Бямбаагийн Сарантуяа - “Хэтэвч” /Өгүүллэг/

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 17:01 цагт
Мэдээний зураг,

-Замын үдээс Улаанбаатарын чиглэлд хөдлөх 276-р галт тэрэг нэгдүгээр зам дээр тавигдах тул зорчин явагч та бүхэн аюулгүй байдлаа хангана уу! хэмээн өртөөн дээр хангинах цагаан хоолойгоор зарлах чимээ зөрөн өнгөрөх хүн олны урсгалыг улам ч хурдасгах шиг болно.

Оюун бүсгүй гараасаа тас хөтөлсөн охиноо дагуулан олны дундуур урагшлан зүтгэсээр сая хөл амраах хоосон суудал олж үзмэгцээ тийш яаран очиж суухад араас нь том цүнх үүрсэн залуу эр гүйцэн ирж ачаа барааг дэргэд нь тавиад хөлсөө сэвэн хажууд нь суув. Бүсгүй цагаа харвал галт тэрэг хөдлөх яагаа ч үгүй тул сая тайвшран амсхийсэн ч хэн хэн нь үг дуугарсангүй.

Салхи шиг зөрөлдөх олны дунд ийнхүү суух гурван хүн цаг хугацааны эргүүлэгт торойж үлдсэн хөшөө мэт үг дуугүй. Бүсгүй хэсэг суугаад дэргэдэх эрд хандан,

-Чамд маш их баярлалаа. Одоо бид хоёр алзахгүй ээ гэж хэлээд охиноо эрхлүүлэн буй нь залуу эрд “Одоо та хэрэггүй тул явж болно” гэх шиг санагдсан тул дэргэдээс нь босоод цааш явах гэснээ азнаж,

-Эндээс холгүй нэг зоогийн газар байдаг юм. Та хоёр орж цайлаад явахгүй юу хэмээн ятгаж ядан хэлэхэд, бүсгүй хариу хэлсэнгүй тул арга буюу цааш эргэн явж одов. Ийн шуугилдах олны дунд торойн хоцорсон эх үр хоёр галт тэрэг хаалгаа нээж зоригчидоо авах хүртэл суусаар байлаа.

-Ээж ээ миний ам цангаад байна гэх охиныхоо дуунаар Оюун бүсгүй сая цүнхнээсээ уух зүйл гарган өгөөд бодолд автав. Намрын халуун өдрүүд гадаа налайсан ч Замын үүдийн нүцгэн шаргал тал навчаа гээх модгүйдээ гуниглан байх шиг, эсвэл сэтгэл дотор нь ч мөн адил энэ л нүцгэн тал шиг хоосорч, нөмөрт нь жаргах хань ижилгүй болсондоо уйтгарлан ганцаардах шиг санагдана. “Яагаад тэр вэ Бадрах минь. Охин бид хоёрыг яаж амьдраг гэж бодохдоо ингэж эргэж ч харалгүй хөсөр хаяж чаддаг байна аа” хэмээн бодоход гомдол харууслын нулимс цээжнээс нь огшин дээшилж, хархан нүднээс нь урсан гарахад охиноосоо нуун ханцуйгаараа зөөлөн арчив.

