Талибууд эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаална гэж амлав

Twitter Print
2021 оны 08-р сар 18-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Афганистан улсын төрийн эрхэнд гарсан Талибан хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг Забихулла Мужахид Талибан хөдөлгөөн эмэгтэйчүүдийн эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаална хэмээн тус хөдөлгөөний анхны хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр "Бид эмэгтэйчүүдэд сурахыг, ажил хийхийг зөвшөөрнө. Эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй гишүүн байх болно. Гэхдээ энэ нь мэдээж Исламын шашны хүрээнд байх болно" гэжээ. Олон жилийн турш гадаадын орноос Талибан хөдөлгөөнийг удирдаж байсан Забихулла Мужахидын мэдэгдсэнээр Талибан хөдөлгөөн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахгүй ба эмэгтэйчүүдэд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломжийг олгох аж.

Талибан хөдөлгөөний байгуулах засгийн газар өмнөх засгийн газраас юугаараа ялгаатай байх вэ гэсэн асуултанд Талибан хөдөлгөөн өнгөрсөн он жилүүдэд өөрчлөгдөж, 20 жилийн өмнө нь авч байсан арга хэмжээнүүдээ дахин давтахгүй гэдгийг онцолжээ.

Түүнээс гадна Забихулла Мужахидын мэдээлснээр Талибан хөдөлгөөн хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрхийг хамгаалахыг зорьж байгаа ба хэвлэл мэдээллийн хувийн байгууллагууд үйл ажиллагаагаа чөлөөтэй бөгөөд бусдаас хараат бус явуулж болох аж.

Талибан хөдөлгөөнд өмнөх засгийн газарт ажиллаж байсан, гадаадын болон Афганистаны армитай хамтран ажиллаж байсан иргэдийг шийтгэх төлөвлөгөө байхгүй гэдгийг онцолжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Талибан хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Мулла Абдул Гани Барадар Катарын Доха хотоос Афганистаны Кандагар хотод эргэн иржээ.

Тэрээр Доха хотод АНУ болон бусад улс орнуудтай гэрээ хэлэлцээр хийн олон сарыг өнгөрүүлсэн аж. Талибан хөдөлгөөн нь анх Кандагар хотод үүсэн байгуулагдсан ба тус хөдөлгөөн анх төрийн эрхэнд гарахдаа Кандагар хотыг нийслэлээ болгож байсан билээ.

Эх сурвалж: aljazeera.com/news/2021/8/17/taliban-says-will-respect-womens-rights-press-freedom

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.