өөр газар хооллох хэрэгтэй. Ганц хоёулаа атлаа 4-6 хүний ширээнд суух гэж уурлан, тухайн газрын борлуулалтыг хязгаарлаж байгаагаа ойлгоорой.

5. Ресторанд хооллохоосоо өмнө цэсийг нь хараад төлбөр нь танд тохирох, эсэхийг шалгах хэрэгтэй. Үнэтэй санагдвал өөр газрыг сонгоорой. Одоо бүх зоогийн газар цэсээ цахим сүлжээний хуудаснууд болон чатбот-д байршуулдаг болсон. Чатботруу нь хандаад цэс, ажиллах цагийн хуваарь, байршил гэх мэт мэдээллийг аваад сурчихвал аль аль талдаа их амар. Тухайн газар хаалттай, цэвэрлэгээ ариутгал хийж байгаа үед ирчхээд бухимдах шаардлагагүй.

6. Захиалга өгч үйлчлүүлж сураарай. Захиалга өгсөн бол цагтаа ирэх нь мөн чухал.

7. Бүх юм зах зээлийн зарчмаараа явна. Ямар ч бизнес өөрийн үйлчилдэг сегменттэй. Хүн болгонд таалагдах бизнес байдаггүй. Хүмүүс орох гээд дугаарлаж байхад дөрвүүлээ нэг гүцтэй цай хувааж, хоёр цаг суух нь зөвхөн Монголд л бий.

8. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан хүн биш гэсэн буруу хандлага байсаар байна. Тэд бидэнтэй л адил амрах, хооллох, 00 орох эрхтэй. Гэвч онгироо, бүдүүлэг, баярхуу, их зантай, үнэт зүйлгүй хүмүүстэй бид өдөр бүр таарна. Үйлчилгээний ажилтан тухайн хүний зарц биш юм. Ажил амьдралын уур бухимдлаа бидэнд гаргах нь түгээмэл.
Танд гомдол санал байвал тэр дор нь шийдвэрлэх эрх бүхий менежер, зохион байгуулагч бүх ресторанд бий. Тэдэнд гомдлоо албан ёсоор гаргаарай. Ямар ч байгууллага өөрийн гомдол санал шийдвэрлэх механизмтай тул хэрэгтэй шүүмж саналыг тусгаж, үйл ажиллагаагаа сайжруулна. Үйл ажиллагаагаа сайжруулахгүй бол дампуураад арчигдана.

 

 


10. Үйлчлүүлэх гэж орж ирээд ажлаа хийж  байгаа хүмүүст "Чи хэдэн төгрөгийн цалинтай вэ, чамайг би авмаар байна" гэх нь ёс зүйгүй, хуучирсан хандлага юм. Залуучууд зөвхөн цалин харж сонголт хийдэггүй.

11. Үйлчилгээний байгууллагын угтагч ажилтан тантай мэндлээд угтахад дээгүүр нь даваад гишгэчих гээд дайраад байлгүй хариу мэндлээд хаана суух боломжтойг нь сонсоод, хүлээцтэй хандана уу. "Та захиалга өгсөн үү?" гэж асуусны төлөө бухимдах хэрэггүй. Та захиалга өгсөн болтэр ширээнд л таныг суулгах гэж асуудаг.

12. Сервис үйлчилгээг сайжруулах чин хүсэлтэй бол сайн үйлчилгээ авсан газрынхаа зөөгч, тогооч, бариста, бармен нарт бага боловч цайны мөнгө өгвөл залуус их урамшдаг. Америкт үйлчилгээний ажилтнууд цайны мөнгөөрөө цалинждаг, энэ нь сайхан үйлчилгээ үзүүлэх гол хөшүүрэг болдог. Гаднынхан монгол ресторанд таалагдсан үйлчилгээгээ аваад цайны мөнгө үлдээхэд хамт яваа монголчууд нь "Ийм их мөнгө өгөөд хэрэггүй" гээд 1000 төгрөг үлдээхийг зөвлөдөг, эсвэл үлдээгээд гарахад нь буцаж орж ирж үлдээсэн цайны мөнгийг нь авчихдаг хүмүүс ч бий.

13. Зоогийн газарт гаднаас юм авч ороод буцалсан ус дундаа захиалан, авчирсан юмаа идэж уух нь зохимжгүй. Нууж юм оруулаад шаардлага тавьсан ажилтныг доромжлох, айлгаж сүрдүүлдэг авираа зогсоох хэрэгтэй. Захиралд чинь хэлнэ, би найз нь байна, намайг хүссэн цаг хүртэл суулгах ёстой, цагдаатай чинь хамт та нарыг байхгүй болгоно, та нарыг би тэжээдэг гэх мэтээр загнах нь энүүхэнд.

14. Үйлчилгээний ажилтнуудыг тамхинд явуулах гэж оролдох нь буруу. Тэд ийм үүрэггүй.

15. Ресторанд шинэхэн бэлтгэсэн хоол идье л гэвэл жаахан хүлээнэ гэдгийг ойлгоорой. Ялангуяа Европ хоол захиалсан бол цагаа төлөвлө! Ачаалал их үед хүлээх нь ойлгомжтой. Ихэнх газар хүлээх бол танд урьдчилан мэдэгдэнэ. Хамгийн том стейкийг бүрэн болгуулна гэсэн атлаа арван минутын дараа нэхэж болохгүй. Бүрэн болгох тусам шарах хугацаа нэмэгдэнэ, шарах зуухнаас гаргаад амраах шаардлагатай байдаг. Энэ хооронд та зууш идвэл өлсөхгүй, уурлахгүй, таны ходоод хүнд хоол хүлээн авахад ч бэлэн болно.

16. Рестораны хаах цагийг хуулиар зохицуулдаг, иймд хүндрэл учруулалгүй хаах цагаас нь өмнө тооцоогоо дуусгаарай. Ажилтнууд бүгд ар гэр, үр хүүхэд, хичээл номтой, унтаж амрах шаардлагатай.

“Route catering” компанийн захирал Н.Болормаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.