Хууль сахиулагчдын эрх дарх хэрээс хэтэрлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 11-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Шинэ хичээлийн жил эхлээд удаагүй байхад гурван бага насны хүүхэд автын ослоор харамсалтай амиа алдлаа. Мөн 25 хүүхэд дээрх ослын улмаас гэмтэл авчээ. Энэ бол цөөхөн хэдэн Монголчуудад ахадсан тоо баримт. Өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр СБД-ийн нутаг дэвсгэр  7 буудлаас 17-р сургууль явах замд 12 настай охин автомашинд дайруулж амиа алдсан. Харин мөргөсөн жолооч нь цагдаагийн ажилтан байсан.

Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн газрын харьянд байдаг СЭҮ 0023 улсын дугаартай “Элентра” маркийн автомашин урсгал сөрж яваад ийнхүү аймшигт осол гаргаж 12-хон настай охин хорвоог орхин одлоо. Хохирогч охин Ц нь 12 настай Нийслэлийн 17-р дунд сургуулийн зургаадугаар ангид сурдаг байжээ. Тэр өглөө ээждээ “Ангийн хуралтай, дугуйландаа явна. Оройтож ирэх байх” гэж хэлээд гарсан охин гэртээ үүрд ирэхээргүй алсад одлоо.

Осол гаргасан машиныг цагдаагийн ахлах ахлагч Н.Ууганбаяр гэгч жолоодож явжээ. СЭҮ 0023 улсын дугаартай машин тухайн үед Нийслэлээс Хөтөлийн цементын үйлдвэрийн  нээлтэнд оролцох автомашинуудыг буферлэж явахаар Сэлэнгэ аймгаас ирсэн юм байна. Харин тохирсон цагаасаа хоцорсон учир ийнхүү урсгал сөрөн хурд хэтрүүлж явсан аж. Гэтэл замын хажуугаас гэнэт хүүхэд гараад ирэхэд жолооч нь хурдтай явсан машинаа зогсоож чадаагүй байна.

Энэхүү осол цагдаагийн ажилтнуудын хариуцлагагүй үйлдээс болж гарсан гэдэг нь тодорхой юм. Хэрэв цагдаагийн машин түгжрэлтэй үед дохиогоо хангинуулж явах эрхгүй байсан бол урсгал сөрөхгүй байсан. Сүүлийн үед цагдаагийн албан хаагч нартай холбоотой хэрэг гарах нь элбэг болсон. Саяхан гэхэд Цайз захаас Офицер уруудах замд цагдаагийн албан хаагч унаж явсан автомашин хүн дайрсан хэрэг гарсан.

Хамгийн ойрын жишээ дурадахад ийм байна. 12 настай Ц-г амиа алдахад иргэд цахим хуудсаар өөрсдийн санал бодлыг нэлээдгүй бичсэн. Ихэнх нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг буруутгаж байлаа. Хэрэв ахлах ахлагч Н.Ууганбаяр төрийн хувцас өмсөж, цагдаагийн машин унаагүй байсан бол бусадтай адилхан замын хөдөлгөөнд оролцож бяцхан охины аминд хүрэхгүй байсан. Салбарын сайд нь оновчтой шийдвэр гаргах гэсээр байтал бяцхан үрс минь хохирогч болж үлдсээр байна.

2013 онд 17 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдсан бол 2014 он гарсаар 100 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1218 зам тээврийн осол бүртгэгдэж, үүний 234-т нь хүүхэд хохирсон замын хөдөлгөөний эсрэг гэмт хэрэг гарчээ. Мөн гэмт хэргийн улмаас 37 хүүхэд амиа алдсан байна. Харин энэ он гарсаар 100 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн. Мөн хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад 24 хүүхэд машинд мөргүүлэн гэмтэл авч, 16 нь хүнд бэртсэн байна.

Эцэг эхүүд хүүхдээ өдөр болгон хүргэж өгч, авч чадахгүй. Өчигдөр цагдаагийн машинд дайруулж амиа алдсан охины ээж хэлэхдээ “Миний охин өнгөрсөн жилээс ганцаараа хичээлдээ явдаг болсон. Дандаа явган хүний гарцаар гардаг” гэсэн юм. Гэтэл төрийн хувцас өмссөн бол хаагуур явах нь миний дур гэж боддог цагдаагийн албан хаагчын зохисгүй үйлдлийн золиос боллоо.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.