Улсын эмнэлэгүүдэд бөөрний архаг дутагдлыг эмчилдэг аппаратуудыг суурилуулж байна

Twitter Print
2014 оны 09-р сар 05-нд 09:52 цагт
Мэдээний зураг,

Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлэгүүдэд хүрэлцээгүй байдгаас өвчтэй хүмүүс хувийн эмнэлэгт дээрх эмчилгээг хийлгэх болжээ.

“Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250-320 мянган төгрөгийн төлбөртэй. Энэ нь иргэдэд хүнд хүндээр тусч байгаа бөгөөд цаашид ийм төлбөр төлж эмчлүүлэх боломжгүй боллоо” хэмээн хэсэг өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэн Эрүүл мэндийн яаманд ханджээ. 

Иргэдтэй Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал уулзлаа. Тэрбээр, гемодиализийн аппарат нэн шаардлагатай байгаа эмнэлэгүүдэд одоогоор 30 ширхэг аппарат суурилуулж байна.

Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлэгт тус бүр дөрвийг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Сүхбаатар, Дархан-Уул, Булган, Говь-Алтай, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд тус бүр хоёрыг, Дорноговь аймаг, Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тус бүр нэгийг хуваарилсан. Дээрх аппаратуудыг удахгүй ашиглалтад оруулж, бөөрний архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээ хийлгэх ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулна гэж мэдээллээ. 

Мөн 2015 оны улсын төсвийн саналд гемодиализийн аппарат худалдан авахад 4 тэрбум төгрөг шаардлагатай хэмээн саналаа хүргүүлснийг уламжлав.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.