Л.Энх-Амгалан: Сэтгэлийн үйлээ буруудуулах нь бамбайн эмгэг үүсэхэд ихээхэн нөлөөлдөг

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Бамбай булчирхайн өвчлөлийн талаар Уламжлалт анагаах ухааны Манба Дацан нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн эрхлэгч эмч Л.Энх-Амгалантай ярилцлаа. 

-Бамбай булчирхайн өвчлөлийг уламжлалт анагаах ухаанд хэрхэн авч үздэг вэ. Энэ талаар эхлээд ярихгүй юу?

-Бамбай булчирхайн өвчлөлийн үед хүзүү тойрсон булчирхай, судаснуудын эмгэг өөрчлөлт бий болно. Уламжлалт анагаах ухаанд бамбайн өвчлөлийг хийн, шарын, бадганы, хурмал, цуснаас, өөхнөөс үүдэлтэй, буян хишгийн, урхагт бамбай гэж найм ангилдаг. Үүнээс буян хишгийн бамбай гэдэг нь бамбайн хэмжээ нь томорсон ч ямар нэгэн өвчин зовиур, эрсдэл байхгүй. Энэ нь тухайн хүнд өлзийтэй сайны шинж гэж үздэг.

-Энэ өвчний гол шалтгаан нь юу вэ. Ямар үүрэгтэй эрхтэн бэ?

-Идээ унд, явдал мөрөө илүүдүүлж, дутуудуулж, буруудуулсанаас шалтгаалж үүсдэг. Тухайлбал, сэтгэлийн үйлээ буруудуулах буюу гуниж гутрах, сэтгэлийн гасланд орох, сэтгэл түгших зэрэг буруу, муу сэтгэл нь бамбайн эмгэг үүсэхэд ихээхэн нөлөөтэй байдаг. 30-50 насны хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Эрчүүдэд хүнд хэлбэрээр тохиолддог. Мөн эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн эмгэгтэй холбоотойгоор энэ өвчин үүсэх магадлалтай байдаг. Бамбай булчирхай нь хүний биед маш хэрэгтэй дааврыг ялгаруулдаг. Энэ үйл ажиллагаа нь алдагдаад ирэхээр бамбай булчирхайд өөрчлөлт гарч, түүнтэй холбоотойгоор зүрх, бөөр, эмэгтэйчүүд, эрчүүдийн түрүү булчирхайд эмгэг өөрчлөлт үүснэ. Даавар ялгаруулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор эмэгтэйчүүдэд илүү тохиолдоно.

-Ямар үүрэгтэй эрхтэн бэ. Бамбай булчирхай өвчилсөн бол ямар шинж тэмдэг илрэх бол?

-Дээш гүйгч хий, амь баригч хийн гүйдлүүд бурууддаг учраас эдгээр хийг голлон түшиглэдэг сэтгэлийн гүйдэлд эмгэг өөрчлөлт ордог учраас сэтгэл тогтворгүй болж долгисож, хэт их баярлах, хөөрөх, эсвэл уйланхай гомдомхой болж, сэтгэл хөдлөл нь тогтворгүй болно. Зүрхний цохилт олшрох, гарын алга, хөлийн ул хөлрөнө.  Хий, шар, бадганы гэмийн шалтгаанаас хамаараад өөр өөр шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, шараас шалтгаалсан бамбай нь халуунд, хүнд хүчир ажил хийсний дараа илүү томордог, өвддөг. Хийнээс шалтгаалсан бамбай нь дотроо зангилаатай байдаг бол бадганы шалтгаантай бол хатуу, ихэвчлэн хөдөлгөөн багатай хүмүүст тохиолддог. Хий, шар, бадган гурвуул хурж хямарсан бол үед амьсгаа нь давчдах, хоолой нь хэржигнэж дуугарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ нь нэлээд хүнд хэлбэрийн өвчлөл л дөө. Урхагт бамбай нь өвчин эхэлсэн цагаасаа гэм хор ихтэй, хордлого ихтэй, салгалж чичирдэг, зүрх судасны үйл ажиллагааг алдагдуулах зэрэг шинж тэмдэг гарна.

-Өөхнөөс үүдэлтэй бамбай гэдэг нь таргалалтаас шалтгаалсан гэсэн үг үү?

-Эс шингэх буюу таргалалттай холбоотой гэж хэлж болно. Өөхнөөс үүдэлтэй бамбайн гол шинж тэмдэг нь хэмжээ нь ихсэж, багасаад, хурдан хугацаанд өөрчлөгдөөд байдаг. Шалтгаан нь өөх тосны илүүдэл, ходоодны галын илч буюу хоолны шингээх чадвар муудсантай холбоотой.

-Бамбай булчирхайн өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох вэ?

