Аз жаргалыг мэдрэхэд амьд байгаа гэдэг нь л хангалттай том шалтгаан болж чадна

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Таны амьдралд яг одоо хамгийн чухал зүйл юу вэ?... Хэсэг зуур бодоод үз дээ. Тиймээ олон зүйл л бидэнд чухал бгаа. Хүн бүр л өөр өөр зүйл хэлэх байх. Мөнгө, байр, машин, үзэл баримтлал...

Гэвч эдгээрээс илүү амин чухал нь бид амьд бгаа явдал юм. Бид амьд, хүн биедээ бгаа маань л хамгийн чухал. Амьд байж байж л бусад зүйлийг чухал хэмээн бодох, ач холбогдол өгөх боломжтой болно. Хамгийн суурь чухал нь амьд байх... Маргааш өглөө та сэрээд өөрийгөө амьд эсэхийг шалгаад үз. Нэг хоногт Олон зуун мянган хүн жам ёсоороо энэ ертөнцийг орхидог. Түүнээс дутахааргуй тооны хүн бусдын нөлөөллөөр хорвоогоос одож бна. Тэгэхээр өглөө сэрээд амьд эсэхээ шалгаад, хэрвээ амьд байвал өөрийгөө нэг сайхан инээмсэглэлээр шагнаарай. Бугуйн дах эсвэл ханан дах цагаа хараарай. Цаг цохилж байна... Та үүнийг мэдэрч байна... Гэвч энэ бол цаг биш таны амьдрал цохилж байгаа юм. Бидэнд олдсон хамгийн чухал үнэт зүйл, амьд оршихуй маань цохилж байгаа юмаа. Амьд байж байж л бусад зүйлууд чухал болж эхэлдэг...

Яг энэ анхдагч чухал зүйлээ мартаад эсвэл огт тоохгүй, эсвэл зүгээр л мэдэхгүй ухаараагүйгээсээ болоод бусад хэрэггүй зүйлсэд хэт их ач холбогдол өгч эхэлдэг. Эд баялаг, эрх мэдэл, үзэл баримтлал г.м. Мөнгө, эрх мэдлийн төлөө үхэлдэнэ. Нутаг ус гарал язгуураараа хоорондоо зөрчилдөнө. Хэн нэг нь биднийг гомдоосон бол түүнд хорсоно. Насан туршдаа тэр хүнээ уучилж ч чадахгуй бас өөрийгөө ч чөлөөлж чадахгүй өөрийн бүтээсэн шорондоо сайн дураараа шанална. Эсвэл үзэл сонирхолд чинь таарахгүй зүйлийг хэн нэгэн хаа хамаагүй телевизээр ярихад л түүнийг буруутган хашгирч үзэн ядаж өөртөө дайсан үүсгэж өөрийн эрүүл мэндээ хохироож насаа богиносгоно.

Үнэндээ тэр үгүйсгээд бгаа хүн чинь өөрийг тань оршин буйг ч мэдэхгүй. Гэтэл энэ бүгд чинь таныг хүн байхаа болих цагт тэр хэвээрээ ач холбогдолтой байсаар байх болов уу, таны хувьд? Хэрвээ та дараа төрөл байдагт итгэдэг бол наад үзэн ядаад байгаа газартаа хүн болоод төрчихвөл яах вэ? Бас л үзэн ядсан, үгүйсгэсэн хэвээрээ байх уу?

Амьд байхын жинхэнэ үнэ цэнийг амьдралыг орхиж үзсэн нэгэн л гүн гүнзгий ухаардаг. Клиник үхэлд орсон хүмүүсийн ихэнх нь бидний боддогоос шал өөрийг ярьдаг. Тэд тун энгийн, бусдад туслах, бусдыг хайрлах хэрэгтэйг ярьцгаадаг, товчхондоо амьд байгаадаа баярлаж чаддаг болсон байдаг. Тэгвэл бид тэгж сурахын тулд заавал түр зуур үхэх албатай гэж уу? Яалаа гэж дээ. Ердөө л амьд бгаадаа талархаж, өөрийн хийж чадах зүйл, боломжиндоо баярлаж сурах хэрэгтэй. Чадахгүй боломжгүй зүйл дээр төвлөрч түүндээ зовж шаналахын оронд чадах зүйл, бодит боломж дээрээ төвлөрч түүнийгээ хэрэгжүүлж баяр баясгалантай амьдар.

Та энэ дэлхийн хамгийн баян хүн болж чадах эсэхээ нээрээ мэдэх үү? Тэгснээрээ та хамгийн аз жаргалтай хүн болж чадах болов уу? Түүний оронд байгаа газартаа хэдэн мод тариад түүниихээ хэрхэн ургаж цэцэглэж байгааг харж түүнээсээ аз жаргалыг олж мэдрэх боломж байгаа гэдгийг та өөрөө мэдэж л байгаа, хиихгүй л байгаа болохоос...

Байгаа юмандаа баярлаж сур гэдэг нь гол нь эд материал, дансан дах мөнгийг чинь хэлэхээсээ илүүтэй амьд байгаа, амьд байснаараа ямар сайхан амьдрал үйлсийг бүтээх боломжтойг чинь хэлж байгаа юмаа. Амьддаа биенээ хайрлая гэдэг үг ч бас л үүнийг л хэлээд байгаа юм.

Бид үнэхээр амьд байхын үнэ цэнийг ухаарч чадах юм бол бусдын амь нас, оршин байх эрхийг өөрийн эрхгүй л хүндэтгэнэ шүү дээ. Өөрийнхийгөө үл ойшоож бгайаа хүн бусдынхыг хайрлана гэдэг ч үлгэрийн далай...

Олон бясалгагчид өөр оршихуйн хэмжээст аялж, дотоод мөн чанар, гэрлээ олж үзсэн байдаг. Тэгж үзсэн хүмүүс улам энгийн, хар амиа бодох үзэл нь үгүй болж бусдыг хүндэтгэж хайрлах сэтгэл нь ямар нэг хариу нэхэхээргүй болсон байдаг. Та нар минь хүн байгаадаа, амьд байгаадаа баярла. Сэтгэлээ уужим байлгаж боломжтой зүйлээ хийж түүнээсээ аз жаргалаа ол. Цагаа дахиад нэг хар. Цохилж байна уу? Хэрвээ та үүнийг мэдэрч байвал өөрийгөө сайхан инээмсэглэлээр шагна. Учир нь та амьд, боломжууд ч бас байнаа гэсэн үг.

Аз жаргалыг мэдрэхэд амьд байгаа гэдэг нь л хангалттай том шалтгаан болж чадна. Амьдрал тань, амьдралын алтан хором мөчүүд тань цохилж байна..., бас урсан одож байна...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.