
ДЭМБ-аас 10-19 насыг өсвөр үе гэж тодорхойлдог ч хөвгүүдийн хувьд охидоос арай хожуу эхлэх буюу голчлон 12-17 насанд шилжилтийн насны гол өөрчлөлтүүд ажиглагддаг.
Энэ үед тэд өөрийгөө том хүн болсон мэтээр санаж эцэг эхээсээ хараат бус байхыг эрмэлзэн асуудалд бие даан шийдвэр гаргахыг хүснэ. Биеийн гадна төрхдөө их анхаарна. Эсвэл бүр эсрэгээрээ хэт эмх замбараагүй болж зан байдал нь өөрчлөгддөг. Заримдаа тэд өөрөө өөрийгөө ч ойлгохоо болчихдог.
Өсвөр насны хүүтэйгээ аав нь илүү дотно ярилцаж байх. Боломжгүй бол ах, нагац ах, өвөө зэрэг үлгэрлэл болох хэн нэгнийг нь илүү ойр байлгахыг хичээгээрэй.
Харин аав, ах та "Би чам шиг байхдаа..", "Чиний энэ насан дээр.." гэх зэргээр өөртэйгөө, хэн нэгтэй жишсэн байдлаар их мэдэгчийн дүрд орж болохгүй шүү. Таны өссөн цэнзүүртэй мэдээлэлтэй, хязгаарлагдмал сонголттой нийгэм, өнөөгийн шүүлтүүргүй мэдээлэл, хязгааргүй олон сонголттой нийгмийн хүүхэд өөр биз дээ.
Тэд алдаа гаргасан үедээ ч биеэ өмөөрч, амархан уурлаж тантай зоригтой зөрчилдөж мэднэ. Энэ нь тэдний өөрийнхөөрөө байхыг эрмэлзэх, өөрийгөө бусдад ойлгуулах гэсэн хэлбэр юм. Ийм үед та түүнийг тайвшрах хүртэл нь хүлээ. Тайвширсан хойно нь хоёулхнаа ярилцаад үз. Тэр танаас хүндлэл мэдэрсэн үед нээлттэй ярилцах болно оо.
Өсвөр насны охид хөвгүүд ялгаагүй аливаа эрсдэл бүхий зан үйл рүү амархан татагдаж орох магадлал маш өндөр. Үүнд найзуудаасаа ялгарахыг хүсэхгүй байх, сонихолтой зүйл туршиж үзэх хүсэл, ятгалгад автах гээд олон хүчин зүйлс нөлөөлдөг.
Хамгийн чухал нь хөвгүүдэд багаас нь хатуу хандахгүй, дургүй хүсэхгүй байгаа зүйлдээ ҮГҮЙ гэж хэлэх эрх чөлөөг гэрийн нөхцөлд нь бий болго. Аавууд ялангуяа хөвгүүдээ хатуужилтай болгоно хэмээн ХАТУУ ХАНДАЖ ЭНДҮҮРДЭГ. Энэ харин ч түүнийг бүрэг дотогшоо болгох, өөрийн үзэл бодлоо хамгаалахдаа сул, бусдыг дагалдагч эсвжл асуудлыг хүчээр шийдэхийг хүсэх нэгэн болгодог гэдгийг санаарай.
Өсвөр насныхан шөнө унтаж өгөхгүй хэрнээ өглөө сэрж өгдөггүй. Шалтгаан нь өсвөр насныхны нойрны даавар болох мелотин нь насанд хүрэгчдийнхээс оройтож ялгардагтай холбоотойгой юм. Энэ нь хичээлдээ идэвхгүй, анхааралгүй байх нэг нөхцөл нь болдог тул аав ээж та хүүгээ эрт унтаж нойроо бүтэн авахад (8-9 цаг) туслаарай.
Та хүүгээ хэт цагдан хорилгүй тодорхой чөлөөт цаг өг, сонирхолыг нь дэмж. Хэнтэй нөхөрлөж чөлөөт цагаараа юу хийдгийг нь заавал мэддэг байгаарай. Энэ насанд нь эцэг эх нь эелдэг, туслаж дэмжих үүрэгтэйгээр асуудлыг хэлэлцэн ярилцаж байх нь хоорондын дотно байдалд нэн чухал.
Г.Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн боловсрол судлаач, багш)
Г.Энэбиш (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн сэтгэл судлаач)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.