В.Путины айлчлалаар будилав даа "үндсийнхээн"

Twitter Print
2014 оны 09-р сар 02-нд 18:51 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн цорын ганцхан газарзүйн байрлалыг эзэгнэж суудаг хувь заяатай ч юм шиг, эвгүйдвэл дэндүү азгүй ч юм шиг орон бол Монгол. ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд хавчуулагдан оршдог Монголчууд аль нэг хөрштэйгөө эвтэй, нөгөөтэй нь эвгүй байх аваас бидэнд л ашиггүй гэж ярих нь нэг бодлын үнэн, нөгөө бодлын айдас. Энэ ч яахав хоёр хөрш биднийг дориун тоож төрийн тэргүүнүүдийн ээлж дараалсан айлчлал үргэлжилж байна.

Энэ жилийн хувьд Монголыг зорин ирэх гадны томчуудын буухиа тасрахгүй байсаар маргааштай золгож байна. Яагаад маргааш вэ гэж үү, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины Монголд хийх албан ёсны айлчлал эхлэх юм. Стратегийн гэж хэлж болох энэ айлчлалаас олон үр дүн, эдийн засгийн ашиг хонжоог Монголчууд харж байгаа нь нууц бишээ. Харин энэ бүхнийг олон нийтэд хүртээх эрхийг мэдээж хэвлэлийнхэн хүлээж байгаа. Үүрэг хүлээхийн хажуугаар “хэвлэлийнхэн” томоохон хариуцлага хүлээдэг болох шаардлагатай байгааг ойрын үед харуулсан үйл явдлууд багагүй болж байна. Тэр дундаа Монголын телевизийн урлагийн түүхийг тодорхойлдог МҮОНРТ. Ийм болохоор нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхийн тулд ийнхүү бичсэн болно. Учир нь Монголын үндэсний олон нийтийн телевиз гэх ард түмний нэрийн, ард түмэнд гэгээрэл, танин мэдэхүйн мэдлэг, мэдээлэл олгох учиртай, тэдний халааснаас санхүүждэг телевизийн томоохон алдааны тухай өгүүлэхгүй байж болохгүй. Угаасаа дэлхий нийтэд шуугьж байгаа энэ мэдээлэл Монголд яагаад нам гүмхэн өнгөрч байгааг ойлгоход хэцүү. Өнгөрөгч наймдугаар сарын 21,22-ны өдрүүдэд БНХАУ-ын Си Зиньпин түүний гэргийн Пин Лиюань нар болон бусад албаны хүмүүсийн Монголд хийсэн төрийн дээд хэмжээний айлчлалаар хоёр орны холбогдох албаны хүмүүс өндөр ач холбогдол өгч ажиллаж, дээд зэргийн бэлэн байдалд байсныг эргэн сануулъя. Тэр ч бүү хэл хоёр орны харилцаанд сэв суулгахгүйн үүднээс ардчилсан орны хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёр сарын хугацаанд урд хөршийг муулсан, муучилсан мэдээ нэвтрүүлэг ч цацаагүй болно. Харин энэ дунд маш том бодлогын чанартай алдаа гарсаныг төдийлөн хайхралгүй орхиж, тэр ч бүү хэл тэрхүү алдааны хариуцлагыг хар толгойгоороо үүрэх учиртай хүний толгойг Монголын төр илээд өнгөрдөг болохыг олон нийт шүүмжилж, жигшин зэвүүцэж байна. Учир мэдэх хүмүүсийн хэмжээнд яригдаж байгаа энэ асуудал бол БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалын шууд нэвтрүүлэх үндсэн эрх бүхий Монголын үндэсний олон нийтийн телевиз үүргээ умартаж, ажлаа дутуу хийж, шууд дамжуулалтаа тасалсан асуудал юм. Болсон явдалыг товч сийрүүлбэл: БНХАУ-ын даргын айлчлалыг шууд дамжуулах хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийг Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албанаас хариуцан зохион байгуулжээ.

Ингэхдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг ногоон гэрлээр нэвтрүүлж, мөн араас нь ТВ5, Блүүмбэрг, Ийгл, Монгол HD гэсэн дөрвөн телевизэд шууд дамжуулах дархан эрхийг олгосон байгаа юм. Дээрх шалгаруулалтыг хэрхэн хийснийг мэдэхгүй ч эфирийн болон кабелийн олон арван хариуцлагатай телевизүүд энд нэмж багтах боломж байсан байх.

