Том банкууд нээлттэй хувьцаат компани болох хуулийг баталлаа

Twitter Print
2021 оны 01-р сар 29-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Чуулганы нэгдсэн хуралдаанаар /2021.01.28/ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банк /үүнд, таван том банк/ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болох юм. Уг хууль  2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор системийн нөлөө бүхий буюу Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтэд хувьцаагаа санал болгоно гэсэн үг.

Дараагийн хамгийн чухал өөрчлөлт бол банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулахад чиглэсэн. Энэ нь банкны нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Тус зохицуулалтыг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хуулийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн байх ёстой. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулж, банк олон хувьцаа эзэмшигчтэй болно гэж хууль санаачлагчид үзсэн юм. 

Төрийн өмчийн оролцоотой банкийг хувьчлах тухай асуудал бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа нь Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах харилцаа байдаг. Тиймээс үүнтэй холбоотой асуудлыг Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Засгийн газраас хуульд заасан хугацаанд бүх банкны адил хувьцаат компанийн хэлбэрт шилжих болон бусад арга хэмжээг хуульд заасны дагуу шийдвэрлэх талаар тусгасан байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.