
Жил бүрийн 3 сарын 13-ы өдрийг чихэвчний өдөр болгон тэмдэглэдэг. Дуу сонсох зориулалттай биш харин чих даарахаас хамгаалдаг чихэвчний тухай:
1. 1858 оны 12 сарын 4-нд Честер Гринвүд гэдэг хүү Мэйн мужийн Фармингтонд мэндэлжээ. Хүү 15 настайдаа 1 өдөр конькигаар гулгатал том “дэлдэн” чихнүүдээ хөлдөөх шахжээ. Тэгэхээр нь ороолтоороо чихээ ороосон чинь нүүрийг нь загатнуулаад байж. Гэртээ ирээд төмөр утсаар өөрийнхөө чихэнд таарсан хэмжээтэй 2 тойрог хийгээд хооронд нь төмөр утсаар холбоод эмээдээ өгөөд үслэг дулаан даавуугаар бүрээд өгөөч гэж хүсжээ. Эмээ нь ч хүүгийнхээ хүссэнийг хийж өгөв. Зохиосон чихэвч нь чихийг нь дааруулахгүй болохоор нь нөгөө чихэвчээ ган туузаар улам сайжруулан хийснийгээ “Гринвудын шилдэг чихний хамгаалалт” /Greenwood's Champion Ear Protectors/ гэж нэрлэв. Эмээ хүү 2 бүтээсэн чихэвчнийхээ патентыг 1877 оны 3 сарын 13-нд авсан учраас жил бүрийн 3 сарын 13-ыг чихэвчний өдөр болгон тэмдэглэдэг.
2. Честер Гринвүд ирээдүйд инженер болсон бөгөөд чихэвчнээс гадна зуу гаруй бүтээл зохион бүтээжээ. Түүний бүтээлүүдэд цайны данх, ган шүдтэй тармуур, эвхдэг ор, хуурамч бяслагтай хулганы урхи, амортизатор, сурталчилгаатай шүдэнзны хайрцаг, утас ороодог модон дамар үйлдвэрлэх машин, шуудан хүргэгчдэд зориулсан шүхэр тогтоогч зохиосон ч үүндээ патент аваагүй гэдэг мөн халаалтын системийг илүү сайжруулсан ч гэж зарим эх сурвалжид дурьдсан.
3. Честер 1883 онд чихэвчний үйлдвэртэй болж, жилд 50,000 гаруй хос чихэвч үйлдвэрлэж, 60-аад жилийн турш Фармингтоны иргэдийг ажлын байраар хангажээ. Төрөлх Фармингтоноо “Дэлхийн чихэвчний нийслэл” хэмээн алдаршуулсан учраас 1977 онд Мэйн мужаас жил бүрийн 12 сарын 21-ны өдрийг Честер Гринвүдийн өдөр болгон зарлаж, амьдарч байсан байшинг нь түүхэн газруудын үндэсний өвд бүртгэжээ.
4. Честерын бүтээсэн чихэвч чихийг дулаан байлгахаас гадна чанга дуу чимээтэй орчинд ажилладаг хүмүүсийн чихний хамгаалалт болон хувирсан билээ. Өдгөө чихэвчийг металл эсвэл хуванцар ашиглан хийхээс гадна дуу чимээний хамгаалалттай чихэвч /acoustic earmuffs/ 33 децибел хүртэлх чимээг бууруулж сонсгол хамгаална. Бүр амьтдад зориулсан дуу чимээнээс хамгаалах чихэвч хүртэл гарчихсан байгаа. 2014 онд эрүүл мэндийн зориулалттай блүтүүттэй чихэвч бүтээгдсэн нь бас л түүний бүтээлээс сэдэвлэсэн бөгөөд Европын патентын оффист 293 чихэвчтэй холбоотой патент байдаг гэнэ. Сонирхуулахад: эрүүл хүний сонсгол -10 +15 децибел байдаг бөгөөд хэрэв +30-с дээш децибелын дуу чимээ танд бүдэг сонсогдож байвал сонсголоо шалгуулаарай гэж зөвлөдөг аж.
5. Чихний таг буюу earmuffs гэдэг үгийг анх 1889 онд хэрэглээнд нэвтэрсэн гэж үздэг бөгөөд Честер Гринвүдийн бүтээлийг ч мөн ийрмаффс гэж нэрлэдэг. Энэ чихний таглаанаас сэдэвлэн чихийг хамгаалах дуу чимээ тусгаарлагч, болон сонсгол хамгаалах чихэвч, чихэвчний бөглөө үүссэн гэж үздэг. Түүний бүтээлийн ачаар олон сая хүн сонсголоо хамгаалж чаддаг болжээ.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.