Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр...

Twitter Print
2022 оны 04-р сар 22-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Энэ хэрэг 1944 онд Америкт болсон байна. Роналд Опус гэгч залуу амиа хорлохоор шийдэн “Роналд, миний бие, санхүүгийн асуудлаас болж, мөн эцэг эх хоёр маань намайг огт ойлгодоггүйгээс (санхүүгээр туслахаас татгалзсан) болж ийм алхам хийхэд хүрлээ...” гэсэн зурвас бичиж тавиад цонхныхоо тавцан дээр авиран гарч, есөн давхраас үсэрсэн байна.

Тэр өдөр байрных нь цонхыг гаднаас нь угааж байсан ажилчид 7-р давхрын түвшинд аюлгүйн тор татсан байсныг Роналд мэдсэн бол заяа нь үсрэхгүй байх байсан биз. Учир нь тэрээр ердөө хоёрхон давхар нисээд аюлгүйн торон дээр өмд нь бага зэрэг норсон байдалтай ч амьд “газардах” байж. Гэвч “хувь заяаны тохуурхал” гэмээр сонин зүйл тохиолдсон байна.

Роналд 8-р давхар хавьцаа "нисч" яваад суманд өртөх нь тэр. Цагдаагийн мөрдөгч нар толгойгоо зад буудуулсан үл таних хүнийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байхдаа түүнийг буудаж хороосон этгээдэд “хүний аминд санаандгүй хүрсэн” ял тулгах нь зүйтэй хэмээн үзжээ. Учир нь толгойдоо буудуулаагүйсэн бол Роналд аюулгүй торон дээр эсэн мэнд буух байсан шүү дээ.

Хэргийг мөрдөх явцад хэд хэдэн шинэ баримт гарч иржээ. Юу вэ гэвэл... 8-р давхарт оршин суудаг хөгшин эхнэрээ буудах гэж байгаад цонх руугаа буудсан байна. Цагдаагийнхан энэ тухай олж мэдээд “хүний аминд санаандгүй хүрсэн” ялын өөрчилж дээр нь “хүний аминд халдсан” гэдэг ял нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Хөгшин, эхнэртэйгээ муудалцах тоолондоо хананд өлгөөтэй байдаг буугаа шүүрэн авч эхнэр лүүгээ хий буудаж айлгадаг байж. Энэ нь тэдний хувьд бараг уламжлал болчихсон байсан гэх үү дээ. Хоёр хөгшний мэдүүлснээр буу нь хананд өлгөөтэй байж л байдаг бөгөөд түүнийг хэн ч хэзээ ч цэнэглэж байгаагүй аж.

Тэдний мэдүүлэг үнэн бол америкийн хуулиар “хүний аминд халдсан” гэдэг ялыг бууг нууцаар цэнэглэж тавьсан этгээдэд тулгах нь зүйн хэрэг. Хэн тэр бууг цэнэглэсэн байх уу? Хоёр хөгшний гэрт тэдний хүүгээс өөр хүн чөлөөтэй нэвтрэх боломжгүйг мөрдөгч нар олж мэдээд, хүүгийн найзаас нэгэн сонирхолтой зүйл олж мэдсэн байна.

Эцэг нь эхийг нь буудна гэж байнга сүрдүүлдэг байсныг хоёр хөгшний хүү сайн мэддэг байж. Тэрээр эцгээ дараачийн удаа маргахдаа эхийг нь лав буудан хороож, өөрөө шоронд орно хэмээн “тооцоолж” бууг нь нууцаар цэнэглэсэн байж. Гэвч хоёр хөгшин амар жимэр хэдэн долоон хоног болсонд хүү нь “урам хугарсан” байна.

- Хаана байна тэр өөдгүй этгээд? хэмээн цагдаагийнхан асуусанд хөгшин ихэд гайхсан байдалтай:

- Юу хаана гэж? Яг манай дээр суудаг шүү дээ... гэжээ.

Тийм ээ, цагдаагийнханы хайж байсан хүн бол Роналд Опус байж! Роналд эцгийнхээ бууг цэнэглэсэн байж. Эцэг эх хоёроо зэрэг “зайлуулах” төлөвлөгөө нь нурсанд тэрээр сэтгэлээр унан цонхоор үсэрсэн нь тэр байж. Ингэхдээ зүгээр ч нэг унасангүй... өөрийнхөө суманд өртөж. Эцэгтээ буудуулж. Энэ түүх танд үнэмшилгүй санагдаж байгаа байх, гэхдээ энэ бол баримттай хэрэг юм шүү.

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.