Агаар худалдах аргад Нобелийн эдийн засгийн шагнал олгов

Twitter Print
2020 оны 10-р сар 14-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

2020 оны Нобелийн эдийн засгийн шагналыг радио давтамжийг үүрэн холбоо, телевиз, сансрын холбооны компаниудад хэрхэн дуудлага худалдаагаар хуваарилах аргыг олсон эдийн засагчид хүртэв. Ингээд л болоо юу, энд юу нь сүртэй нээлт байна гэж бодож байгаа бол бяцхан түүх хүүрнэе.

Цахилгаан соронзон спектрум буюу энгийнээр радио давтамж бол алт, зэсийн уурхайтай адил хязгаарлагдмал байгалийн баялаг. Давтамжийн тодорхой блокуудад хувааж харилцаа холбоо, агаарын тээвэр, сансрын холбоо, телевиз, радиогийн компаниуд харилцан давхцахгүйгээр ашиглах ёстой. Эдгээр зорилгоос хамаарч давтамжийн зурвас бүр өөр үнэ цэнтэй. Тиймээс манай ХХЗХ-той адил зохицуулагч агентлагууд оролцож хуваарилдаг.

1993 оныг хүртэл Америкт сугалаагаар эсвэл “миссийн тэмцээн” гэж нэрлэгддэг харьцуулан сонгон шалгаруулах замаар давтамжийг хуваарилж байсан нь ихээхэн субьектив бөгөөд албан тушаалтны нөлөө их, хязгаарлагдмал нөөцийн бодит үнэ цэнийг тогтоох талдаа үр ашиггүй байв. Тиймээс Харилцаа Холбооны Хорооноос Стэнфордын их сургуулийн эдийн засгийн профессор Пол Милгром, Роберт Уилсон нараас тусламж хүсчээ. Милгром нь тоглоомын онол, түүн дотроо мэдээллийн өөр өөр орчинд оролцогчид хэрхэн үнэ хаялцдаг болохыг судалдаг Аукционы онолоор мэргэшсэн бол Уилсон нь бизнесийн эдийн засаг болон тоглоомын онолын судлаач байв.

Тэд Simultaneous Multiple Round Auction гэх аргыг зохиож хамгийн тохирох дуудлага худалдааны арга болохыг онол, практкийн хувьд баталсан байдаг. Энэ аргаар үнэ цэн нь нэгнээсээ хамааралтай давтамжийн блокуудыг нэгэн зэрэг багцаар нь дуудлага худалдаанд оруулж аль нэг блок дээр ахиу санал ирэхгүй болтол үе шаттайгаар үргэлжлүүлдэг. Ингэснээр оролцогчдын дундах мэдээллийн тэгш бус байдал багасна, давтамж тус бүрийг хамгийн өндөр үнээр зарах боломжтойн зэрэгцээ битүүжилсэн дуудлага худалдааны үеэр гардаг “Ялагчийн хараал” гэх мэт эрсдлээс сэргийлнэ, хамгийн гол нь хязгаарлагдмал баялгийн хамгийн үр ашигтай бөгөөд шударга (субьектив бус) зарчмаар хуваарилж болохыг Милгром, Уилсон нар баталжээ.

Энгийн мэт энэхүү ололт нь микро эдийн засгийн онол, түүн дотроо өөр өөр нөхцөлд оролцогч талуудын үйл хөдлөл, харилцан нөлөөллийг судалдаг тоглоомын онол болон бизнесийн эдийн засаг, улс төрийн эдийн засагт өргөн хэрэглэгддэг нээлт болжээ.

А.Батпүрэв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.