Ерөнхийлөгч Путин Жо Байденаас НАТО ОХУ-тай ойр улс орнуудад цэргийн техник байршуулахгүй гэсэн баталгаа хүсч буйгаа илэрхийлжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 08-нд 11:01 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар өнгөрсөн мягмар гарагт цахим уулзалт хийлээ. Хоёр цаг үргэлжилсэн уг уулзалтын үеэр талууд Украины асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай гэдэг дээр санал нийлсэн хэмээн Кремлиэс мэдээлж байна.

Төрийн тэргүүнүүд цаашид Украины асуудал дээр хамтран ажиллаж, ОХУ-ын эрх баригчдын ихээр санаа зовж буй асуудлуудыг хэлэлцэж эхлэх тал дээр зөвшилцөлд хүрсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков онцолжээ.

Уулзалтын үеэр аль аль тал нь байр сууриа илэрхийлж, уг байр суурин дээрээ баттай зогсч, түүнээсээ татгалзах төлөвлөгөө байхгүй гэдгээ илэрхийлсэн талаар ажиглагчид онцолж байна. Украины зүгээс баруун зүгийн Донецк, Луганск мужуудад Украины зэвсэгт хүчнийхэн болон ОХУ-ыг дэмжигч Украины салан тусгаарлагчдын хооронд болж буй тулааныг зогсоох тухай 2014, 2015 онд хийсэн зөвшилцлүүдээ зөрчиж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин үзэж байгаа бол АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Байден ОХУ Украины аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл үзүүлж байна хэмээн буруутгаж, нөхцөл байдал хурцадсан тохиолдолд АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ.

Үүний хариуд ОХУ-ын төрийн тэргүүн, “үнэн хэрэг дээрээ НАТО Украины газар нутгийг булаан авах аюултай оролдлогуудыг хийж, ОХУ-ын хилийн ойролцоо цэргүүд, зэр зэвсгүүдээ байршуулж байна. Тиймээс ОХУ-д НАТО ОХУ-тай ойр Украины мужуудад үйл ажиллагаагаа өргөжүүлж, зэвсэгт хүчний техник зэргийг байршуулахгүй гэсэн хууль эрх зүйн үндэслэлтэй, найдвартай баталгаа хэрэгтэй байна.” хэмээн онцолжээ.

Оросын эрх баригчдын үзэж байгаагаар Украин НАТО хоёрын харилцаа өргөжиж, НАТО ОХУ-ын нутаг дэвсгэрт ойр пуужингийн системээ байршуулахаар төлөвлөж байгаа нь байж боломгүй асуудал бөгөөд Москва үүний хэрхэвч зөвшөөрөхгүй аж.

Ерөнхийлөгч В. Путин Жо Байденаас НАТО ОХУ-тай ойр улс орнуудад цэргийн техник байршуулахгүй гэсэн баталгаа хүсч байгаагаа илэрхийлжээ. АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ Украины газар нутаг руу дайрахаар төлөвлөж байна хэмээн үзэж байгаа ба Москва цэргийн мөргөлдөөн эхлүүлсэн тохиолдолд эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсаар байгаа билээ.

Кремлийн зүгээс энэ удаагийн уулзалт онцгой үр дүнтэй болно гэсэн хүлээлтгүй байсан ба ОХУ-д Украины газар нутаг руу довтлох санаа байхгүй, ОХУ-Украины хилийн ойролцоо байрлаж буй цэргүүд нь зөвхөн хамгаалах байршил авсан байгаа гэжээ.

Хоёр улсын харилцаа хурцадмал байгааг үл харгалзан талууд нүүр нүүрээ харалцан, тулгамдсан асуудлуудаа ярилцаж байгаа нь чухал хэмээн ажиглагчид үзэж байна.

Уулзалтын үеэр В. Путин, Ж. Байден нар хоёр улсын харилцааг хэвийн болгох зорилт тавих, цахим аюулгүй байдал зэрэг хамтын ашиг сонирхол бүхий асуудлууд дээр хамтран ажиллахаа зогсоохгүй байх нь чухал гэдэг дээр санал нэгджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.