Хүний папиллома вирус умайн хүзүүний хавдар үүсгэдэг үү

Twitter Print
2020 оны 08-р сар 26-нд 17:44 цагт
Мэдээний зураг,

Умайн хүзүүний хавдар нь дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, харин хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд тус тус ордог. Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх “Пап түрхэц”-ийн аргыг Жорж Папаниколау 1941 онд анх нэвтрүүлж, умайн хүзүүний хавдрыг эрт оношлох боломжтой болсноор олон сая эмэгтэйчүүдийн амь насыг аварсан. Умайн хүзүүний хавдар нь бэлгийн замаар дамждаг Хүний Папиллома Вирус (ХПВ)-ын халдвараар үүсгэгддэг тул бэлгийн олон хавьтагчтай байх нь умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Умайн хүзүүний эс судлалын шинжилгээнд ХПВ-ийн халдварыг “койлоцит” гэж нэрлэгддэг өвөрмөц морфологи бүхий эсээр тодорхойлдог.  Энэ эсийг 1949 онд Ayre анх тодорхойлсон бөгөөд үүнээс хорин жилийн дараа койлоцит эс, ХПВ хоёр шууд хамааралтай болохыг эрдэмтэд баталсан байдаг. Койлоцит эсийн доторх  вирусийн хэсгийг ультра бичил бүтэц, иммунохистохими, in-situ hybridization аргуудаар  илрүүлж эсийн энэ өөрчлөлт нь вирусийн шалтгаантай болохыг тогтоосон.

ХПВ-ийн жижиг геном нь 8000 хос сууриас бүрдсэн ДНХ-ийн хос цагираг байдаг. Энэ нь 8 генийг кодолдог бөгөөд эдгээр ген нь “эрт” (early, (E)) эсвэл “хожуу” (late (L)) гэж хуваагдана. Хавтгай хучуур эсийн суурийн давхарт ХПВ халдварлагдсан бол ХПВ-ийн геном хадгалагдаж Е ген экспресслэгддэг.  Хучуур эсийн боловсролт гадаргуу руу чиглэлтэй явагддаг тул вирусийн угсралт,  генийн амплификаци явагдаж,  L1 ба L2 экспресслэгдэж, эцэст нь вирус эсээс чөлөөлөгдөнө. L1 нь вирусийн гол капсид уураг бөгөөд ХПВ-ийн вакцины гол бүрэлдэхүүн хэсэг болдог. E6 болон E7 генийн бүтээгдэхүүн нь умайн хүзүүний онкогенезд хамгийн их ач холбогдолтой.

ХПВ-ийн нөлөөгөөр умайн хүзүүний хэвийн хучуур эсүүд хорт хавдарт шилжихэд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрээс хамгийн чухал нь (1) E6 нь p53-той холбогдсоноор апоптозыг блоклодог, (2) E7 нь ретинобластомагийн хавдар дарангуйлагч уураг (pRB)-тaй холбогдсоноор эсийн мөчлөгийг саатуулж, эсийн хяналтгүй үржлийг нөхцөлдүүлдэг.

ХПВ-ийн 120 гаруй хэлбэр (яг үнэндээ 200 гаруй хэлбэртэй гэж үздэг)-тэй бөгөөд үүний 40 гаруй хэлбэр нь эмэгтэйчүүдийн бэлгийн замаар халдварладаг. Гэвч эдгээрийн цөөнх нь умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог. Бэлгийн замын ХПВ-ийг умайн хүзүүний цөмрөлтөд өмөнтэй хамааралтай эсэхээс хамаарч бага эсвэл их эрсдэлтэй хэлбэр гэж ангилдаг. Бага  эрсдэлтэй ХПВ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэхгүй, бэлгийн замын үү ургацаг байдлаар голдуу илэрдэг бол их эрсдэлтэй ХПВ нь умайн хүзүүний хорт хавдарт хүргэдэг гэж тодорхойлдог.  Ойролцоогоор 15 орчим их эрсдэлтэй хэвшинж умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болж байна.

ХПВ-ийн бага болон их эрсдэлтэй хэв шинж:

  • Бага эрсдэлтэй: 6, 11, 40, 42, 43, 44, 61, 72, 81,

  • Их эрсдэлтэй: 16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 68, 82

ХПВ-ийн 16, 18  дугаар хэвшинж нь их эрсдэлтэй бөгөөд умайн хүзүүний хорт хавдрын үед хамгийн элбэг тодорхойлогддог. Бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдийн ихэнх хувьд нэг эсвэл хэд хэдэн хэвшинжийн ХПВ-ийн халдвар тодорхойлогдож болно. Уг вирус нь умайн хүзүүний шилжвэр бүсэд нөлөөлж эсийг эмгэгшүүлдэг. Серологийн шинжилгээгээр халдварыг бүрэн үнэлж чадахгүй, учир нь халдвар авсан эмэгтэйчүүдийн ердөө 50-60 хувьд нь ХПВ-ийн эсрэгбие эргэлдэж байдаг. Түүнчлэн ХПВ–ийн халдварын цөөн хувь нь хорт хавдарт шилждэг. Эсийн дархлааны урвалын дүнд ХПВ цэвэрлэгддэг ч яаж үйлчилдэг нь одоогоор тодорхой болоогүй байна.

ХПВ-ийн эмнэлзүйн сорил нь ерөнхийдөө их эрсдэлтэй хэвшинжийг илрүүлэхэд зориулагдсан байдаг. Олон янзын молекул биологийн аргууд (hybrid capture, target amplification, invader chemistry)-аар ХПВ-ийн хэвшинжийг илрүүлж болно.

Эх сурвалж: Оношмед

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.