Монгол Улсад генерал цол бий болсны 78 жилийн ойн өдөр тохиож байна

Twitter Print
2022 оны 04-р сар 28-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг  “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 77 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Генерал гэдэг цэргийн цол дэлхийн бүх улс орны цэрэг армид байдаг бөгөөд энэ эрхэм дээд цолыг удирдагч жанжидтай зүйрлүүлдэг. Тиймдээ ч генералууд маань цэрэг армийн гол тулгуур багана, эр цэргийн бахархал, үлгэр дуурайлал болсон хүмүүс юм. Монгол генералуудын хувьд бүгд байлдагчаас эхлэн эх орныхоо уудам газар нутаг, хил хязгаарт, хаа сайгүй явж цэргийн бүхий л албан тушаалыг дамжин амаргүй атлаа бахархалтай замыг туулж энэ цолыг хүртсэн байдаг нь бахархууштай. Тиймдээ “байлдагчийн халаасанд генералын мөрдөс” хэмээн ярьдаг нь яахын аргагүй үнэн юм.

МАХЦ-т 1944 онд шинээр нэвтэрсэн цэргийн дээд цол нь генерал цол бөгөөд эл цолыг эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгох журам гаргаж, БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 9 хүнд хошууч генерал, бүгд 11 хүнд анх удаа генерал цол олгосноос хойш энэ эрхэм хүндтэй цолыг нийтдээ 186 хүн хүрсэн.

Монгол Улсын генералууд нь Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг 8 байгууллагаас төрөн гарсан түүхтэй.

Мөн генералуудаас улс орондоо манлайлан гарч ирсэн Монгол Улсын баатар 6, Хөдөлмөрийн баатар 3, дайн, байлдаанд оролцсон 34, гавьяат цолтон 11, сансрын нисгэгч 1, эрдмийн зэрэг цолтон 38 төрөн гарсан байдаг.

Хот, аймгуудаар нь авч үзвэл Улаанбаатар хотоос 21, Завхан аймгаас 20, Говь-Алтай аймгаас 18, Архангай аймгаас 17, Төв аймгаас 11, Увс аймгаас 10, Ховд аймгаас 10, Дорнод аймгаас 9, Өвөрхангай аймгаас 9, Сэлэнгэ аймгаас 9, Булган аймгаас 7, Өмнөговь аймгаас 7, Хөвсгөл аймгаас 7, Баянхонгор аймгаас 6, Сүхбаатар аймгаас 6, Дорноговь аймгаас 4, Хэнтий аймгаас 4, Дархан аймгаас 3, Дундговь аймгаас 3, Баян-Өлгий аймгаас 1 генерал цолтон тодорчээ.

Алтан мөрдөст генерал цолтнууд анхдагчууд олонтой. Анхны 11 генерал цолтнууд гэхэд салбар салбартаа анхдагчууд төдийгүй XX зуунд Монгол Улсын оролцсон хоёр дайнд цэрэг армиа командлах, дайны ар тал болон бүхий л үйл ажиллагааг зохион байгуулах, Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээ зориулж явсан алдартанууд билээ.

Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбал 28 насандаа дэслэгч генерал болсноороо түүхэн дэх хамгийн залуу генералд тооцогддог төдийгүй армийн Улс төрийн газрын анхны генералын нэг байв.

“Залуу жанжин” хурандаа генерал Ж.Лхагвасүрэн 1939 оны Халхын голын байлдаанд 27 настайдаа МАХЦ-ийн орлогч командлагч, 1945 оны Чөлөөлөх дайнд МАХЦ-ийг хариуцсан орлогч байсан төдийгүй цорын ганц ихэр генерал байсан ба түүний нөгөө ихэр нь хурандаа Ж.Зундуй хэмээх хүн байжээ.

Армийн генерал Б.Дорж Баруун хилийн дэвсэгт тулгаралтын үеэр корпус командласан ажиллсан ба 1956-1959, 1969-1978 онд БХЯ-ны сайдаар ажиллаж байсан нь хамгийн олон жил /12 жил/ БХЯ-ны сайдаар ажилласан генерал юм.

Хурандаа генерал С.Равдан 1938-1939 онд Улаан од сонины эрхлэгчээр ажиллахдаа Халхын голын байлдаанд “Эх орны төлөө” фронтын 80 дугаар сонин эрхлэн гаргасан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон монголын анхны дипломатчдын нэг байсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Анхдагчуудаас С.Балдан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдын цэргийн хэрэг эрхэлсэн орлогч, Д.Дамдинхүү МАХЦ-ийн Жанжин Штабын хэлтсийн дарга, Г.Дагдан Офицерын сургуулийн захирал, Б.Шагдаржав БНМАУ-ыг ДЯЯ-ны сайд буюу Улсыг Аюулаас хамгаалах, Г.Рэндоо Бүх цэргийн их бууны газрын дарга, М.Зайсанов Нисэх дивизийн дарга, Р.Осор Бүх цэргийн бэлтгэлийн газрын дарга буюу аж ахуйн албаны гэх зэргээр анхны хошууч генерал цолыг хүртэж байсан түүхтэй алдартанууд билээ.

Мөн генералуудын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон тохиолдол ганцхан хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий билээ.

Хамгийн залуу генерал нь 45 настай, ХХЕГ-ын дарга бөгөөд Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан бригадын генерал Ж.Бямбасүрэн юм.

Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 78 жилийн ойг тохиолдуулан ажил үүргээ амжилттай гүйцэтгэж яваа генералууд болон эх орныхоо тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулж, улс эх орондоо хүчээ өгсөн “Алтан мөрдөстөн”-үүддээ эрүүл энх, ажил үйлс гэгээн, тэгш байг гэж ерөөе.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.