НАТО: Польшид унасан пуужин Украиных байх өндөр магадлалтай

Twitter Print
2022 оны 11-р сар 17-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа Польшид өнгөрсөн мягмар гарагт унаж, хоёр хүний аминд хүрсэн пуужин Украины агаарын зэвсэгт хүчний харвасан пуужин байх магадлалтайг онцолжээ.

Тэрээр ийм зүйл тохиолдох болсон нь ОХУ-ын буруу, оросууд анхнаасаа Украин руу довтлоогүй байсан бол ийм зүйл тохиолдохгүй байсан гэжээ. Киев Польшид унасан пуужинг оросууд харвасан хэмээн буруутгаж байгаа ба Ерөнхийлөгч Владимир Зеленский тухайн пуужин нь Украиных биш гэдэг нь эргэлзээгүй, мөн тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Украиныг оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт пуужингийн цохилт үзүүлж эхэлсэн даруйд Украины тал агаарын хамгаалалтын системээ идэвхжүүлж, Оросын талаас харвасан пуужингуудын дийлэнхийг устгасан хэмээн мэдэгдсэн билээ.

Дээрх үйл явдал нь Индонезийн Бали арал дээр "Их-20" - ийн чуулган болж байх үеэр болсон нь олон улсын шүүмжлэлийг дагуулж, НАТО-гийн гишүүн Польшийн нутаг дэвсгэрт пуужин унасан нь ОХУ-Украины дайн хурцдаж байна гэсэн айдсыг төрүүлсэн юм.

Йенс Столтенбэргийн мэдээлснээр НАТО-гийн гишүүн болон түнш орнууд Украинд Оросын пуужингуудыг устгах агаарын хамгаалалтын илүү дэвшилтэт систем илгээх дээр зөвшилцөлд хүрчээ.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн мэдээлснээр Польшид унасан пуужин нь ОХУ-д үйлдвэрлэсэн S-300 байсан ч уг пуужинг ОХУ харвасан гэдгийг нотлох баримт байхгүй байгаа аж.

Москва, Киев хоёр энхийн гэрээ хэлэлцээр хийх боломжтой эсэх тал дээр Йенс Столтенбэрг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "буулт хийх, зөвшилцөхөд" бэлэн биш байгаа нь өмнөх оролдлогуудаас харагдаж байгааг онцолжээ. Тэрээр, "В. Путин ба Орос байлдахаа зогсоовол энх тайван тогтоно, В. Зеленский ба Украин байлдахаа зогсоовол тусгаар тогтносон Украин улс гэж байхаа болино гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна." гэжээ.

АНУ-ын зэвсэгт хүчний хурандаа Марк Миллигийн үзэж байгаагаар украинчууд оросуудыг нутаг дэвсгэрээсээ тэр дундаа Крымийн хойгоос богино хугацаанд гаргаж, дайнд ялалт байгуулах магадлал маш өчүүхэн бөгөөд уг дайныг төгсгөх нэг боломж нь ОХУ Украинаас өөрийн санаачлагаар гарах явдал аж.

Эх сурвалж: BBC

Содгомцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.