“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал гурван сая зорчигч хүлээж авна

Twitter Print
2021 оны 08-р сар 24-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Монгол, Японы хамтран хэрэгжүүлсэн томоохон төслийн нэг болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-ийн 65.6 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлийн төслөөр барьсан. Энэ төсөл 2003 оны зургадугаар сараас эхлэн 17 жил үргэлжилж өнгөрсөн оны долдугаар сард дууссан ч цар тахлын улмаас энэ жил нээлтээ хийсэн юм. “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас даруй 2.5 дахин том буюу жилд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай энэ шинэ нисэх онгоцны буудлын 49 хувийг Монгол Улс, 51 хувийг Япон улс эзэмшдэг. Ямартай ч манай улс олон жил үргэлжилсэн шинэ нисэх онгоцны буудлын төслийг эцэслэж олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай боллоо. Энэ талаар Япон улсын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Катанода Томоки “Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч агаарын замаар дэлхийн улс оронтой холбогддог. “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор Монголын агаарын замын шинэ гарц болж бүс нутгийн уялдаа холбоо, аялал жуулчлал, ачаа тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ирэх жил Монгол, Япон улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ой тохионо. Тиймээс бид ойн арга хэмжээг өргөн хүрээнд тэмдэглэж хоёр улсын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх боломжтой” гэв.

Мөн хөнгөлөлттэй зээлийн төслөөс гадна Жайка-аас шинэ нисэх онгоцны буудлын менежментийн тогтолцоог бий болгоход дэмжих зорилгоор Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компанийн хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийг байгуулж, Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан. Үүний дагуу Япон улс 15 жил нисэх онгоцны буудлын менежментийг хариуцан ажиллах юм. Шинэ нисэх буудлын үйлчилгээ, менежментийг олон улсын стандартад нийцүүлэн хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Түүнчлэн “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал нь зөвхөн нислэгийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай байсан бол шинэ нисэх онгоцны буудал нь олон улсын стандартад нийцсэн зорчигчийн ая тухтай үйлчлүүлэх орчныг бүрдүүлсэн байна. Энэ талаар “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” компанийн зорчигч терминалийн газрын дарга Иномата Акинобу “Энэ шинэ нисэх онгоцны буудал нь Монгол, Япон улсын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан учраас Монгол, Япон улсын хэв шинжийг агуулсан. Зорчигчдод шаардлагатай үйлчилгээний төвүүдийг түрээсийн талбайд байршуулахыг зорьж ажилласан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бүртгэл, зөвшөөрөлтэй ААН-үүдээс түрээсийн талбайн сонгон шалгаруулалт явуулсан” гэв.

Өнгөрсөн сарыг хүртэл 64 жил гадаад болон дотоодын зорчигчдод үйлчилгээ үзүүлж ирсэн “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсон цагаасаа жил бүр нислэгийн зурвасын хучилтын ажил, өргөтгөлийн засварыг тогтмол хийж ирсэн. Гэсэн хэдий ч урд ба зүүн талаараа уул толгодоор хүрээлэгдэж зөвхөн баруун хойд талаасаа нислэг үйлдэх боломжтой, газар зүйн байршил хязгаарлагдмал байсан учир аюулгүй, ая тухтай ажиллагаа гэсэн олон нөхцөлийг сайжруулах шаардлагатай байсан.

Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь өмнө тулгарч байсан олон асуудлыг шийдэж өгснөөрөө онцлог юм. Жишээлбэл, шинэ нисэх онгоцны буудал нь гурван давхар 33000 м2 үйлчилгээний талбайтай, Монгол, Япон хоёр улсын болон олон улсын стандартыг шингээсэн консефцоор бүтээсэн байна. Түүнчлэн өдөрт олон улсын болон орон нутгийн нислэгийн 139 агаарын хөлөг, 12 мянга орчим зорчигч хүлээн авах хүчин чадалтай, цаашлаад жилдээ 4.5 сая зорчигч хүлээн авах боломжтой юм.  Мөн нислэгийн зурвасын урт “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд ашиглаж байсан зурвасаас 500 метрээр урт буюу 3600 метр. Нисэх онгоцны буудлын баруун талд орон нутгийн бүртгэлийн цэг, зүүн талд Олон улсын нислэгийн бүртгэлийн цэг байрлана. Олон улсын 16, орон нутгийн бүртгэлийн 10 цэг энд ажиллаж давхар бүрт зорчигчдод зориулсан мэдээллийн төвийг байршуулжээ. Мөн зорчигчдод шаардлагатай үйлчилгээний төвүүд, татваргүй барааны дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Манай улсын хувьд зуны улиралд зорчигчдын тоо ихсэж өвлийн улиралд харьцангуй багасдаг учир зорчигчдын нислэгийн цагаа хүлээж суух сандалын тоог ч хангалттай хүрэлцэхээр тооцоолон зохион байгуулжээ. Түүнчлэн зорчигчдын ая тухтай байдлыг харгалзан ачаа тээш хадгалах үйлчилгээ, аялал жуулчлалын мэдээлэл авах боломжтой мэдээллийн төвүүд, амрах хэсэг, мэдээллийн салбар, банк, вальют арилжааны цэгүүдийг шаардлагатай хэсэг бүрт байршуулсан байна.

Тэгвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь шинэ шийдлүүдийг танилцуулж байна.

Салхины чигээс хамааран хоёр талаас хөөрөх, буух боломжтой

Хөшигийн хөндийд сүндэрлэсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь эргэн тойрондоо өндрийн саадаас чөлөөтэй, тэгш уудам хөндий учраас салхины чиглэлээс хамааран хоёр талын буулттай зурвас төлөвлөх боломжтой гэдгээрээ давуу талтай. Нисэх онгоцны шинэ буудал нь олон улсын C9 зэрэглэлийн гал унтраах байгууламж, дулааны станц, цахилгаан дамжуулах 110 Кв-ын өндөр хүчний шугамын дэд станц, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй галын цамхаг, 8000 тоннын багтаамжтай шатахууны агуулах гэсэн шаардлагатай дэд бүтцийг цогцоор нь шийдэж өгсөн байна. Мөн гүний худгийн барилга, бохир ус цэвэрлэх ариутгах татуурга, ус цэвэршүүлэх байгууламж, агаарын хөлөгт үйлчлэх  тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний  барилга, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн гарааш, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант системийг шийдэж ашиглалтад оруулжээ.

Цахилгааны хэрэглээг 50 хувь бууруулсан эко зохион байгуулалт

Шинэ нисэх онгоцны буудлын шинэ давуу тал нь эрчим хүчний хэрэглээг 50 хувь бууруулах эко зохион байгуулалт юм. Энэ нь олон улсын том нисэх буудлын адил бүтэн шилэн фасатаар хийсэн учраас байгалийн гэрлийг сайн нэвтрүүлэх боломжтой. Мөн эрчим хүчний зарцуулалтыг багасгах зорилгоор зорчигчгүй хэсэгт гэрэл автоматаар унтрах, асах ухаалаг системийг суурьлуулжээ.

Ангилан ялгах хогийн савыг байршуулжээ

Манай улсад энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, журам баталсан байдаг ч төдийлөн хэрэгжиж төлөвшөөгүй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд ААН-үүд, иргэд өөрсдийн санаачлагаар хогоо ангилан ялгахыг тууштай уриалсаар байгаа. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал энэ асуудлыг орхилгүй хог ангилан ялгах хогийн савыг байршуулжээ. Энэ нь олон улсын онгоцны буудалд мөрдөгддөг аюулгүй байдлыг хангах зориулалттай аж.

“Буянт-Ухаа”-Гаас 2.5 дахин их буюу 830 автомашины зогсоолтой

“Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудал төдийгүй нийслэлчүүдийн хамгийн том тулгамддаг зогсоолын асуудлыг энд бүрэн шийджээ. Тухайлбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нь гадаа талбайдаа 830 автомашины зогсоолыг байгуулсан байна. Энэ нь “Буянт-Ухаа” нисэх буудлын автомашины зогсоолоос даруй 500 зогсоолоор илүү гэсэн үг юм. Зогсоолын төлбөрийг автомат машин болон заасан цэгт төлөх боломжтой. Мөн өмнө нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу хуваарийн дагуу явдаг чиглэлийн автобус байдаггүй байсан. Тиймээс энэ удаа цагийн хуваарийн дагуу явдаг чиглэлийн автобус, такси, машин түрээсийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн байна.

Баглаа боодлын үйлчилгээг цэгцэлжээ

Баглаа боодлын үйлчилгээ нь “Буянт-Ухаа” хуучин нисэх онгоцны буудалд байсан зорчигч ашиглахад ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг цэгцэлж тусгай цэг гаргажээ. Ингэснээр зорчигчид ачаа бараагаа баглаж, цэгцэлэхэд илүү хялбар болох юм.

Зорчигчдын ачааг автоматаар хүргэх “BHS” шинэ системийг нэвтрүүлжээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын нэг шинэлэг шийдэл нь “BHS” систем. Энэ нь зорчигчийн ачааг тавихад автоматаар явах нислэг рүү нь хүргэдэг аж. Мөн энэ шинэ системийг нэвтрүүлснээр ачаан дотор хориотой болон тэсэрч дэлбэрэх бодис байгаа эсэхийг илрүүлэх боломжтой. Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас ялгарах шинэ бүтэц нь 40 хүний багтаамжтай “Линк” лоунж юм. Бизнес зэрэглэлийн болон бүх зорчигч үйлчлүүлэх боломжтой бөгөөд өдөр бүр халуун хоол, төрөл бүрийн уух зүйлээр үйлчилдэг энэ лоунжийг шууд хилийн бүс рүү буюу нислэгийн хоолой руу орох боломжтой учраас “Линк” гэж нэрлэсэн байна.

Хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцэрийг байршуулжээ

Олон улсын стандартад нийцсэн, зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх орчныг хангах үүднээс хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэргэнцрийг давхар бүрт мэдээллийн төвийн хажууд байрлуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон бүх зорчигч ая тухтай үйлчилгээ авах боломжтой орчныг бүрдүүлсэн байна. Энэ мэтээр олон жил үргэлжилсэн төсөл эцэслэж монголчууд олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх онгоцны буудалтай болжээ.

Б.Бямбажаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.