Дээрхийн гэгээнтэн сэнтийгээ орхих болсоноо мэдэгджээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 15:02 цагт
Мэдээний зураг,

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сэнтийгээ орхиж, бурханы шашны оройн дээд тэргүүн байх 500 жилийн түүхэн уламжлалыг хурааж байгаа тухай Германы Welt am Sonntag сонин өчигдөр онцлон тэмдэглэсэн байна. Тус хэвлэлд мэдээлсэнээр «Далай ламын хүрээлэн улс төрийн хүчний нөлөөгөөр цаашид оршин тогтнохоо болилоо. Өнөөдөр энэ хүрээлэн нэгэнт байхгүй болсон учраас шашны өндөр дээд хэргэм зэргээсээ татгалзаж байгаа тухайгаа Далай лам мэдэгдсэнээр таван зуун жилийн түүхтэй эртний уламжлал төгсгөл болжээ».

Дээрхийн гэгээнтэн мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ОХУ-д нүүрлэсэн өнөөгийн хямралыг хөндөж «Тусгаарлагдана гэдэг Орос оронд амиа хорлохтой адил асуудал», Энэ хямралын эх үндэс нь тус улсын ерөнхийлөгчийн довоо борлуулж, амин хувиа бодсон үзэлтэй холбоотой. Харин энэ үед Хятад улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй илүү идэвхтэй хамтрахыг зорьж тэмүүлж байна, гэтэл Орос улс эсрэгээрээ үүд хаалгаа хаахыг чармайж байна гэснийг Die Welt сонин мөн тэмдэглэсэн байна.

Далай лам мөн үүнээс гадна Хятадын өөрчлөлт шинэчлэлт болоод Владимир Путины улс төрийн бодлогоор өөрийн санаа бодлыг илэрхийлсэний дээр хэзээ нэгэн цагт эх нутагтаа хөл тавих завшаан олдоно гэдэгт найдаж байгаагаа өгүүлсэн байна. Түүний үзэж байгаагаар Хятад улс цаашид дэлхий нийтээс тусгаарлагдахыг хүсэхгүй, харин ч ардчилсан нийгэмд хүрэх арга зам олох ёстой аж. Хятад улс дэлхийн улс төрийн бодлогод илүүтэй анхаарал хандуулж, харин «Дэлхийн хамтын нийгэмлэг Хятад улсыг ардчилсан замд хандуулахад дэмжлэг өгсөнөөр тус улс хүний эрхийн хэм хэмжээг баримталж, үг хэлэх эрх чөлөөг хангасан төрийн зохион байгуулалттай болох учиртай. Интеграци хөгжил дэвшил гэдэг сайн зүйл, Төвдөд энэ нь мөн ач тусаа өгөх болно» гэж тэрээр өгүүлсэн байна.

Харин Оросын ерөнхийлөгч Владимир Путины тухайд «Ноён Путин эхлээд ерөнхийлөгч байлаа, дараа нь ерөнхий сайд, эцэст нь дахиад ерөнхийлөгч болсон. Энэ арай хэтэрч байна. Түүний байр суурь хэт хувиа хичээсэн, зөвхөн би, би, би!» Үүнээс л бүх хямралын эх үндэс тавигдаж байна гэснийг Die Welt сонин онцолжээ.

Далай лам энэ зэрэгцээ, «Берлины хана нуран унасан үйл явдал бидэнд өнөөдөр дасал болж. Гэтэл өнөөдөр ерөнхийлөгч Путин энэ ханыг дахин босгохоор чармайж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Чухам энэ нь улс орондоо сүйрэл авчрах шалтгаан болно. Орос улс дэлхий дахинаас тусгаарлагдана гэдэг амиа хорлосонтой адил» хэмээн тэрээр Германы хэвлэлд ярилцлага өгөхдөө өгүүлсэн аж.

www.mongolcom.mn: Германы хэвлэлд гарсан уг мэдээлэл үнэн зөв эсэх нь одоогоор хараахан тодорхойгүй. Тухайлан Далай ламын хүрээлэн үйл ажиллагаагаа зогсоосон гэх асуудал тун эргэлзээтэй. Дээрхийн гэгээнтэн мэдээж нутаг усандаа очино гэдэгт найдаж байгаа, бүр Хятадтай “найрамдалт” үйл ажилагаа явуулж ч болох... Харин Далай Ламын албан ёсны цахим хуудсан дээр энэ тухай мэдээлэл тавигдаагүй байгаа бөгөөд зөвхөн наймдугаар сарын сүүлээр Германы Гамбург хотод ном айлдсан тухай мэдээлэл хамгийн сүүлд гарчээ.

Тиймээс энэ үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг харж байя! Магадгүй Хятадын төрийн тэргүүний Монгол улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор Дээрхийн гэгээнтнийг Монголчууд хүлээж авч чадаагүй, дэлхийн улс орнууд сүүлд Буддын шашны тэргүүнд нэвтрэх эрх олгохоос (ӨАБНУ саяхан түүнд виз олгохоос татгалзсан) зайлсхийх болсон аргагүй нөхцөл байдал түүнд гомдол төрүүлэх болсоноор цагийн аясыг нигүүлсэн бясалгаж дэлхий дахиныг гайхашруулсан шийдвэрт хүрч байж болох юм.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.