Тааварчин гурав /Монгол ардын үлгэр/

Twitter Print
2021 оны 08-р сар 18-нд 17:06 цагт
Мэдээний зураг,

Урьд цагт өнчин гурван хүүхэд байжээ. Ганц тугалтай үнээтэй юм гэнэ. Үнээний гурван хөхийг гурван хүүхэд нэг хөхийг тугал хөхөж амьдардаг байв. Нэгэн өдөр үнээ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. Хоёр өдөр хүлээж гэнэ. Гурван хүүхэд үнээгээ эрж ноёныдоо очиж гэнэ. Ноён тэр гуравт үхрийн дал чанаж өгч гэнэ.

Гурван хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэжээ. Дундах нь: Үнээний дал байна гэжээ. Бага нь: Манай үнээний дал байна гэжээ. Ноён: -Энэ далыг өөрийн үнээний дал гэж яаж мэдэв гэхэд тэд: тааварлаж мэдэв гэв. Ноён: -Та нар юм таахдаа хэцүү юу? гэвэл бид таахдаа таадаг гэв.

Ноён хэлрүүн:

-Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад

-Одоо орж ир гэжээ. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь:

-Дэд захын аяганд юу байгаа вэ? Ахмад хөвгүүн хэлэв.:

-Бөв бөөрөнхий юм байна гэжээ. Дунд хүү нь:

Шав шар юм байна гэжээ.Бага хөвгүүн:

-Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй юм бол богширгоны өндөг бизээ гэжээ. Хаан аваад үзсэн чинь богширгоны өндөг байжээ.

-За одоо дунд аяганд юу бий вэ? гэжээ. Ахмад хөвгүүн: Ув улаан юм байна гэв. Дунд хөвгүүн:-Их амттай юм байна гэжээ. Бага хөвгүүн:

Ув улаан, ав амттай юм бол чавга биз ээ гэсэн чинь бас таачихжээ.

-Адгийн шаазанд ямар юм байна гэжээ. Ахмад хөвгүүн:

-Дугираг хэлбэртэй юм байна гэжээ. Дунд хөвгүүн:

-Дундаа дөрвөлжин нүхтэй юм байна гэжээ. Бага хөвгүүн:

Дүгрэг болоод дундаа дөрвөлжин нүхтэй гуулин зоос биз ээ гэжээ. Гурван аяганы доторхийг таачихжээ.Ноён тэгтэл гурван хөвгүүнийг хүндлэх гэж хонь гаргаж, гүү сааж, гэр бариулж найр хийв. Ноён зарцдаа өгүүлрүүн:Энэ гурав юу ярихыг сонсоод ир гэж явуулжээ. Зарц сонсож байтал:

-Айраг нь айраг юм. Хүний цустай айраг юм. Мах нь ч мах юм байна. Гэхдээ нохойн мах юм гэж ээ. Ноён нь ч ноён юм хятадын хүү юм гэжээ.

Түүнийг зарц нь сонсоод ноёндоо айлтгав. Ноён уурлаж хоньчиндоо очиж чи надад нохойн мах өгөв гэжээ. Үгүй тэр хурга байхдаа өнчрөөд нохойн хөх хөхөж өссөн билээ гэв. Ноён адуучиндаа очоод: Чи надад айрагны оронд хүний цус өгөв үү гэжээ.Адуучин би морь уургалж байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь: -Би ямар хүний үр вэ? гэжээ. Эх нь жинхэнэ эцэг чинь хятад хүн байсан гэхэд ноён урам нь хугарч гурван хүүхдийн үнээг хулгайлж идсэнээ хүлээжээ. Тэгээд гурван хүүхдийн ахыг нь ноён болгож хоёр дүүг нь түшмэл болгож өөрөө сул иргэн болсон юмсанжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.