Хайрыг цагийг нь олж л ойлгох хэрэгтэй...

Twitter Print
2020 оны 06-р сар 14-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Намайг дүүргийн эмнэлгийн хонгилоор түрж явлаа.

- Хаашаа? гэж нэг сувилагч нөгөөгөөс асууна. Арай нэг ортой өрөө биш биз дээ, таван ортой руу байлгүй дээ? Нэг л тавгүй мэдрэмж төрөв. Яагаад намайг ганцааранг нь байлгахгүй таван ортой руу оруулах гээд байгаа юм бол? Сувилагч нар над руу ихэд өрөвдсөн харцаар харсан нь гайхмаар санагдав.

Гэвч тэр ганц ортой өрөөнд амьсгал хурааж байгаа хүнийг оруулдаг болохыг би бүр сүүлд нь мэдсэн юм. Бусдад харуулахгүй гэсэн санаа шүү дээ. "Эмч нэг ортой өрөө гэж хэлсэн" хэмээн нэг сувилагч хэллээ. Энэ үг намайг тайвшруулав. Орондоо хэвтэж байхдаа би бүх зүйлтэй сэтгэл санаагаар эвлэрсэн байлаа. Одоо би хаачих ч хэрэггүй, би хэнд ч өргүй, надад хүлээсэн ямар ч хариуцлага байхгүй. Орчноос тасарсан хачин мэдрэмж, эргэн тойронд юу болж байгаа нь надад огт хамаагүй болжээ. Хэн ч, юу ч надад сонин биш байлаа. Би амрах эрхтэй. Энэ нь ч сайн байлаа. Би өөртэйгөө, өөрийнхөө сэтгэл зүрхтэй, өөрийнхөө амьдралтай ганцаараа үлджээ. Би, зөвхөн би. Асуудлууд, бачимдал, чухал асуултууд надад хамаагүй болжээ. Мөнхийн хутаг, Амьдрал, Үхэл, амьдралын хязгаарын цаана орших тэрхүү үл мэдэх зүйлтэй харьцуулахад юуны ч юм араас яарсан тэр бүх сандрал ямар ч утгагүй байлаа.

Тэгснээ гэнэт миний эргэн тойронд жинхэнэ амьдрал буцалж эхэллээ. Үнэхээр сайхан ажээ. Өглөөний шувуудын жиргээ, намрын бараан хөх тэнгэр, сэрж байгаа хотын алсын чимээ, машинуудын дуут дохио, засмал зам дээгүүр тогших яарсан гутлын товшилт, унаж байгаа байгаа навчсын сэрчигнээ. . .Бурхан минь, амьдрал ямар гайхалтай юм бэ! Гэтэл би одоо л ойлгож байдаг. 

Тэгж л байг гэж би өөртөө хэлсэн ч ойлгож байлаа. Надад амьдралыг хайрлаж, амьдралаас таашаал авах хоёр өдөр үлджээ. Эрх чөлөө, аз жаргалын мэдрэмж надаар дүүрч би бурхнаас тусламж хүсэн залбирлаа. Одоо надад хамгийн ойр байгаа нь зөвхөн Тэр шүү дээ. Бурхан минь, гэж хэлэхдээ би их баясгалантай байлаа. Амьдралыг ямар сайхан гэдгийг ойлгож, хайрлах боломж өгсөнд чинь баярлалаа. Хэдийгээр үхлийн ирмэгт ирээд ойлгосон ч амьдрах ямар сайхан гэдгийг би мэдлээ!

Чимээгүйхэн аз жаргал, эрх чөлөөний мэдрэмж надаар дүүрлээ. Хорвоо дэлхий бурхны хайр гэлтэй гэрэл гэгээгээр дүүрсэн санагдана. Амьдралын эрч хүч хүчтэй давлагаалахыг би мэдэрлээ. Хүн хэчнээн итгэдэггүй байсан ч эцсийн мөчид бурхнаас ч хамаагүй эрч хүч гуйдаг ажээ. Ганцаарчилсан өрөө, хүнд хэлбэрийн цусны хавдар гэх онош, байдал огт дээрдэхгүй гэсэн эмчийн дүгнэлт бас сайн талтай ажээ. Үхэж байгаа хүн рүү ирсэн хэнийг ч оруулна. Гашуудаж харууссан хамаатнууд маань ирсээр л байлаа. Тэдний байдлыг би ойлгож байна. Үхэж байгаа хүнтэй юуны тухай ярилцах билээ дээ? Дээр нь өөрийнхөө байдлыг маш сайн мэдэж байгаа хүн шүү дээ. Тэдний гунигласан царай инээдтэй байлаа.

