Л.Оюун-Эрдэнэ: Гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй

Twitter Print
2021 оны 03-р сар 05-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2021.03.05/ боллоо. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ даргаллаа.

Хурлаар Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2021  оны төлөвлөгөөг батлав. 2021 онд дараах гурван асуудалд Ерөнхий сайд төвлөрч ажиллахаа тодотгосон юм. 

Монгол Улсад мөрдөн байцаалтын шатанд эмэгтэй хүн хэзээ ч дахин эрүүдэн шүүлтэд орохгүй байх

Ажлын байрны бэлгийн дарамтыг бүрэн устгая. Үүнийг төрийн байгууллагуудаасаа эхлэх

Авилгын индексийг бууруулж 111 дүгээрт бичигдэж буй жагсаалтаас хоёр оронтой тоо руу шилжихэд эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангаж, авилгын эсрэг Монголын эмэгтэйчүүд нэгдэж буйг зарлая гэсэн уриалгыг гаргалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлсэн үгэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчүүлэхгүй байх талаас нь тэмдэглэе. Хууль хяналтын байгууллагуудад эмэгтэй хүн эрүүдэн шүүгддэггүй байх, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй байх, зөвхөн Мартын 8-ны өдөр бус бүх өдөр хүйсийн тэгш байдал хангаддаг байх ийм эрх чөлөөний төлөө тасралтгүй ажиллах ёстой. Энэ өдрийг зөвхөн баяр байдлаар бус илүү өргөн хүрээнд нь авч үздэг больё.  Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй жендэрийн мэдрэмжтэй орнуудын тоонд ордог. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дахь оролцоог дэмжих тал дээр Жендэрийн үндэсний хороо шинэ түвшинд ажиллах шаардлагатай. БНСУ хөгжилд хүрэхээсээ өмнө эмэгтэйчүүд нь гэртээ ажиллах, хүүхдээ өсгөх ийм соёлтой байсан. Ингээд эдийн засаг нь хөгжихийн хэрээр ажиллах хүчний хомсдолд орсон. Энэ үед БНСУ "4 А" гэсэн зарчмыг хэрэгжүүлсэн. Нэг үгээр хэлбэл, хүн амынх нь 50 хувь нь идэвхгүй байсан учраас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл рүү татсан гэсэн үг. Өнөөдөр БНСУ Азийн бар болтлоо хөгжсөний нууц нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн төрийн бодлоготой нь холбоотой байсан.

Манай Улсын хувьд жендэрийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин зөрүүтэй , эмэгтэйчүүд  өндөр хувийг эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин эрэгтэйчүүд 46.1 хувь бол,  эмэгтэйчүүд 60.4 хувьтай байна. Цалингийн хувьд тэнцвэртэй ч эмэгтэйчүүд боловсрол болон бусад байдлаараа эрчүүдээс дутахааргүй түвшинд очсон. Засгийн газраас хэрэгжүүлэх залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны залуусыг нэг сарын вакумжуулсан хөтөлбөрт хамруулж, үүнд хүйсийн тэгш байдлыг хангана. Мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах томоохон компанит ажлыг хийж, "Цахим хөдөлмөрийн бирж" байгуулна. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд ажилгүй байгаа эмэгтэйчүүдийг хамруулах тал дээр анхаарч ажиллах хөтөлбөрийг эхлүүлнэ. Энэ хөтөлбөр энэ оны тавдугаар сард хэрэгжиж, нэг сая төгрөгийн тэтгэмжтэй. Нэг сар  танхимаар хичээллэж, нэг ээлжид 1000 хүнийг хамруулна. Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөрт 2 их наяд төгрөгийг гурван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээлийг ААН-үүдэд олгоно. Энэ нь цар тахлыг даван туулахын тулд агшилттай байгаа эдийн засгаа тэлэх нөгөөтэйгүүр ААН-үүдийн ажлын байрыг хадгалахад чиглэгдэнэ. Үүнд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж, ялангуяа өрхийн бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ болгон өргөжүүлэхэд анхаарна.

Монгол Улс авлигын индексээр 111 дүгээрт явж байгаа. Норвеги болон Скандинавын улсуудад парламент болон Засгийн газрын түвшинд эмэгтэй гишүүдийн тоо нь  олон байх тусам авлига, хүнд суртлын индекс багасч байгаа үзүүлэлт бий. Тиймээс Засгийн газрын зүгээс 111 дүгээрт байгаа авлигын индексийг гурван жилийн хугацаанд нэг дахин бууруулах зорилт тавина. Энэ бол амаргүй зорилт. Хоёр оронтой тоо руу оруулахад эмэгтэйчүүдийн оролцоо туйлын өндөр. Эмэгтэйчүүд эрчүүдийн олж харааггүй асуудлыг олж хардаг. Тиймээс сайн засаглалд эмэгтэйчүүдийн оролцоо шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн улс төр дахь оролцоог зөвхөн сонгуульд нэр дэвших гэдгээс өөрөөр харах цаг үе нь ирсэн. 1992 оноос хойш анх удаа энэ Засгийн газарт дөрвөн эмэгтэй сайд  ажиллаж байна.

Эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш бус байдал манай улсын хувьд хөндөгдөх болсон. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд, энэ нь буруу хооллолт, архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ хэрэгжүүлэхгүй бол энэ үзүүлэлт улам өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эдгээр нь зөв цагтаа унтахгүй байгаагаас болж байна. Манай эрчүүд  шөнийн хоёр цагаас хойш гэртээ  орж ирдэг. Унтаж, амрах, элгээ цэвэрлэж, шүүж байх ёстой цагт монгол эрэгтэй хүн архи уугаад, пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлэвсэн эмэгтэйчүүдтэй улс болох нь. Тийм учраас энэ асуудлыг хурцаар ярихаас өөр гарцгүйд хүрсэн. Мөн манай эрчүүд бараг бүгд хэт таргалалттай ангилалд хамрагддаг.

Гүзээтэй генералуудтай болсон. Үүнийг бид хөндөх цаг болсон. Буяны тарга гэдэг уламжлалт ойлголтоос салах ёстой. Энэ бол тоглоом биш.

Шийдвэр гарах түвшинд эрчүүдийн оролцоо их байгаа ч дунд шатанд эрчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдаж байна. Үүнээс үүдэж Монгол эрчүүдтэй гэрлэх сонирхолгүй болох хандлага огцом давамгайлж эхэллээ. Боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлсэн гэсэн үг. “Охиноо өндөр боловсролтой болгоё, хүү минь яах вэ дээ” гэдэг бодол цөөхөн хүн амтай улсын хувьд амаргүй нөхцөл байдал бий болгож байна.

Өнөөдөр гэрлэлт залуужиж ялангуяа хөдөө орон нутагт 16, 17-той хүүхдүүд хүүхэд гаргаж, гэртээ сууж байна. Өнөөдөр би энэ үгийг хэлээд шүүмжлэлд өртөх байх. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал ихсэж, гэрлэлт хэт залуужвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг. Ингэж байж хөдөлмөрийн эрх оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог. Манай улсын ажиллах хүч ердөө 1.5 сая. Хүн амын 50 хувь нь идэвхгүй байж болохгүй. Давс мэт шорвог асуудлыг татан гаргаж ирж шийдэл гаргахгүй бол болохгүй, урсаад явах цаг өнгөрсөн.Энэ бүхнийг бид ярилцах цаг нь болсон” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.