Тэд бидний тухай: Гэвч юу ч үгүй хоцорсон нь яах бол?

Twitter Print
2014 оны 09-р сар 13-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

Арабын орнуудыг хамруулж, англи хэлээр мэдээлэл хүргэдэг “Al Jazeera” телевиз саяхан Монгол улсын тухай "Тал нутгаас" хэмээн нэрийдсэн нэгэн сонирхолтой нэвтрүүлэг цацсан байна. Уг нэвтрүүлэгт Монгол улсын эдийн засгийн  өсөлт, нийгмийн амьдралыг тун сонирхолтой өнцгөөс харж, дүгнэлт өгсөн байх бөгөөд  өнөөгийн баячуудын өнгөн дээр тун ёжтой гаргасан байх аж. Нэвтрүүлгийн гол баатрууд нь Монголдоо тэргүүлэх баячууд болох ах дүү Дагвадоржын Цэрэнжигмэд, Ганбаатар нар зочид буудал, супермаркетуудаас эхлээд барилга угсралтын томоохон компанитай болтлоо хөлжиж, хуучин Зөвлөлтийн харъяанд байсан улс хэрхэн капитализмын тэвэрт орсоныг тодорхой илтгэх билэг тэмдэг болж байгааг телевизийн зургийн баг онцолжээ. Ингээд нэвтрүүлэгт юу өгүүлснийг товч орчуулан хүргэж байна.

“Монголд өнөөдөр эдийн засгийн тэсрэлт болж байна. Зөвлөлтийн үеийн коммунист цаг хугацааг орхисноос хойш тус улс гайхамшигтай богино хугацаанд өөрчлөгдөж, тэрбумтануудын жагсаалт өсөх болжээ.

Гэвч Улаанбаатар хотод сүндэрлэх тэнгэр баганадсан шинэ барилгуудын сүүдэрт хоёр цаг үеийн амьдрал сүлэлдэх аж. Өсөн дэвжиж байгаа олонхийн зэрэгцээ хүн амынх нь гуравны нэг хэсэг туйлын ядуу нөхцөлд амьдарч байна.

Шинэ үеийн Монголын иргэн бүхэнд өнөөдөр капитализм ээлээ өгөөгүй нь тодорхой. Өрх тэргүүлсэн ганц бие эмэгтэй хотын захын гэр хороололд амь зууж, үр хүүхдүүдийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангах гэж чадлынхаа хэрээр чарайж байгаа нь харагдана. Тал нутгаа орхиод хотод ажил олж хийхээр ирсэн түүнд юм бүхэн үнэтэй. Тэрээр хүүхдүүдийнхээ хамтаар байсхийгээд буяны байгуулагад хандахаас өөр аргагүй хүрдэг байна. 

Энэ эмэгтэй ганцаараа ингэж зовж зүдэрч байгаа бус. Гадаадын хөрөнгө оруулалтаар тэтгэгдсэн Монголын эдийн засгийн өсөлт, уул уурхайн баялаг элит баячуудын хүрээлэлд чөлөөтэй урсан орж байхад хүн ард нь хоосон хоцорч байгаа дүр зураг харагдаж байх аж.

Тус улс өнгөрсөн коммунист цаг үеэс холдохын хэрээр олон зуунаас эхтэй нүүдэлчин ахуйгаа алдах аюул тулгарч байна. Ердөө гуч хүрэхгүй жилийн дотор социализмын төвлөрсөн аж ахуйгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, урьд өмнө нь шахагдаж байсан хувийн аж ахуй өнөөдөр цэцэглэжээ. Дэлхий дахины даяарчлал ийнхүү асар их өөрчлөлт авчирч байгаа нь энэ.

"Дэлгүүрийн лангуунууд талх давснаас өөр зүйлгүй хоосорсон цаг үе байлаа. Харин нийгмийн шилжилт маш богино хугацаанд өрнөсөн" хэмээн Монголын баян бизнесмэнүүдийн нэг Цэрэнжигмэд ярьж байна.