Тэднийг бүгдийг нь ингэж нэг дор харах боломжтой болсондоо би баярлаж байлаа. Амьдралыг хайрлах хайраа би тэдэнтэй л хуваалцахыг хүснэ. Ийм мэдрэмжээс аз жаргалгүй байж болно гэж үү? Хамаатнууд, найз нөхдөө би аль болох чадлаараа хөгжөөлөө. Тэдэнд амьдралдаа тохиолдсон хөгжилтэй явдлууд, онигоонуудыг ярьж өглөө. Бурхны авралаар бүгд инээлдэж, салах ёс маань тайван, хөгжилтэй уур амьсгалд өнгөрлөө. Гурав дахь өдрөөс нь надад хэвтээд байх таалагдахаа больж өрөөн дотуураа алхаж, цонхны дэргэд сууж эхэллээ. Гэтэл нэг удаа эмчид баригдаж загнуулав. Би босож болохгүй юм гэнэ.
Би үүнд үнэхээр гайхлаа.

- Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм бэ?

- Болохгүй ээ гэж эмч уурлав. Та хөл дээрээ явж болохгүй.

- Яагаад?

- Таны шинжилгээний хариунууд чинь үхсэн хүнийхээс ч ялгаагүй байна шүү дээ. Тэр хариуг харвал та амьд байхааргүй байхад энд босоод явж байдаг!

Надад оноосон дөрвөн өдөр нь өнгөрлөө. Гэтэл би үхэх байтугай хиам, бананыг дуртайяа идэж байлаа. Миний бие муугүй байлаа. Гэхдээ эмч тийм ч сайнгүй байв. Тэр бүр юу ч ойлгохоо больжээ. Шинжилгээний хариунууд нэг их өөрчлөгдөөгүй, цусны минь өнгө ягаан туяатай төдий байсан ч би хонгилоор зурагт үзэхээр гарч явж байлаа. Эмч намайг өрөвдсөөр л байв. Гэтэл амьдралыг хайрлах хайр минь эргэн тойрны хүмүүсийг хөгжөөхийг хүсэж байв.

- Эмч ээ, таны бодлоор миний шинжилгээний хариу ямар байх ёстой юм бэ?

- Ммм, ядаж л иймэрхүү гэж хэлээд цаасан дээр хэдэн тоо сараачив. Би юу ч ойлгоогүй ч анхааралтай уншлаа.

Эмч амандаа хэдэн үг бувтнаснаа эргэж явлаа..

Өглөө есөн цагт өрөөний минь хаалгыг эвдэх шахам хүчтэй онгойлгон нисэн орж ирэв.

- Та яаж ингэж чадав аа?

-Айн? Би юуг яасан гэж?

- Хариунууд! Миний танд бичиж өгсөнтэй яг ижил гарсан байна!

- Би яаж мэдэх вэ дээ? Тэгээд ямар нэгэн ялгаа байна уу?

Нэг ортой өрөөнд байх миний хугацаа дуусчээ. Намайг таван ортой өрөө рүү шилжүүллээ. Хамаатнууд бүгд надтай салах ёс хийж дуусаад эргэж ирэхээ ч больжээ. Өрөөний бусад өвчтөнүүд бүгд орондоо хэвтэцгээж, муухай царайлан үг дуугарахгүй хана руу харж идэвхтэйгээр үхэцгээж байлаа. Тэдний энэ байдлыг би гурван цаг л тэсвэрлэв. Амьдралыг хайрлах хайр минь амьсгал давхцуулна. Би авчирсан тарвасаа гаргаж ирээд чангаар хэлэв.

амьдралд хайртай зурган илэрцүүд

- Тарвас идэхээр химийн эмчилгээний дараа дотор муухайрах нь зүгээр болдог шүү. Өрөөнд шинэхэн цасны үнэр шиг тарвасны үнэр сэнхийлээ. Миний хөршүүд ширээ рүү итгэлгүйхэн дөхлөө.

- Тийм үү? Үнэхээр дотор муухайрах нь болих уу?

- Мэдээж шүү дээ хэмээн би их мэдэгчийн царайгаар хэллээ. Тэрхэн зуур тарвасны тухай хэн нь ч сайн мэдэхгүй юм чинь гэсэн бодол зурсхийв.

Шүүслэг тарвас хазах хорхой хүрэм чимээ гарлаа.

- Нээрээ гайгүй болчихлоо шүү хэмээн орноосоо босохгүй хэвтэж, босохдоо таяг тулдаг нэг нь хэллээ.

- Харин тийм, минийх ч бас хэмээн бусад нь баяртайгаар хэлцгээв.

- Тэгэлгүй яах вэ хэмээн би тайвнаар толгой дохилоо. Би наадхыг чинь туулаад өнгөрсөн хүн шүү дээ. Ингэхэд та нар ийм онигоо мэдэх үү?

