
Та бүхэнд узбек плов хэрхэн хийдэг аргаа зөвлөе.
Эхлээд цагаан будаагаа /урт үрийн цагаан будаа байвал бүр сайн/ гурван цагийн өмнө цэвэр усаар хэд хэдэн удаа угааж усаа хэд хэдэн удаа юүлж том аяганд хийсэн будаагаа цэвэр усанд нь үлдээнэ. Гурван цагийн дараа ус будаанд шингэж будаа томорч өсөөд зөөлөрчихсөн байх ёстой.
Хэрэв та чихрийн шижинтэй бол гурвалжин бор будаагаар плов хийгээрэй. Хонины махаа дөрвөлжин хэрчиж бэлэн болгоно. 1 кг эсхүл хагас кг мах байхад болно. Үхрийн мах байсан ч болно. Монгол малын мах олон витаминтай тул элдэв олон амтлагч хоолондоо бүү хийгээрэй. Дараа нь улаан луувангаа урт нарийхан хэрчинэ. Сонгиноо хэрчинэ. Бүхэл сармисын гаднахыг нь хуулан авч сармисаа бүтнээр нь сүүлд плов дээрээ хийнэ. Огт сармис хийхгүй байсан ч болно. Шар манжин нэмж хийсэн ч болно. Хонины сүүл байвал бүр сайн.
Одоо тогоондоо яаж хийхийг хэлье.
Эхлээд тогоогоо халааж есийн тосоо хийж халаагаад дараа нь хэрчсэн сонгиноо хийж шаргал өнгөтэй болтол нь хайрна. Гал ширүүн байж болно. Дараа нь дөрвөлжин хэрчсэн махаа хийж бор болтол нь хайрна. Дараа нь урт нарийн хэрчсэн луувангаа хийж хайрна. Шар манжин нэмж хийж болно. Дараа нь Увс нутгийн бор давс хийж модон халбагаар хутгаж хольж хайрна. Хамгийн амттай сайн чанарын давс бол Увс нутгийнх байдаг юм шүү. Дараа нь усанд уусаж зөөлөрсөн будаагаа мах ногоон дээрээ хийж тэгшилнэ. Дээр нь хонины сүүлээ хийнэ. Дараа нь цэвэр хүйтэн ус хийнэ. Ганц хоёр лавровый навч дээр нь хийж болно. Хар перец будаан дээрээ жаахан хийж болно. Ус нь будаанаас дээш 1-3 см байхад болно.
Галаа нэмээд усаа далд ортол нь жигнээд тогоогоо таглалгүй хараад бай. Ус нь далд орсон бол будааны дунд нөгөө гаднахыг нь арилгасан нэг том багц сармисаа хийнэ. Тэгээд тогооны тагийг нь дээр нь тавь. 15 минут орчмын дараа хоол үнэртээд ус нь ширгээд бага зэрэг шажигнасан дуу гармагц галаа багасгаад дээр нь байгаа будаагаа болсон эсэхийг нь шалгаж болсон бол будаан дээрээ бага зэрэг есийн тос, бор давс бага зэрэг нэмж зөвхөн будаагаа хутга. Дор нь байгаа мах ногоотой хольж хутгаад хэрэггүй. Тэгээд галаа бүр багасгаж тогоогоо таглаад дахин гал дээрээ жаахан байлга.Түлж болохгүй. Мах ногоо нь тогооны ёроолд наалдаж болохгүй.
Тэгээд бүх зүйл нь зөөлөрсөн, болсон гэж үзвэл будаагаа мах, ногоотой нь хамт хутгаад тавганд аягална. Дээр нь монгол ногоон сонгино хийвэл бүр гоё болно. Ингээд тос нь будаандаа шингээд зөөлөн сайхан амттай болчихсон Исламын ертөнцийн дундад азийн плов гэдэг зоог бэлэн болдог юм даа.
Доржийн СҮХБААТАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(122.201.21.177) 2021-01-17 12:18Өзбекүүд ургамлын тосондоо заавал хонины сүүлний тос хольж байхыг харсан.махаа жижиглэхгүй томоор нь тосондоо чанаж байсан.
Хариулах