НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулахыг шаардлаа

Twitter Print
2020 оны 04-р сар 07-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан билээ. 

Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг 5 хувь болгон бууруулахаар тусгажээ. Иймд хуулийг яаралтай батлахыг шаардаж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийв. 

Тэрбээр “Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Иргэд НӨАТ-ын төлөгч. НӨАТ-ыг 10 өнгөрсөн хугацаанд эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн. Энэ татвар нь орлогыг бүртгэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед буюу өнгөрсөн оны төгсгөлд эдийн засагт хүндрэл учраагүй байхад иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед энэ татварыг 5 хувь болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Өнөөдөр иргэдийн орлого хумигдаж, жижиг дунд ААН-үүд хаалга барьж, ажилчдаа цомхотгож байна. Орлого буурсан энэ үед НӨАТ-ыг буулгах талаар Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс авахад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Энэ нь орлого буурсан иргэдэд маш хүнд тусч байна. Энэ хууль хэрэгжсэнээр ялангуяа алслагдмал бүс нутагт өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг иргэдэд маш чухал хууль болно" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.