Үзэгчдийн далайц судалгааны мэдээллүүдийг харьцуулан харвал, дээрээс нь ажлын туршлагыг нь бодвол МҮОНРТ-ээр айлчлалыг хүлээн авч үзэх хүмүүс олон байсан байх. Угаасаа ч орон даяар цацагддаг, монголын үндэсний цөөнхөд хүртэл хүрч ажилладаг дээх нь үеийн төв телевиз маань энэ дунд маш томоохон бүдүүлэг алдаа гаргасан нь айлчлалыг шууд дамжуулахдаа 17 минут эфирээ тасалж, тэр чигт нь дамжуулалгүй дуусгасан явдал аж. Хэдийгээр нөгөө дөрвөн сувгаар хүмүүс мэдээлэл авсан байж болох ч 47 жилийн Монголын телевизийн түүхийг бичиж яваа гэх Монголын үндэсний олон нийтийн телевиз ийнхүү томоохон бүдүүлэг алдааг гаргажээ. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байхад МҮОНРТ-ийн явуулын станцад учир үл мэдэх гэмтэл гарч эфир нь тасалджээ. Төрийн тэргүүнүүд үндэсний телевизийг хүлээх биш үгээ хэлж, үйл явдал өндөрлөж дуустал эфир нь тасалдсан байдалтай байсаар өнгөрчээ. Энэ бүхнийг шүүмжлэх дуртай хүмүүс төдийлөн дуугарсангүй. Нөгөө жиргээний ертөнцөөр ч асуудал тарьсангүй. Юм бүхнийг шүүмжилдэг жиргээчид олон улсад болж байгаа энэ үйл явдлыг мэдээгүй мэт чимээгүй өнгөрөв. Гэтэл БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төв энэ асуудал ач холбогдол өгч, тэр ч бүү хэл үндэснийхээ хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрт суугаа зургаан тэрбум гаруй хүнд мэдээлэл цацаж, шууд хүрдэг CCTV энэ том алдааны талаар нухацтай мэдээлэл цацсан нь Ерөнхийлөгчийн тамгын газрыг хурдаа авахад хүргэсэн байгаа юм. Наймдугаар сарын 24,25-ны өдөр БНХАУ-ын төв хэвлэлээр явсан энэ мэдээллийн дагуу Ерөнхийлөгчийн тамгын газар наймдугаар сарын 26-ны өглөө шуурхай хуралдаан зарлаж МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар болон “ММ” агентлагийн захирал, сэтгүүлч С.Батзаяа нараас тайлбар авсан байгаа юм.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан энэ том алдаа, хариуцлагагүй байдал, Монголын хэвлэл мэдээллийг олон улсад муугаар дуудуулж, бичүүлсэн, цацуулсан энэ байдалд М.Наранбаатарыг хариуцлага хүлээх ёстой хэмээн хатуу сануулжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр ажиллаж байсан хүмүүсийн тайлбарласнаар бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг үг хэлж байх үед Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн шууд дамжуулан явуулын станцад нэг минут хүрэхгүй буюу 54-56 секунтийн саатал гарсан. Инженерүүд нь түргэн шуурхай ажиллаж саатлыг засаж, шууд дамжуулалт эргээд хэвийн үргэжлэх боломж бүрдсэн ч төв телевизийн эфирт болон холбогдох дарга нарт утсаа авах хүн байгаагүй, ингээд шууд дамжуулах багийнхан холбоо тогтоож чадаагүй, үндэсний мэдээллийн хэрэгслийн маань том толгойтой дарга нар ч үүнд огтхон ч анхаарал хандуулаагүйгээс болж бүхэл бүтэн 17 минут эфир нь тасарч, БНХАУ-ын даргын айлчлал нэвтрээгүй байгаа юм. Үүнийг Хятадын төв хэвлэлээр мэдээлэхдээ “яагаад” гэсэн асуудлыг дэвшүүлсэн бөгөөд техник технологи хөгжсөн эрэн зуунд Монголын төрөөс, ард түмний татаасаар халаасны мөнгөнөөс санхүүждэг өөртөө зориулсан ганцхан хуультай хэвлэл мэдээллийн байгууллага нь ийм ядуу дорой, харанхуй, бүдүүлэг, хариуцлагагүй байсныг олон улсад дэлгэсэн гэж хэлж болно. Хосууд шиг нэг машинаар төрийн ордонд хүргүүлэн, хос морьд шиг ордны коридороор явж өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаал, нэр хүндийн төлөө зүтгээд байсан М.Наранбаатар, С.Батзаяа нар хариуцлагагүй энэ үйлдлээ цаг агаарт чихээд өнгөрсөн сурагтай. Ичмээр биш гэж үү. Нийтийн бие засах газар ажиллуулдаг хүмүүс бие засах хүмүүсээс авдаг хураамжаа нэмчихээд бензиний үнэ нэмэгдсэн хэмээн тайлбар хэлж суухтай адилхан санагдаж, тэдний өмнөөс ичсэн. Үнэндээ цаг агаар ямар ч байсан гэсэн, техникт асуудал гардагийг телевизийн салбарт буцалж яваа хүмүүс мэднэ. Нартай ч бороотой ч асуудал гарвал гарна, гарахгүй бол гарахгүй. Техник хөгжсөн шүү дээ. 54 секундын саатлыг 17 минут үргэжлүүлж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг Монгол даяар дамжуулаагүйнхээ төлөө өнөөдөр тэд хариуцлага хүлээсэн үү гэвэл үгүй.