Хөдөө орон нутгаас хот суурин газар зорьсон урсгал үүсэж өнөөдөр гурван сая Монголчуудын тал хувь нь нийслэл хотдоо суурьшжээ. Учир нь олонхи иргэд нүүдлийн аж ахуйн хэв маягаас зугтаж, хот суурин газар илүү цалин хөлстэй ажил хайх болсон байна. Гэвч баян ядуугийн ялгаа хэтэрхий өндөр болж. Улаанбаатар хотын оршин суугчдын 60 хувь нь цахилгаан эрчим хүч, ус хангамж байхгүй ядуусын хороололд амьдардаг бөгөөд өвөлдөө 40 хэм хүйтэрдэг байна.

Жил бүр 50 мянган хүн тал нутгаа орхиж хотод ирж суурьшдагаас хотын захын гэр хороолол өргөжин тэлсээр. Гэвч энд тэдэнд ажлын байр олдох нь ховор, цалин хөлс нь хотын амьдралын өндөр өртөгтэй харьцуулашгүй дор байдаг тухай өгүүлж байлаа.

Хэдийгээр бүгд л Саруулын Туул шиг сайхан амьдрахыг хүсдэг ч санаснаар болдоггүй аж. Загвар зохион бүтээгч Туул шинэ дээдсүүдэд зориулан тусгайлан өндөр үнэтэй хувцас урлаж өгдөг байна. Тэрээр өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа амьдралын ялгааг олж харж ийм бизнес хийхээр шийджээ. Түүний өгүүлсэнээр "ядуурал, архидалт газар аван цэцэглэж байгаа" аж.

Тус улсын өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийг тэтгэж байгаа уул уурхайн ашиг баян ядуугийн зааг ялгааг улам гүнзгийрүүлж байгааг олон нийт дунд шүүмлэх болсон бөгөөд Монгол улсын асар их байгалийн баялгийг гадаадын компаниуд цөлмөж, уугуул нутгийнханд алт, мөнгө, зэс, нүүрс, ураны уурхайн ашиг орлогоос өчүүхэн хэсэг нь наалдаж хоцорно гэж үзэх болжээ. Ийм үзэл бодлын улмаас үндсэрхэг үзэлтэй шинэ давалгаа бий болсон аж. Үүний нэгэн төлөөлөл нь алдартай рок од Амраа, түүний дуунууд гадаадынханыг хараан зүхсэн утга агуулгатай байдаг бөгөөд Монголын олон нийтийн сэтгэл санаанд нийцдэг учраас  тоглолтонд нь маш олон хүн ирдэг байна.

Өнөөгийн хөгжил дэвшлийн явцад уламжлалт баялаг ёс заншил алдагдах аюул нүүрлэж байгаад Монголын зарим элитүүд ах дүү Дагвадорж сэтгэл түгшиж, санаа зовниж байгаа бөгөөд эцэ өвгөдийнхөө ёс заншилыг аврахын тулд тэд  хөдөө нутагт хурдны 500 адуутай ферм байгуулахад хөрөнгө оруулалт хийжээ. Тэд адуучдаа байнга эргэж очихыг хүсдэг боловч их ажлын хажуугаар тэр бүр амждаггүй байна”.

Al Jazeera телевизийн нэвтрүүлэгт ийн бидэнд олныг бодуулах зүйлүүд өгүүлжээ. Харин төгсгөлд нь ийм асуулт тавьсан байх юм. Шинэ Монгол улсад өнөөдөр хүн бүхэн байр сууриа олж чадах уу, эсвэл эдийн засгийн хөгжил нь энэ орныг эргээд цохилтод оруулж сулруулах уу? #Moнгол улсын эдийн засгийн өсөлт саятнуудыг төрүүлж байна. Гэвч юу ч үгүй хоцорсон нь яах бол? # Ядуурал гэсэн байх бөлгөө. (Mongolia's booming economy is growing millionaires. But what happens to those who miss out or are left behind? #poverty)

Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь доорхи линкээс сонирхоорой.

http://www.aljazeera.com/programmes/101east/2014/09/out-steppe-201491151115262994.html

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.