Хүүхдэдээ гайхах, сонирхох, турших, судлах боломжийг олгож байгаарай

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд бүр сониуч, шинжлэн судлагч, туршин мэдэх сэтгэлгээтэй байдаг. Хамт байгаа бидний хандлагаас шалтгаалж хүүхдийн энэ сониуч зан буурах уу, өсөн нэмэгдэх үү гэдэг шууд нөлөөтэй.

Илүү тодруулбал, ариун цэврийн цаасыг хөвж үзээгүй хүүхэд ховор. Цагаан хана, буйдангаа харандаа, фламастраар зурж баллаагүй хүүхэд барагтай байхгүй. Үүний цаана хүүхдийн тархинд энэ цаасыг хөвөөд хөвөөд дуусахгүй юм байх даа, энэ цагаан ханан дээр зурахаар гарч байна, тэгвэл цагаан буйдан дээр гарах нь уу үзье хэмээн гайхан шинжиж, сониучирхан турших үйл ажиллагаа явагдаад байгаа юм. Хэрвээ та энэ үйл ажиллагааг нь хүчээр таслан зогсоохгүйгээр хүлээцтэй хандвал хүүхэд цаас хөвөрсөөр дуусдаг, цагаан бүхэн дээр хар өнгө тодоос тод гардаг гэсэн туршилтын үр дүн гарч, аливаа зүйлийн учрыг олох гэсэн бүтээлч хандлага нь өсөх нэмэгдэх боломжтой юм.

Харин хүүхэд ханан дээр зураад эхлэх үед түүнийг нь анзаараад ханыг нь цагаан цаас, хар самбар нааж бэлтгэн өгч чөлөөтэй сараачих боломжийг нь олгож өгөөрэй. Буйдан дээр зурсан үед хамтдаа цэвэрлээд зургаа зурах том цаас газарт дэлгэж өгөөрэй. Хүүхэд хэвтэж сараачих (зурах) дуртай байдаг. Эс тэгвэл хүүхдийн аливааг танин мэдэх, гайхах сониуч зан аажим аажмаар багасаад л байна. Алдарт философич Платон "Бүх гүн ухаан гайхахаас эхэлдэг" гэж хэлсэн байдаг шүү дээ.

Бүхнийг өмнөөс нь хийж өгөх эсвэл болгоомжлон хориглох нь хүүхдэдээ гайхах, судлах, сониучирхах боломжийг олгохгүй байна гэсэн үг юм. Том болохоороо бидний ярьдагчлан “хайрцаглагдсан” сэтгэлгээтэй, бусдын заавраар үйлдэл гүйцэтгэдэг, өөрөө санаачилгаараа хийхээс айдаг, өөртөө итгэлгүй нэгэн болно гэхээр харамсалтай.

Хана, буйдан болон энд тэнд сараачсан хүүхдийг шийтгэж болохгүй. ХҮҮХЭД БҮР ӨӨР ӨӨР. ХҮҮХЭД БҮХЭН АВЬЯАСТАЙ.

Жич: Буйдан дээр хийсэн уран бүтээлийг дугуй савтай, хөвөнд шигээсэн байдаг хумсний будаг арилгагч байдаг даа. Тэр сайн арилгана.

Г.Төмөрзаяа

(Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу" үүсгэн байгуулагч)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.