
Утас ширтэж, энергиэ барах хэрэггүй. Стрессээ таягд,гараад аялаарай! Монгол хүний амьдралын тойргийн нэг үндэс зуны дэлгэр цагт хөдөө явж, нар салхи, устайгаа ойр байж өөрийгөө цэнэглэж, байгалийн хүчээ нөхөх явдал. 7 сар бол хамгийн оргил үе. Тиймээс аялцгаа! Гэр бүл, найз нөхөд, үр хүүхдээрээ хамт сайхан аялаарай. Цөөн хэдэн зөвлөлгөөг өөрийн зүгээс хэлье. Мэддэг нь дэмжээд, үл анзаарсан нь анхаарах болтугай! Үүнд:
1. Үнэхээр баттай сайн эс мэдэх аваас аяллын мэргэжлийн компаниудад хандсан нь дээр.Тийм үйлчилгээ авч үз. Аялал бол үйлчилгээ.
2. Хог, бохирдолоо тооц. Байгальд зөвхөн мөрөө л үлдээ, харин бохирдол үл үйлд.
3. Олон жижиг савтай ус хэрэггүй. Том ус аваад хүн бүр өөрийн усны савандаа юүлээд хэрэглэ.
4. Орон нутгаасаа бараа, үйлчилгээ ав. Хөдөө орон нутагт төлж буй төлбөрүүд тэнд 1 ч гэсэн хүн ажлын байртай болгоно.
5. Музей үз, хийд дуганаар орж мөргө, хүндэтгэ. Хэтрүүлж, хүндрүүлэх бас хэрэггүй.
6. Уул овоонд гарах бол алхахыг эрхэмлэ. Бүү техникээр зод. Үнэхээр шалтгаант байдал бол гаргасан замаар л яв.
7. Хадаг сүү, дарцаг хийгээд элдэв шашны эд зүйлс, таяг, шил тэргүүтэнийг овоон дээр орхих, хаяхыг чинадлан хоригло. Хорт буруу үйлдэл!
8. Хээр гал түлэх, хоол хорхог хийхдээ хог, цаас, гал түймэр, бие засах зэргээ төлөвлөж газраа сонго, үйлдэлээ тооц. Алхам бүртээ үлгэрлэл үзүүл, ариунцэвэр, аюулгүй байдал, байгаль эхээ анзаарч “Би” хэмээх эго-г гээхийг хичээ.
9. Аль болох домог түүх, үлгэр ярьж яв. Шувуу, ан амьтан, ургамал ногоо сонирхуул. Нэр ус, онцлогийг нь хэл. Мэдэхгүй бол зургийг нь ав. Багачууд, хүүхдүүд сонсог, суралцаг, хүндэтгэж, хайрлах болно. Монгол зүйр үгс, оньсого хэлэлц. Аяллаар дамжуулж Хүмүүжил сургалтыг таашаалтайгаар түгээхийг хичээ.
10. Үр хүүхдээ ажигла, анзаар. Хайрлах сэтгэл, аминч үзэл, тусч байдал, хувийн зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадвар тус бүр үзүүлэлтийг нь анзаар. Таны үргэлжлэл хэн болж төлөвшиж байна вэ? Үлгэрлэн заа.
11. Өөрийгөө анзаар. Уух идэх, хүсэх шунах, унтаж хэвтэхээ анхаар. Хямгатай бай, хүндэтгэлтэй бай, өгөөмөр бай
12. Хэрэглээгээ хяна, Эрүүл аял. Хоол унд хэт тансаг, газтай ундаа, архи пиво аливаа цэнгэл бүрийгээ цэгнэж, хэрэглээгээ хяна, өөрийгөө чөлөөлж аял.
13. Мэргэжлийн сайн хэрэглэл ав. Аяллын майхан сав, чийдэн, сандал ширээ гэх мэт бүхий л зүйлсээ тооц. Бороо ус, аялал даах байдал, найдварт шинж, ая тухаа тооц, эвх, хураа.
14. Машин тэргийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа, гэрэл чийдэн, аптек, зогсолт, хурд зэргийг ягштал хатуу чанд баримтал. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол унаа тэргээс бүрэн татгалз!!!!
15. Энэ сайхан эх орон, байгаль дэлхий, монгол ахуй соёл үеийн үед хадгалагдаж, үр хойч бүхэнд минь өвлөгдөх ёстой гэдгийг үргэлж бодож бусдыгаа байнга хүндэлж, ямар нэг хог, хорт үйлдэл хийхээс ямагт сэргийлж, хувиа бодох үйлдлийг таягдаж, үлгэрлэлийг өөртөө авч амгалан тавтай, тааламжтай аялаарай.
Д.Гантөмөр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.