Шөнийн хоёр цагт манай өрөөнд уурласан сувилагч орж ирлээ.

-Наад инээдэм ханиадам аа больцгоо! Та нараас болоод давхраараа унтаж чадахгүй байна!

Гурван өдрийн дараа эмч надаас нэг л итгэлгүй асуулаа.

- Бид таныг өөр өрөөнд шилжүүлж болох уу?

- Яагаад?

- Үгүй ээ, яахав таны биеийн байдал дээрдсэн. Хажуу өрөөнд их хүнд хүн байна.

- Үгүй ээ! гэж өрөөний хэд маань эсэргүүцлээ. Бид түүнийг явуулахгүй ээ!

Тэд намайг үнэхээр явуулсангүй. Харин бусад өрөөний өвчтөнүүд манай өрөөнд шавдаг боллоо. Манайд орж ирээд ярилцах, инээлдэх гэж тэр шүү дээ. Яагаад гэдгийг би мэдэж байлаа. Учир нь манай өрөөнд амьдралыг хайрлах Хайр байдаг юм. Хүн бүрийг бүрхэж, тэр дороо тайван, сэтгэл амар болцгоодог юм. Арван зургаахан настай, толгойгоо цагаан алчуураар боосон охин надад онцгой таалагддаг байлаа. Эмнэлгийн хатуу даавуун алчуурын үзүүрүүд толгой дээр нь гозойж туулай шиг харагдуулна. Тэр тунгалгийн булчирхайн хавдартай байсан юм. Эхэндээ тэр огт инээж чаддаггүй юм шиг санагддаг байлаа. Гэвч долоо хоногийн дараа би түүнийг зориггүйхэн инээмсэглэхдээ ямар гайхалтай болохыг нь олж харав. Түүний эм үр дүнгээ өгч эхэлснийг эмч хэлсэн өдөр бид бүгд тэмдэглэж өнгөрүүлэв. Тараг ууцгааж бүжиглэцгээлээ. Бидний чимээ жижүүр эмчийг хүртэл ирүүллээ.

- Би энд гучин жил ажиллахдаа ийм юм харсангүй! гэж гайхсан эмч хэллээ. Түүний гайхсан царайг бид шоолж удаан инээлдэв. Бидэнд сайхан байлаа.

Би ном уншиж, цонхоор ширтэж, хөршүүдтэйгээ ярилцаж, хонгилоор зугаалж, харсан бүхнээ хайрлаж байлаа! Номнууд, жимсний чанамал, хажуу орны өвчтөн, гадаа зогсох машин, хөгшин мод. Надад витамин тарьдаг байлаа. Ямар нэг тариа хийхээс аргагүй байсан л даа. Эмч надтай бараг ярилцахаа больж тааралдахдаа хажуу тийш харна. Гурван долоо хоногийн дараа эмч надад аяархан ингэж хэллээ.

- Таны цусны улаан эс эрүүл хүнийхээс хорин нэгжээр л илүү байна. Одоо нэмэгдэхгүй байх.

Эмч ууртай байх шиг санагдана. Буруу оношилсон юм шиг байвч үгүй гэдгээ эмч мэдэж байлаа. Нэг удаа надад хэлэхдээ

-Таны оношийг би тогтоож чадахгүй байна. Ямар ч эмчилгээгүйгээр та эдгээд байна. Ийм байх боломжгүй.

- Энэ тэгээд юу гэсэн үг вэ? гэж би асуув.

- Мэдэхгүй ээ гэж аяархан хэлээд гарч явлаа.

Намайг эмнэлгээс гарахад эмч шулуухан хэлэв.

- Та явж байгаа нь надад үнэхээр харамсалтай байна. Манайд хүнд өвчтөн олон байна.

Манай өрөөнийхөн бүгд эмнэлгээс гарсан. Манай тасагт энэ сард нас баралт гучин хувиар буурсан гэсэн.

Амьдрал үргэлжилсээр л байлаа. Гэхдээ миний амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөн юм. Би амьдралыг дээрээс нь харж байх шиг санагдана. Тиймээс үйл явдлын хэмжүүр өөрчлөгдсөн аж. Амьдралын утга учир гэнэт л маш энгийн, маш ойр болжээ! Зүгээр л хайрлаж сурах хэрэгтэй бөгөөд чиний боломж ямар ч хязгааргүй юм. Хэрэв чи хайраар хандаж чадвал бүх хүсэл чинь биелнэ. Худал хэлж, атаархахаа больж, гоморхож өширхөхөө орхиж, бусдад мууг хүсэхээ болино. Ийм амархан, мөн ийм ээдрээтэй байсан юм байна. Хайрыг цагийг нь олж л ойлгох хэрэгтэй.

Ш.Батзориг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.