-Өвчний хамгийн гол шалтгаан нь сэтгэл санаатай холбоотой учраас тайван байх, амьдралын зөв хэвшил, дадалтай байх хэрэгтэй. Хоол ундаа зохицуулж идэх хэрэгтэй. Хоол ундаа улиралдаа зохицуулна, өдөртөө зохицуулна. Өдөрт идэх хоол ундны зохицол гэж хүртэл бий. Өмнөх хоол нь ямар байна, түүнтэй тохируулан дараагийн хоолоо идэх хэрэгтэй. Уух юмныхаа хэмжээг тохируулах, улиралдаа тааруулж хувцаслах зэргийг анхаарч чадвал бамбай булчирхайн өвчлөлөөс сэргийлж чадна. Ер нь ганц бамбайн өвчлөл гэлтгүй олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам бол энэ юм.

-Бамбай булчирхайн өвчнөөс шалтгаалан ямар нэгэн эрхтэнд өвчлөл үүсч болох уу. Ер нь энэ өвчний үед гарах хүндрэл, эрсэдлийн талаар ярихгүй юу?

-Бамбайн хордлогонд орвол зүрх дэлсэх, салгалж чичрэх, даралт ихсэх зэрэг зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүд гарна. Бас нүдэнд өөрчлөлт орно, сэтгэл санаа маш тогтворгүй болж, уурлаж бухимдана, айж сандарна, түгших, цочих, хөлрөх, нойр хямрах гэх мэт сэтгэл санаа, мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтүүд илрэнэ. Цаашлаад хавдар болох эрсдэлтэй байдаг. Эрчүүдэд ялангуяа хавдар болох эрсдэл өндөр. Эмэгтэйчүүдийн хувьд харьцангуй бага. Эрчүүдэд зангилаа үүссэн тохиолдолд ямар төрлийн зангилаатай байна гэдгээс хамаараад хавдар болох магадлал өндөр байдаг. Бамбай булчирхайн өвчлөлөөс шалтгаалж эрчүүдэд бэлгийн сулрал, үргүйдэл тохиолдох, эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдгийн мөчлөг алдагдах эрсдэлтэй.

-Бамбай булчирхайг уламжлалтаар хэрхэн эмчилдэг вэ. Уламжлалт эмчилгээний үр дүн ямар байгааг Манба Дацан эмнэлгийнхээ жишээн дээр ярихгүй юу?

-Уламжлалт анагаах ухаанд идээ унд, явдал мөр, эм, заслаар өвчнийг анагаана гэж үздэг. Зөвхөн эм өгөөд, хануур, бариа, төөнүүр гэдэг ч юмуу засал эмчилгээг хийхээс гадна тухайн хүн идээ унд, явдал мөрийн дэглэмийг маш сайн сахих хэрэгтэй байдаг. Манай Манба Дацан эмнэлэгт бамбай булчирхайтай хүмүүс ирж эмчлүүлдэг. Өөр өвчлөлийн улмаас ирж үзүүлэхэд нь ч бид бамбай булчирхайн өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн бол бамбайн эход харуулах, дааврын шинжилгээ өгөх зэргийг зөвлөдөг. Манай эмнэлэг Японы Хитачи-Алоко фирмийн эхогоор бамбай булчирхайг хардаг. Ер нь ямар ч өвчнийг эрт үед нь оношилж, эмчилвэл эмчилгээний үр дүн сайн байх нь ойлгомжтой. Эдгэрэлтийн хувьд үр дүн өндөр байгаа. Гэхдээ зангилааны хэлбэр хэмжээ, тухайн өвчтөний насны онцлог, олон жил өвдсөн үү, архаг болсон уу гэдгээс шалтгаалаад эмчилгээний үр дүн харилцан адилгүй байна. Уламжлалт эмчилгээний нэг онцлог нь зөвхөн бамбай булчирхайг эмчлээд зогсохгүй дагалдаж гарсан өвчлөлүүдийг давхар эмчилдэгээрээ давуу талтай. Энэ нь бамбайн өвчлөлийн эдгэрэлтэд сайнаар нөлөөлдөг. Тухайн хүний төрсөн жилээс шалтгаалаад гүрэм заслыг ч хийдэг. Тусгайлан гүрэм засал хийж болно, эсвэл тухайн хүн өөрөө тарни унших, тарни уншаад бамбайн хэсэг дээр зан үйл хийх зэрэг эмчилгээнүүд ч байдаг.

-Танайд ямар төрлийн бамбайтай хүмүүс голчлон хандаж байна?

-Манай эмнэлэгт өвчлөл нь эрт үедээ яваа хүмүүс ирж байна, бүр хордлогод орчихсон, архаг болчихсон хүмүүс ч ирдэг. Ихэвчлэн зангилаа үүсчихсэн хүмүүс ханддаг. Шинжилгээн дээр өөрчлөлт гардаггүй ч бамбайдаа өөрчлөлттэй хүмүүс бас ирдэг. Бамбайг эмчлэхдээ зүрх судас, ходоодыг нь давхар эмчилдэг. Ямар шинж тэмдэг үзүүлж байгаа үед ямар эмчилгээ хийх вэ гэх зэргээр эмчилгээний тактикийг тухайн хүн бүрт тохируулж шийднэ. Уламжлалтаар бамбайн өвчнийг эмчлэх боломж бий.

-Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.