Франц, Германд коронавирусын халдварын тохиолдлууд огцом нэмэгдэж байна

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 12:08 цагт
Мэдээний зураг,

Францын Ерөнхий сайд Жан Кастекс тус улсад коронавирусын халдварын тохиолдол огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг коронавирусын шинжилгээнд олноор нь хамруулах, олон нийтийн газар амны хаалт зайлшгүй зүүх шаардлага иргэдэд тавих шийдвэр гаргажээ.

Парис хот дахь коронавирусын халдварын идэвхтэй голомтын тоо 2-оос 21 болтлоо өссөн байна. Францчууд КОВИД-19 өвчний дэгдэлтийн эсрэг түргэн арга хэмжээ авахгүй бол халдварын тархалтыг цаашид хяналтандаа авах боломжгүй болно хэмээн Жан Кастекс анхааруулжээ. Өнгөрсөн 24 цагийн дотор Францад коронавирусын халдварын 6111 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын улмаас 48 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар тус улсад нийт 30 500 гаруй хүн коронавирусын халдварын улмаас нас барж, нийт 300 мянган хүн халдвар аваад байна. Ерөнхий сайд Жан Кастекс коронавирусын халдвар өргөн хүрээг хамрахаас сэргийлэх бүхий л арга хэмжээг авна хэмээн амлаж, Парис хотод иргэд зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болж буйг мэдэгджээ. Баасан гарагийн өглөөний 8 цагаас эхлэн Парис хотын иргэд гадагшаа гарахдаа амны хаалт зайлшгүй зүүх ёстой болж байгаа бол Францын 2 дахь том хот болох Марсельд иргэд өнгөрсөн лхагва гарагаас эхлэн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж эхэлжээ.

Түүнчлэн Францын сургуулиудад 11 ба түүнээс дээш насны сурагчид сургууль дээрээ зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болжээ. Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран иргэдэд коронавирусын шинжилгээ хийх ажлыг эрчимжүүлж, ирэх сард 1 долоо хоногт 1 сая хүнд шинжилгээ хийх зорилго тавьсан гэжээ. Түүний хэлж байгаагаар ирэх сараас эхлэн коронавирусын шинжилгээнд шинжилгээ хийлгэх шаардлагатай иргэдээс гадна шинжилгээ хийлгэхийг хүссэн иргэд ч хамрагдаж болох гэнэ. ХБНГУ-д мөн адил коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдэд амны хаалт зүүх шаардлагыг тавьж байгаа ба олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй иргэнд багадаа 50 еврогийн торгууль ноогдуулахаар болжээ.

Түүнчлэн Германы эрх баригчид спорт, урлаг соёлын томоохон арга хэмжээнүүдийг 2020 оны сүүл хүртэл зохион байгуулахыг хориглоод байна. 9-р сарын 15-наас хойш коронавирусын халдварын эрсдэл өндөр улс орнуудаас ХБНГУ-д нэвтрэх иргэд коронавирусын шинжилгээнд төлбөртэй хамрагдаж эхлэх ба 14 хоногийн тусгаарлалтанд орох аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.