
Зургаан настнууд маш гярхай, асуудлын мөн чанарыг ойлгохын хичээж, ойлгосноо тайлбарлаж илэрхийлэх чадамж өндөр болно. Яагаад гэвэл, учир нь, тийм болохоор л, миний бодлоор гэх зэрэг үгс түлхүү хэрэглэнэ.
-
Хэн нэгэнд санаа тавихдаа илүү сайн болох ба өөрөө ч гомдож байна, санаж байна, уур хүрч байна гэж мэдрэмжээ тодорхой илэрхийлж чадна. Аав ээжийгээ тэвэрч үнсэх, эрхлэх хэвээрээ үргэлжилнэ.
-
Бусдаар шоолуулах, эвгүй сэтгэгдэл төрүүлэхээс илт эмзэглэнэ.
-
Ямар нэг зүйлд маш их итгэл үнэмшилтэй хандана. Сантад чин сэтгэлээсээ захиа бичнэ, хэн нэгнийг гомдоох вий гэдэгтээ зовнино, багшийн үгийг чанд мөрдөнө гэх зэрэг. Энэ үед итгэл үнэмшил, үнэт зүйлийг нь үгүйсгэсэн харилцаа тохиромжгүй. Хүслийг нь шоолох, найзыг нь үгүйсгэх, багшийг нь шүүмжлэх г.м...
-
Төсөөлөх, ургуулан бодох сэтгэлгээ нэмэгдэхээс гадна логик сэтгэлгээ эрчимтэй хөгжиж шүлэг, дуу, бүжиг зэргийг өөрөө зохион гүйцэтгэх тохиолдол элбэг. Энэ үед түүнийг нь засаж сайжруулах, буруу зөвөөр ялгаж дүгнэх гэлгүй зүгээр дэмжин сонсож өгснөөрөө та хөгжлийг нь дэмжиж байгаа юм шүү.
-
Найзтай байгаадаа, найзыгаа баярлуулснаараа илт бахархана. Тэгэхдээ найз нөхдийн харилцаа тууштай, бат бэх биш байх үе. Тиймээс дотны найзуудынх нь төрсөн өдрийг хуанлид тэмдэглээд мэнд хүргэх, бэлэг өгөх зэргийг нь дэмжиж байгаарай.
-
Хүүхдийн хөдөлгөөний эвсэл эрс сайжирч хөдлөх хэрэгцээ маш ихээр нэмэгдэнэ. Тиймээс 5-6 настнуудыг өдөр бүр 20' эрчимтэй дасгал хөдөлгөөн хийлгэж байх нь зүйтэй. Аль болох саад бартаатай, экстрем үйлдлүүдийг хийх нь элбэгшинэ. Тиймээс чөлөөт бүжиг, бокс, жүдо, сумо барилдаан, олс таталт, дэрэн байлдаан зэрэг спортын болон гэр бүлийн тоглоомууд тоглож байхыг зөвлөе.
-
Суралцахуйд суралцах олон талын үйл ажиллагаанаас гадна шинэ багш, шинэ найз, шинэ анги, даалгавар, хичээлийн завсарлагаа зэрэг нэгэн дор олон шинэ зүйлстэй танилцахын хэрээр тархины үйл ажиллагаа өндөр ачаалалтай байна. Тиймээс 6 настнуудад оюуныг ачааллуулах, тооцоолол шаардсан сургалтаас илүү идэвхжүүлсэн, урам нэмсэн, өөрийгөө илэрхийлэх чадваруудыг дэмжсэн сургалтууд тохиромжтой.
-
УРАМ тэдний хамгийн чухал хөдөлгүүр. Тиймээс хий хоосон магтаалаас илүүтэйгээр зоригжуулан урамшуулсан, санаа бодлыг нь сонссон, сонголтыг нь хүндэлсэн харилцаа тохиромжтой. Мөн чадаагүй зүйлд нь шийтгэхээс илүүтэй чадсан зүйлийг нь олж харан сайшаагаарай. Тухайлбал, гэрийн даалгавар хийхдээ тоогоо эхэлж хийх үү, монгол хэлээсээ эхлэ х үү? 10 тоогоо нэг мөсөн дуустал бодчихоод амрах уу? 5; 5-аар нь хувааж бодох уу? 10 бодлогын 4ийг буруу бодсон нь ч 6 нь зөв байсан, энэ тун сайн гэх зэрэг.
-
Хөвгүүд, охид бүгд л шинжлэх ухаан, танин мэдэхүйн туршилтад сонирхолтой болно. Учир шалтгааныг олох гэсэн тархины эрэлхийлэх үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. Тиймээс амралтын өдрүүдээрээ туршилт хийх эсвэл ямар нэг амжилтад хүрсэн, нээлт хийсэн хүний түүхийг ярьж өгч байгаарай.
-
Харааны ой тогтоолт нь сонсголын ойноос илүү хөгжилтэй байх тул шинэ зүйлсийг ярьж ойлгуулахаас илүүтэй жишээгээр, баримтаар дүрслэн үзүүлж ойлгуулах нь үр дүнтэй. 1+9=10 гэхээс илүүтэй, 1 харандаа+9 харандаа нийлээд хэд болох бол гэх зэргээр.
-
Ойлгосон, дуртай зүйлээ маш хурдан тогтооно. Сэргээн санах чадамж хурдан байна. Тиймээс хийх дургүй зүйлс, давтах дургүй хичээлийг нь дуртай зүйлтэй нь холбоорой. Тухайлбал, энэ насныхан уралдах, түрүүлэх дуртай тул хуулан бичлэгээ хоёулаа яг адилхан эхлээд яаж гоё бичихээ үзэх үү? Хайч чулуу даавуудаад би ЯЛВАЛ 2 МӨР БИЧНЭ. ЧИ ЯЛВАЛ 2 МӨР БИЧЬЕ г.м тоглоомтой нь холбоод, ялсан нь ялагдаагүйгээсээ илүү бичиж хуулан бичлэгээ түрүүлж дуусна гэх зэргээр дэмжээрэй.
-
Хэн нэгэн ядарч байгааг ойлгоно, өвдөж байгааг өрөвдөнө. Энэ үед сургууль, байрныхаа үйлчлэгчид талархлаа илэрхийлж баярлуулж болдог, өвдсөн хүнд сайхан үгтэй захиа бичиж итгэл өгдөг гэдгийг хамтдаа хийж үлгэрлээрэй.
-
Уншиж буй зүйлийнхээ утгыг өөрөө төсөөлөн бодож, өөрийнхөө уншихыг сонсож байж бүрэн таньдаг. Энэ үед чангаар дуудаж унших, сонссоноо амандаа давтаж хэлэх зэрэг нь зөв үйлдлүүд юм.
Г. Төмөрзаяа
А. Ууганзаяа
Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.