Беслан хотод инээд хөөр цалгиж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Алан хядах ажиллагаа хамгийн их аюул дагуулдаг. Босогчид ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцааны хүнээр сонгодог учир тэдэнд амьд үлдэх боломж бараг үгүй байдаг. Одоогоос арван жилийн Умард Осетийн Беслан хотын 1-р дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр 1100 гаруй багш сурагчид Чечений алан хядагчдад барьцаалагдсан аймшигт хэрэг гарсан. Энэхүү халдлагын улмаас 334 эрдэнэт хүний амь нас үрэгдсэн билээ. Эдгээр 334 хүнээс 186 нь бага насны хүүхэд байсан нь хамгийн их харамсмаар. Хүний тавиланг олж ирээд амьдралын сайн, муу бүнийг үзэж жам ёсоороо тэнгэрт халиагүй бяцхан үрсийн дурсгалыг өнөөдөр хүндэтгэж байна.

2004 оны есдүгээр сарын 1-ны тэр аймшигт өдөр алан хядагчид сургуульд довтлон орж гурав хоног хүмүүсийг барьцаалсан юм. Харин ОХУ-ын тусгайгийн албан хаагчид ажиллагааг хурдан шуурхай явуулсан ч алан хядагчид эсэргүүцэл үзүүлж, тэсрэх бөмбөг дэлбэлэн олон хүний амийг хороосон. Тухайн сургуульд 777 сурагч хүүхэд байсан гэсэн албан бус тоо гаргаж байв. Харин эдгээрээс 186 нь алан хядагчдын золиос болсон аж.

Алан хядагчид сургуулийн хүүхдүүд, тэдний эцэг, эх, ажилтнууд зэрэг нэг мянга гаруй хүнийг сургуулийн байшинд 3 өдрийн турш хорьж саатуулсан юм. Барьцааны хүмүүсийг 50 гаруй цагийн хугацаанд террористууд хорихдоо ус, хоол болон шаардлагатай эм бэлдмэл оруулахаас татгалзаж байжээ. Террористуудтай хэлэлцээ хийх гэсэн бүхий л оролдлого амжилтгүй болсон байна. Дараа өдөр нь буюу есдүгээр сарын 2-нд сургуулийн байшинд террористуудын оруулахыг зөвшөөрсөн цорын ганц хүн нь БНИнгуш Улсын ерөнхийлөгч асан Руслан Аушев байлаа. Тэрээр 25 эмэгтэй болон бяцхан хүүхдүүдийг өөрийн хамт гаргахыг террористуудаар зөвшөөрүүлж чадсан аж.

Өчигдөр Беслан хотын 1-р дунд сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ өдөр ОХУ даяар баярын бас эмгэнэлийн өдөр байв. Арван жилийн өмнө болсон аймшигт аллагын үеэр нэгдүгээр ангид орж байсан бяцхан сурагч өнөөдөр 11-р ангийн том хүмүүс болжээ.

Дайны хор уршиг гэж юу байдгийг биеэр үзсэн Беслан хотын оршин суугчид мөнхийн итгэл найдвараар алан хядагчдын зүрхийг мохоож өнөөдөр Беслан хотод инээд цалгиж байна. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэж үүнийг л хэлдэг аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.