Бусдыг ойлгодог сэтгэлтэй болоход нь анхаараарай

Twitter Print
2021 оны 12-р сар 24-нд 08:35 цагт
Мэдээний зураг,

“БУСДЫГ МУУЛЖ БОЛОХГҮЙ” ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ БУСДЫГ ОЙЛГОДОГ СЭТГЭЛТЭЙ БОЛОХОД НЬ АНХААРААРАЙ

Хүүхдүүд бие биенээ ямар нэг онцлогоор нь гоочлох, шоолох цаашлаад муу хэлэх (тэнэг, бүдүүн, ядуу, өнчин г.м) үед ээж аавууд “Бусдыг муулж болохгүй” гэж сануулах, анхааруулаад л орхих нь олонтаа. Мэдээж энэ нь зөв алхам ч гэсэн, ийм нөхцөл байдалд болж өгвөл дараах байдлаар үзэл бодлоо илэрхийлж, хуваалцаж байгаарай:

“Чи ийм зүйл ярьж байгаа нь ээжид /аавд/ нь таалагдахгүй байна”

“Хэрэв чи өөрөө ийм зүйл сонсвол ямар байх вэ?”

“Тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад жоохон ч гэсэн бодоод үз”

Эмзэглэх, магадгүй маш том сэтгэлийн шарх ч авч мэдэх юм...

“Өөртөө тохиолдохыг хүсдэггүй зүйлийг бусдад хийж болохгүй гэж бодох ёстой” гэдгийг сайн ухамсарлуулан санал бодлоо хуваалцан ярилцаж байгаарай. Загнаж, зааварлах биш ЯРИЛЦАХ шүү.

Өөрөөр хэлбэл “Болохгүй” гэж анхааруулга өгөөд зогсоочих, хийхгүй болгочих зүйл биш, нөгөө хүний нөхцөл байдалд өөрийгөө тавьж бодох ухааныг хүүхдэдээ өгөхийг хичээгээрэй. Тэгж чадвал та түүнд маш том өв хөрөнгө үлдээлээ гэсэн үг. Хүүхэд тань онц дүн авч, тэмцээн уралдаанд ялахаас ч илүүтэй, хүний хувьд эзэмших ёстой маш чухал чанар нь.

Аливааг шоолж, муулж байгаа нь хүүхдийн буруу биш. Хүүхэд бүхэнд ер нь өөрийгөө гол дүр хэмээн бодож хорвоо зөвхөн өөрийг нь л тойрон эргэдэг мэтээр санаж өөрөө л хөгжилтэй байвал болно гэсэн бодлоор бусдыг дооглох хэсэг үе байдаг.

Тийм ч учраас энэ л үед нь огт тоохгүй орхих эсвэл “Сайн, муу” гэсэн үнэлэмж, “Болно, болохгүй” гэдэг хязгаар “Мундаг юм аа” гэж магтахаас илүүтэй “Чи тийм зүйл хийх юм бол ээжид нь муухай байх болно”, “Тийм зүйл хийсэн болохоор ээж нь баяртай байна” гэж аав ээж та өөрийн сэтгэл санаа, мэдрэмжийг илэрхийлэн ярилцаж байх нь хүүхдийг бусдыг ойлгох чадварт суралцуулж байдаг.

Мөн аав ээж та хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг хэзээ ч бүү буруу хэлж байгаарай.

Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн захирал)

Б. Мягмарсүрэн (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн сэтгэл судлаач)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.