Наймаа оволзсон наймдугаар сарын аагим халуун цагаар итгэж үлдээх хүнгүй тул ганц охиноо хөтлөн холын замд гарч, зовлон гуниг үерлэсэн амьдралын урсгалд сөрж үлдэхийг хичээж яваагаа өөр бусдад тоочихыг хүссэнгүй. “Бадрахыг салгаад суусан Ундрал шиг үгийн цэцэн, аашны наалинхайг үзүүлж, хань нөхрөө хажуудаа аргамжихгүй яасан юм бэ” гэж өөрийгөө зэмлэхэд хэн нэгнээс хайр горьлон өмөлзөх сэтгэл нь загнуулсан хүүхэд шиг номхрохыг мэдрэнэ. Үнэндээ бурууг бусдаас бус өөрөөсөө хайх хэрэгтэй ч юм шиг, эсвэл өөдөсхөн охиноо хүртэл хайрлалгүй салж одсон Бадрахад гомдмоор ч юм шиг бодолд ээрэгдэн бүсэндээ зүүсэн хавтагаа нээж дотроос нь хэтэвчээ гарган дэлгэв. Үлдсэн мөнгөө л тоолж буй мэт харагдах бүсгүй үнэн хэрэгтээ хэтэвчиндээ хадгалсан Бадрахын зургийг харж байлаа. Хоёул хамтдаа зургаа авхуулаад бие биенийхээ хэтэвчинд хийж өгсөнсөн. “Бадрах миний зургийг аль эрт хэтэвчнээсээ сугалан авсан биз ээ. Эсвэл тэр уян наалинхай, аманцар түргэн Ундрал хүүхэн ч сугалж аваад хаячихсан байхдаа сийхгүй. Одоо энэ ч юуны хамаа байхав” хэмээн бодоод анх удаа зориг гарган Бадрахын зургийг сугалан аваад урж хаях гэснээ сэтгэл нь төвдсөнгүй. “Энэ хүн миний хань биш юм аа гэхэд миний охины эцэг шүү дээ” гэж бодохуй дахиад л зовхинд ойрхон нулимс нь оргилоод ирэхэд хэтэвчээ хумин далд хийв.

Бүсэндээ зүүсэн хавтага дотор нь эх үр хоёрын бүхий л амьдрал бүтнээрээ багтсан гэж хэлж болно. Бадрах бас ч гэж эр хүний гол зааж ойр зуур эргүүлэх хэдэн төгрөг үлдээгээд явсныг нь яаран үрчихэлгүй хил дамнан ганзагын наймаагаар өсгөж яваа нь энэ. Наймаанд нааш цааш гүйлгэхэд хавтагатай мөнгө нь арвижаад байгаад сэтгэл урамтай. “Одоо ахиад хэд эргэчихвэл охиныхоо сургуулийн ойр, хотын төв рүү байраа ойртуулж болох нь ээ” хэмээн бодоход тэр мөнгө сэтгэлийг нь жаахан ч гэсэн дүүргэнэ. “Хоосон үлдсэн хүний сэтгэл юухнаар ч болов дүүрэхийг л хичээдэг юм байна” гэдгийг Оюун ингэж мэдэрч суусаар галт тэрэг хөдлөх болж суучид суудлаа эзлэхийг зарласан өртөөн дээрх цагаан хоолойн дуу хангинав. Охиндоо жижиг цүнх бариулаад, өөрөө том цүнхтэй ачаагаа үүрч чирэхийн дундуур зүтгэсээр галт тэрэгний хаалгаар оруулаад, олон хүний хөл, хөлсний үнэр, амьсгал давчдам халуунд арай ядан чихэлдсээр суудлаа олж аван сэтгэл амсхийв. Түрүүнээс хойш нухаад байсан хавтагаа тайлан ширээн дээр тавиад эргэн харвал охин нь байсангүй тул босон харайв.

“Миний охион” гэж хар тэнхээгээрээ дуудан хашгирсан ч нааш цааш хөлхөх наймаачдын шуугианд дарагдан замхарна. Оюун ачаандаа түүртэн гацсан хүмүүсийн хажуугаар дайран хувцас хунарыг нь урчих шахан зүтгэвч охиноо олж харж чадсангүй. Арга барагдан цонхон дээр очин гадагш харах үед галт тэрэгний дохио хангинан хөдлөв. Гэтэл цонхны цаана гартаа жижигхэн цүнх барьсан охин нь хөдөлж буй галт тэрэг дагаад уйлан гүйж буйг сая олж хараад “Миний охион. Охин минь” хэмээн хашгирахдаа ухаан балартах шахсан ч биеэ хүчлэн барьж, хаалганы зүг гүйн очвол шар дарцаг барьсан үйлчлэгч бүсгүй хаалгаа хааж,

-Холдоод өгөөрэй хэмээн хашгирч байв.

