
Украины Северодонецк хотод гацсан мянга мянган иргэдийн ус, хүнс шавхагдаж байгааг НҮБ-аас анхааруулжээ. Гацсан иргэдийн зарим нь Азот химийн үйлдвэрийн доор нуувчинд хорогдож байгаа ба хотоос гарах үлдсэн ганц гүүрийг энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн устгаснаас болж тус хотод 12 мянган иргэн гацжээ.
Северодонецк хотыг эзлэх нь ОХУ-ын зэвсэгт хүчнийхний гол зорилго болоод байгаа ба өнөөдрийн байдлаар оросууд хотын ихэнх хэсгийг хяналтандаа авчээ. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан албаны төлөөлөгч Савиано Абро BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, "Усны хомстол үүсч, эрүүл ахуйн нөхцөл байдал муудсан нь маш том асуудал юм.
Хүмүүс усгүйгээр удаан амьдрах боломжгүй тийм ч учраас бидний сэтгэл маш ихээр зовниж байна." гэжээ. Түүний хэлж байгаагар иргэдийн хүнс болон эм тарианы нөөц ч мөн дуусаж байгаа аж.
НҮБ Северодонецк хотод гацсан иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зорьж байгаа ч хотод тулаан үргэлжилсээр байгаагаас болж тусламж тус хотод гацсан эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшин настай хүмүүст аюулгүй хүрч чадах үгүйд баталгаа өгөх аргагүй байгаа гэжээ.
Оросын талаас хүмүүнлэгийн гарц нээж, Азот химийн үйлдвэрт байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгоно гэж амласан ч өнөөдрийн байдлаар иргэдийг Оросын хяналтанд байгаа бүс нутаг руу шилжүүлэх тухайд тодорхой шийд гараагүй байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.