
Японы Накано хотод зэвсэгт этгээдийн халдлагын улмаас 4 хүн амь үрэгджээ. Сэжигтэн 1 эмэгтэйг хутгалж, цагдаагийн 2 ажилтанг ангийн буугаар буудан хөнөөсөн ба сүүлд дахин нэг хүний аминд хүрсэн нь тогтоогджээ.
Цагдаа нар тус хэргийг үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа ба түүнийг 31 настай Масанори Аоки болохыг тогтоосон байна.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар хохирогч эмэгтэйн араас хөөн гүйж байсан сэжигтэн гартаа 30 орчим см урттай хутга атгасан байжээ.
Сэжигтэн Нагано хотын зөвлөлийн даргын хүү хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.
Тэрээр цагдаа нарт баригдахаасаа өмнө аавынхаа гэрт хэдэн цагийн турш нуугджээ.
Уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Япон улсад галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг маш ховор гардаг ба өнгөрсөн оны 7-р сард Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг гэрийн нөхцөлд угсарсан гар буугаар буудан хөнөөсөн хэрэг гарсан нь Японы ард иргэдийг цочирдуулсан билээ.
2014 онд л гэхэд Японд галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 6 хүн амь үрэгдсэн бол тухайн онд АНУ-д галт зэвсгийн улмаас 33 599 хүн амь үрэгджээ.
Япон улсад галт зэвсэг худалдан авах гэж байгаа хүнд маш өндөр, хатуу шаардлага тавихаас гадна тухайн хүн сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулах ёстой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.