Хүслийн шидэт дэвтэр

Twitter Print
2023 оны 01-р сар 20-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

ХҮСЛИЙН ШИДЭТ ДЭВТЭР

Хүсэл мөрөөдөлдөө хүндэтгэлтэй бөгөөд хайр гамтай хандах хэрэгтэйг юуны өмнө сануулъя. Тийм болохоор жижиг том хэмжээтэй өөр өөр цаас нь хүсэл бичихэд тохирохгүй. Та бичиг хэргийн дэлгүүр орж, өөртөө хамгийн гоё тэмдэглэлийн дэвтэр (он саргүй) сонгож ав. Төмөр нуруутай зузаан дэвтэр эвтэйхэн байдаг. Нурууг нь дэлгэн хуудас нэмж эсвэл хасаж болдог давуу талтай.

Таны сонгож авах дэвтэр харахад үзэмжтэй, хатуу хавтастай бөгөөд хэмжээний хувьд А4 цааснаас багагүй байвал сайн. Өөрөөр хэлбэл дотор нь юм тэмдэглэхэд эвтэйхэн, гарт барихад таатай байх ёстой.

Та хүслийнхээ оронд өөрийгөө тавьж, ийм дэвтэрт “орших” нь танд таалагдах болов уу гээд төсөөлөөд үз. Та ганц удаа хэрэглээд хаях зүйл биш, харин Хүслийн шидэт дэвтэр авч байгаа гэдгээ бүү мартаарай. Таны хүсэл мөрөөдөл тухлаг, сайхан газар “орших” учиртайг санан өөрөөсөө бүү нарийлаарай. Хүсэл бичиж тэмдэглэхэд он сартай дэвтэр тохиромжгүй юм билээ шүү...

Хүслийн дэвтрээ сонгоод авчихлаа. Одоо яах вэ?

Одоо л хамгийн сонирхолтой хэсэг эхэлнэ. Хүслийн дэвтрээ бушуухан дүүргэх гэж бүү яараарай. Хүслийн дэвтэрт хүслээ бичнэ гэдэг ариун ёслол адил. Гарт чинь таны хувь тавилангийн ном байх агаад дотор нь хөтлөх тэмдэглэл бүр амьдралыг чинь орвонгоор нь (мэдээж сайн тал руу) эргүүлнэ гээд төсөөлөөд үз. Ийн төсөөлснөөр Хүслийн дэвтэрт хүслээ бичиж үлдээх тэр агшин ямар чухал, ямар нандин болохыг та ойлгоно байх.

Хүслээ тэмдэглэхэд хэдэн орой, эсвэл амралтын өдрүүдээ зориулаарай. Та хаашаа ч яарах ёсгүй. Нэг үдшийн дотор дэвтрээ дүүргэх гэсний хэрэггүй. Та ямар гэрийн даалгавар хийж байгаа биш...

Хүслийн дэвтэрт юу бичих вэ?

Орон байр эсвэл машин тэрэгтэй болмоор байна г.м. том хүслүүдээ юу? Үгүй ээ! Ямар ч хүсэл байж болно. Зарим нь тухайн сар эсвэл долоо хоногт хамаарах бол зарим нь тухайн жил эсвэл ирэх жил... эсвэл бүр 2-3 жилийн дараа биелэх хүсэл байж болох юм. Хүслийн дэвтрээ эдгээр дөрвөн цаг үед хуваах нь их зүгээр. Өөрөөр хэлбэл 2023 онд хамаарах бүх хүслүүд чинь нэг дор байна гэсэн үг. Хүслийн дэвтэр хөтлөөд эхлэнгүүт ямар нэгэн тэмдэглэл нэмж оруулах хэрэг гардаг. Тийм болохоор л буруу зөрүү бичсэн хуудсыг авч хаях, эсвэл шинээр хуудас нэмж хийхэд нээж/хааж болдог нуруутай дэвтэр нэн тохиромжтой байдаг юм. Дэвтэртээ жижиг хүслүүдээ бичихээс бүү зовоорой. Хорвоо ертөнц танд тэдгээр хүслүүдээ биелүүлэхэд чинь дуртайяа туслах болно.

Мэдээж хэрэг, Хүслийн шидэт дэвтрээ та тоос шороотой тавиур дээр мартаад орхичхож болохгүй. Дэвтрээ өдөр бүр нээж, бичиж тэмдэглэсэн хүслүүдээ эргэн харж, тэдгээр хүсэл биелэхэд танд ямар сайхан мэдрэмж төрөхийг дахин дахин төсөөлж байвал сайн. Тиймээс дэвтрээ аль болох гар дор, жишээ нь орныхоо дэргэдэх шүүгээнд, байлгаж байгаарай.

Хүслийн шидэт дэвтрээ байнга эргэн харж, түүнийгээ шинэ, илүү том, илүү зоригтой хүслүүдээр баяжуулж байгаарай. Ингэхдээ орчлон хорвоод хүсэл мөрөөдлийг чинь биелэхэд ямагт тусалдагт нь талархаж байхаа мартуузай.

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.