-Эгч ээ....эгч ээ...миний охин үлдчихлээ хэмээн арай ядан хэлээд үйлчлэгч эмэгтэйн хажуугаар шурхийн дайрч, тэрүүхэн хооронд юу хийж байгаагаа ч эрэгцүүлж амжилгүй нүдээ анин галт тэрэгнээс үсэрчихэв.

-Хүн үсэрчихлээ гэж хашгирсан ч цагдаа сэргийлэх бусдын хэл амнаас айсан үйлчлэгч бүсгүй үүдээ түгжив. Хатуу цутгамал зам дээр харуулдан унасан Оюуны өвдөг тохой нь урагдан, нүүр царай нь зулгарч шалбарсан байвч түүнээ үл тоон босоод өртөөний зам даган гүйлээ. Тэсэхүйеэ бэрх шархиран өвдөхийг ч тоосонгүй догонцон гүйсээр, гүйсээр түрүүхэн сууж асан сандлынхаа дэргэд ирэхэд охин нь байсангүй.

-Миний охин, охин минь хэмээн өртөөний цагаан хоолойноос дутахааргүй чанга хашгирахад толгой нь эргэлдэн дайваж, тэнгэр газар хоёрын байр нь солигдчихож байгаа юм шиг санагдаад доош суун тусав.

-Миний охин, охин минь хэмээн арга барагдан үглэх үед араас нь хэн нэгэн дуудах шиг болоход нулимс дүүрэн нүдээ арайхийн арчаад эргэн харвал түрүүхэн хөөх шахам явуулсан залуу эр охиных гараас хөтөлчихсөн зогсож байв. Тэрбээр “Ээж ээ, ээж ээ” гэж уйлан гүйсэн охиныг нь галт тэрэгний замаас холтгон барьж авсан хүмүүсээс санд мэнд очиж авсан байлаа. Ирж буцах хүн олны урсгал дунд, итгэж болохгүй элэг барих олон эрсийн шүлэнгэтсэн харцнаас энэ хүн л ганцаар Оюуныг энэ газарт тосон авч, үдэн өгдөг болоод удаж буй. Гэлээ ч Оюун түүнд, түүний зориггүйхэн ойртох хүсэлд нүүр өгч явсангүй. Харин энэ удаад л өмнөө зогсох эрийг аврагч бурхнаа харж буй мэт дотно нүдээр ширтэн харсаар ойртон очиж, дэргэд нь зогсох охиноо тэврэн авахад залуу эр ч айж сандарсан ээж охин хоёрыг тэврэн авч, нөмөрлөн тайтгаруулав.

-Одоо айлтгүй, одоо тайвшир хэмээн аргадах түүний нөмөрт охинтойгоо хамт ийн багтсан хэвээр зогсоод л баймаар. Эр хүний ийм дотно нөмөр нөөлгийг мэдрэлгүй удсан Оюун бүсгүй өвдөг тохойныхоо шархиран өвдөхийг ч тоолгүй мэлмэрүүлэн уйлсаар л байв. Гэнэт хэн нэгэн ханцуйнаас нь нудраагүй бол тэд энэ чигтээ зогсоор л байх байсан биз ээ. Эргэн харвал нулимсандаа халтартсан охин нь,

-Ээж ээ та мөнгөө хаячихжээ. Бид одоо яах юм бэ хэмээн эхэр татан уйлав. Биенээсээ салгахгүй зүүж явдаг хэтэвчээ галт тэргэнд орхисноо санасан Оюуны зүг инээвхийлэн харсан залуу эр энгэрийнхээ халааснаас түнтгэр хүрэн хэтэвч гарган ирж охинд өгөөд,

-Одоо энэ хэтэвч ээжийнх чинь болсоон гэж хэлэхэд нь охин эхэндээ үл итгэсэн харцаар залуу эрийн зүг харснаа эх нь инээмсэглэн толгой дохихыг үзээд бяцхан зүрхэнд нь хаанаас ч юм баяр дүүрэн ирж тэр хоёрыг даган инээв. Тэдний энэ нулимстай инээдийг тэнгэр бурхан аз жаргалаар таална буй за.

Бямбаагийн САРАНТУЯА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.