
АНУ-ын баруун өмнөд хэсэгт амьдарч буй сая сая иргэдийг цэвэр усаар хангадаг Мид хиймэл нуур нь усны хомсдолд орсон хэмээн АНУ-ын засгийн газраас мэдэгджээ.
Колорадо гол дээр баригдсан АНУ-ын цэвэр усны хамгийн том нөөц болох Мид хиймэл нуурын ус хурдацтайгаар ширгэж байгаатай холбогдуулан зарим мужуудын усны хэрэглээг хязгаарлахаар болжээ.
1930-аад онд баригдсанаасаа хойш Мид хиймэл нуурын усны түвшин анх удаагаа хамгийн доод түвшиндээ хүрсэн аж. Колорадо гол нь АНУ болон Мексикийн 40 сая орчим хүнийг цэвэр усаар хангадаг ба Невада мужийн Лас Вегас хотын ойролцоо баригдсан Мид хиймэл нуур нь Аризона, Невада, Калифорни мужууд болон Мексик улсын зарим бүс нутгийг цэвэр усаар хангадаг юм.
Албаны хүмүүс нуурын ус ширгэж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн үзэж байгаа ба өнгөрсөн даваа гарагт зарим мужуудын усны хэрэглээнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргажээ.
Ирэх жилийн 1-р сараас эхлэн Аризона мужид цэвэр усны хязгаарлалт тогтоох бол мөн адил ирэх жилээс Невада мужийн усны хэрэглээг бууруулахаар болсон байна. Түүнээс гадна Мид нуурын усны түвшин буурсаар байвал цаашид нэмж хязгаарлалтууд тогтооно хэмээн албаны хүмүүс онцолжээ.
АНУ-ын баруун бүс нутгуудын дийлэнх нь сүүлийн жилүүдэд гантай байгаа ба НҮБ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар ирэх жилүүдэд дэлхий даяар ган гачигийн давтамж нэмэгдэж, илүү хор уршигтай болох аж. Өмнө нь ган гачиг нь 10 жилдээ нэг удаа тохиодог байсан бол одоо давтамж нь 70 хувиар нэмэгджээ.
Ган гачиг нь ганцхан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тохиодоггүй ч халуун агаар дэлхийн гадаргын чийгийг илүү их татаж, ган гачиг удаан үргэлжлэх нөхцлыг бүрдүүлдэг байна.
Дэлхийн агаарын дундаж хэм Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш Цельсийн 1.2 хэмээр хэдийн нэмэгдээд байгаа ба улс орнууд хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ яаралтай авахгүй бол агаарын хэм цаашид тасралтгүй нэмэгдсээр байна гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа билээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.