Ядуу буурай орнуудын гол мөрнүүдэд эмийн бодисын бохирдол өндөр байна

Twitter Print
2022 оны 02-р сар 15-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Английн Йоркийн их сургуулиас хийсэн судалгаагаар гол мөрнүүд дэх эм, эмийн бэлдмэлийн бохирдол нь байгаль орчин ба дэлхийн эрүүл мэндэд аюул учруулах түвшинд хүрчээ.

Судалгааны явцад гол мөрнүүдэд парацетамол, никотин, кофеин болон таталтын эсрэг эм, чихрийн шижингийн эсрэг эмийн бодис хамгийн ихээр илэрчээ. Пакистан, Болив, Эфиоп улсын гол мөрнүүдэд эмийн бохирдол хамгийн их байсан бол Исланд, Норвеги, Амазоны ширэнгэн ойн голуудад эмийн бодисын бохирдол хамгийн бага илэрсэн байна.

Өргөн хэрэглэгддэг эмийн бэлдмэлүүдийн гол мөрнүүд дэх бохирдол загаснуудын хөгжил, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж, антибиотикт тэсвэртэй нянгууд бий болох эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна олон талын сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрдэмтэд 100 гаруй улсын 1000 гаруй байршлаас 258 гол мөрний уснаас дээж авч шинжилсний 25 гаруй хувьд нь усан дахь "идэвхтэй эмийн бодисын хэмжээ" нь гол усны амьд биетүүдэд аюул заналхийлэх түвшинд хүрсэн гэж гарчээ.

Хүмүүс эм уусны дараагаар эмийн бодисын тодорхой хэсэг нь биенээс гадагшилдаг, гэтэл одоогийн байдлаар хамгийн орчин үеийн гэсэн цэвэршүүлэх байгууламжуудын аль нь ч тэдгээр эмийн бодисыг уснаас бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа гэдгийг эрдэмтэд онцолж байна.

Голуудад хамгийн ихээр таталтын эсрэг карбамазепин болон чихрийн шижингийн эсрэг метформин эмийн бодисууд илэрсэн бол Африкийн голуудад хумхаа өвчний эсрэг артемизинин их хэмжээгээр илэрчээ.

Эрдэмтдийн хэлж байгаагаар иргэд бие махбодийн төдийгүй сэтгэл зүйн эмгэгтээ эмийн бэлдмэл хэрэглэх нь олширсноос голууд дахь эмийн бохирдлын түвшин улам нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Эмийн бохирдол хамгийн ихтэй гол мөрнүүдийн дийлэнх нь бохироо шууд гадаанаа асгадаг, бохир усны шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж муутай, эмийн үйлдвэр ихтэй бага ба дунд орлоготой улс орнуудад байрлаж байжээ.

Гол мөрнүүдийг эмийн бохирдлыг бууруулахын тулд улс орнууд эмийн зохистой хэрэглээг бий болгох, антибиотикийг жороор өгч, эмийн бодисны тунд хатуу хяналт тавих зэрэг арга хэмжээ авахыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.