Энэ л гутамшиг, бас ярих сэдэв. Яагаад заавал өнөөдөр өнгөрсөнийг дурсаж байгаагийн учир нь Монголын үндэсний гэх тодотголтой “үндсийнхэн” маргааш ирэх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалыг мөн л сурвалжлах “ногоон” карттай. Тэд дахин алдаа гаргах вий гэхээс айж байна. Дахин 10 хүрэхгүй хоногийн дотор ОХУ-ын телевизээр яригдаж, хэвлэлээр элэглүүлж, Монголын бусад телевизийн нэр хүндийг уландаа гишгэх вий гэхээс эмээж байна. ФМ-ийн хөтлөгч албан даргатай, эмс охидын явдалаар асуудал шийддэг болчихсон, хүссэн нэг нь албан тушаалд очдог удирдлагатай МҮОНРТ гэх газрын уран бүтээлчдэд буруу байхгүй хэмээн МУСГЗ ГО-Пи-Мин Бадарч саяхан ярьж сууна билээ. Түүний хэлдгээр ажлаа мартчихсан, албан тушаалаасаа салж чаддаггүй хүмүүс хариуцлага хүлээдэггүй хирнээ саяхан болсон үндэсний зөвлөлийнхөө хурлаар гурав дахь удаагаа тус газрын захирлаар үлдэж чадсан.

Энэ нэг ёсны алдаа гаргасан хүний толгойг илээд өнгөрөөдөг дээдэст үйлчилдэггүй хуулийн алдаа, нөгөө талаар аль ч намд гарцтай хэмээн өөрийгөө дөвийлгөсөн М.Наранбаатарт юу ч хэлж чадахгүй байгаа төрийн хариуцлагагүй байдлын илрэл биш гэж үү. Төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг гэгддэг М.Наранбаатар өнөөдөр хариуцлага хүлээж, өнгөрсөн хугацаанд “үндсээр” овоглож явсан олон арван жирийн нэгэн ажилчин, өөрийнх нь бурууг шүүмжилсэн хүмүүсийг золиосонд гаргасныхаа төлөө, үндэсний эрх ашгийн төлөө мэдээ нэвтрүүлэг цацах учиртай телевиз радиог хэдхээн хүний бүлэглэлийн зарчмаар удирдаж хөгжүүлээгүйнхээ хариуд, ялсан намд туйлшран үйлчилж, даргаар ажиллах нүхээ малтаж өнөөдөр хариуцлага хүлээх, ядаж л ичих цаг нь болсон баймаар. Гэвч өөрийгөө голдоггүй “лоолой” дахиад л үндэсний олон нийтийн радио телевизийг даргалж үлдэх хороо найруулж амжаад ирэх аравдугаар сард дуусах томилгоогоо сунгаад амжлаа. Үүнийг ч үндсээр овоглосон ахмадууд ч эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж хэвлэлийн хурал зарласан. Хариуцлага хүлээх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн тамгын газар хаана байна, хариуцлага хүлээх ёстой “лоолойнууд” хаана байна. 

Эх сурвалж: Mass.mn  Г.Жаргалмаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.