Мухар сүсгийн гамшиг

Twitter Print
2020 оны 06-р сар 13-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

"Хүй нь цөглөөгүй хүүхдийн баастай памперсыг хогонд хаяж болохгүй! Хөхний сүү татардаг" гэсэн шинэ сүсэг эхчүүдийн дунд хаанаасаа ч түгсэн юм!

Бохир шингэсэн живхээр хатан Туулын доод биеийг бузартуулсан нь. Мөн хэдэн зууны турш дархалсан Хан уулын ойд ч өнөөх л баас, шээстэй живх битүү хөглөрсөөр байна! Ус чандмань эрдэнэдээ сүүтэй шанага ч хүргэхийг цээрлэдэг ард түмний үр сад өнөөдөр гэгээрэх байтугай харин ч ингэж мунхралын туйлд хүрчээ!

Нэмээд, амьтанд хайртай хүмүүсийн Азтай савар гэх мэт группүүдэд "Нүдээ нээгээгүй гөлөг авна" гэх зар олшрох болсон нь бөө, мэргэч төлөгчдийн заавраар нялх өхөөрдөм гөлгийг өвчин ороодог хүүхдийн амины төлөөсөнд илгээх зорилготой гэх юм! Эвий, эцэг дээдэс минь "Ертөнцийн гурван хөөрхөн"-д оруулж өхөөрдөн хайрласаар ирсэн нялх амьтны амиар үр хүүхдийнхөө төлөө золиос өргөнө гэхийг 21-р зууны эрүүл саруул сэтгэхүй яагаад ч хүлээж авч чадашгүй!

Бурханы шашинд, Сиддарт Гаутама багшийн сургаальд амь бүхнийг эжий шигээ энэрэн хайрлахыг сургадаг. Шашинд огт ид шид үгүйг Бурхан багш сургасан учраас нялх гөлгөөр амь солих тухай сургааль ном хаа ч үгүй.

Тэгэхээр огт шашингүй хүмүүс мухар сүсэгт автаж, фб группийн элдэв мунхрал, мэргэч төлөгчийн айлдварт сохроор итгэдгийн гай энэ!

Сүүлийн 10 жилд дэлгэрсэн "Живхний сүсэг"-т итгэгчид нь 20-30 насны зарим залуу эхчүүд, тэдний нөхрүүд байгаа гэхээр эцсийн дүгнэлтийг ухаант хүн Танд үлдээв!

Жич: "эрдэнэт" живхийг голд хаяхаар ус шингээсээр 4-5 кг хүртэл хүндэрдэг. Дандаа эрчүүд маань бүсэлхий хүртэл хүйтэн усанд зогсч гол усаа "ариун" живхнээс цэвэрлэдэг ба энгийн хогноос хэд дахин их даацтай машинаар зөөдөг. Манай эрэгтэйчүүд дунд бөөрний өрөвсөл, бөөрний дутагдал газар авсаар л байгааг хэлэх үү! Тултлаа ус шингээсэн живх галд шатдаггүй гэх мэт уршиг нь дуусашгүй!

Б.Шүүдэрцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.