Пакистанд иргэдийг цай бага уухыг уриалжээ

Twitter Print
2022 оны 06-р сар 15-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Пакистаны эрх баригчид эдийн засгийн хямралд өртөхөөс сэргийлж цай бага уухыг ард иргэддээ уриалжээ. Цай бага ууснаар тус улсын импортонд зарцуулдаг мөнгөний хэмжээ бага атугай ч буурна хэмээн Пакистаны Үндэсний ассамблейн гишүүн Ахсан Икбал онцолжээ.

Пакистаны гадаад валютын нөөц нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ 2 хүрэхгүй сар импортлох л нөөцтэй үлдэж, эдийн засаг нь уналтанд орох эрсдэл үүсжээ.

Пакистан улс цайны хамгийн том импортлогч орон бөгөөд өнгөрсөн жил л гэхэд зөвхөн цайнд 600 сая гаруй ам. долларыг зарцуулжээ.

Пакистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр Ахсан Икбал, "Манай улс цайг зээлээр импортлодог учраас ард иргэдээсээ цайны хэрэглээгээ ганц эсвэл хоёр аягаар багасгахыг уриалж байна." хэмээн мэдэгдсэнээс гадна цахилгаан эрчим хүчээ хэмнэхийн тулд худалдаа эрхлэгчид оройны 8 цаг 30 минут гэхэд лангуугаа хаавал тохиромжтой гэжээ.

Пакистаны гадаад валютын нөөц тасралтгүй багассаар байгаагаас болж Пакистаны засгийн газар импортын зарцуулалтаа бууруулахаас өөр аргагүйд хүрсэн аж.

Нийгмийн сүлжээнд иргэд цайны хэрэглээгээ багасгах нь Пакистаны эдийн засагт нүүрлээд буй ноцтой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсээр байна.

Пакистаны гадаад валютын нөөц өнгөрсөн 2 сард 16 тэрбум ам. доллар байсан бол энэ сарын эхний 7 хоногийн байдлаар 10 тэрбум ам. доллар болтлоо буурчээ. Өнгөрсөн сард Карачи хотын удирдлагууд хэмнэлт хийх зорилгоор 10 гаруй төрлийн тансаг бараа бүтээгдээхүүний импортыг хориглосон аж.

Пакистаны эдийн засагт тулгараад буй уг асуудал өнгөрсөн 4-р сард Пакистаны Ерөнхий сайдаар томилогдсон Шэхбаз Шарифын засгийн газрын хувьд томоохон сорил болоод байна.

Шэхбар Шариф өмнөх Ерөнхий сайд Имран Ханы засгийн газрын буруу менежментийн улмаас Пакистаны эдийн засаг уналтанд орсон хэмээн шүүмжилж, нөхцөл байдлыг сайжруулахад асар их хичээл зүтгэл шаардлагатайг онцолжээ.

Өнгөрсөн 7 хоногт Пакистаны засгийн газар 47 тэрбум ам. долларын төсөв танилцуулсан ба энэ нь гацаанд орсон Олон Улсын Валютын сангаас Пакистанд 6 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх төслийг дахин эхлүүлэх оролдлого аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.