Байр худалдан авахдаа сэтгэлийн хөөрлөөр бүү ханд...

Twitter Print
2022 оны 08-р сар 28-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 10 жил байр зарахадаа ойлгож авсан юм.

• Хаана ч хамаагүй, ер нь ямарч байрыг гоё болгож болдогийг харлаа. Өөрийн байгаа дассан байршилтай, танил хөршүүдтэй, хуучирсан ч дурсамжтай, юм юмандаа ойр байртай бол сайхан засвар хийгээд “гоё болгоод” ав. Сайхан ногоон байгууламж, шинэ байр, шинэ орчин тойрон хэрэгтэй ч шинэ хотхонууд бүх хэмнэлийг чинь шинэ болгоно. Бодууштай!

• Бага насны хүүхэдтэй бол дараагийн 10 жил хүүхдээ сургуульд зөөхөө тооцоол, 10 жил шүү дээ. Сургуулийн ойр орчмын байж болох аятайхан сонголтуудаас хий. Хэрэглэгчдээс хамгийн түрүүнд асуудаг асуулт “Хүүхдийн тань сургууль хаана вэ?”, дараа нь зөвлөж эхэлдэг дээ.

• Банкны зээлээр байр авах нь албан ёсны зөв ч болж өгвөл хувь лизингээр ав. Өөрийн төлж чадах хэмжээнд хувиараа тохиролцоно гэсэн үг. Байр болон банкны хүү дарамт байх ёсгүй, өнгөрсөн жилээс хувь лизингтэй байрууд нэмэгдсэн.

• Ер нь лагерийн байртай бай. Эмээ өвөө нар маань олоон жлийн өмнөөс жижиг ч хамаагүй зуслангийн байртай байсан нь учиртай л байгаа юм. Агаар салхинд байгаль дэлхийтэй хотжилтоос холдон ойртох ухаан, зав, сэдэл, шалтгаан гарга. Зунжин лагерьт тоглож өссөн хүүхэд өндөр болоод ирдэг. Ядаж урт наслахад чинь дэмтэй.

• Лагерь зуслангийн байрыг өндөр үнээр засч тохижуулах шаардлагагүй, хаустай болж байгаа юм чинь гээд л бүгд байдгаа зараад энд тэнд дан зуслангийн байранд сүрхий тохижилт хийчихдэг. Тэгээд чухам үнэтэй засч тохижуулсан зарагдахгүй дан дан байшингууд бол зарж буй бидний зовлон байдаг даа. Ер нь танд таалагдсан юм, бусдад яг тав нийцэх нь ховор тэгээд том байр үнэтэй засал хийсэн бол бүүр хэцүү. Байгальтай ойр байх үндсэн үүргээ зуслангийн байр гүйцэтгэх ёстой! Мод уул усгүй нүцгэн газар битгий ав! Угаасаа тийм газрын үнэ хямд байдаг. Хямд юм болгоныг нухацтай бодож худалдан авах шийдвэр гарга.

• Сэтгэлийн хөдлөлөөр шинэ байр, тэр тусмаа шинэ хаус авах шийдвэр битгий гарга. Сэтгэлийн хөдлөл унтаад босоод ирэхэд дарагдсан байдаг. Ямарч шинэ байр сайхан санагдаад сэтгэлийн хөдлөлөөр аваад амьдараад 3 хоноход л хуучин байр болчихдогийг тооц! Манай агентууд сэтгэлийн хөдлөлөөр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн худалдан авах шийдвэрийг шийдвэрт тооцдоггүй! Тэднийг шахдаггүй компанийн соёлтой.

• Хөршилж амьдрах бол бидний хэрэгцээ. Суурин газар 500 дотор айлтай, хотоос гадна 15-с дээш айлтай хотхонууд яг боломжын байдаг. Хэдэн 1000 айл хотхон эсвэлл 6аахан хаустай вилла бол амьдралд хөршилөхөд тийм аятайхан байдаггүйг мэдэж авсаан.

• Том байр, том хаус, том м2 бол үнэндээ гоё биш дээ. Тэр тусмаа ам бүл цөөтэй айлд том м2 байр эхэндээ гоё л байх. Гэр бүлийн амьдрах орчинд халуун дулаан уур амьсгал чухал байдаг. Бидний үеийн өдрийн ихэнх цаг ажиллаж гэртээ байдаггүй хүмүүст илүүдсэн том м2 байтугай илүү өрөө ямарч шаардлагагүй, ярихад зарахад бас анхандаа л том м2 гоё болохоос удаан амьдраад ашиглалтгүй өрөөнүүд цэвэрлээд эхлэхээр өөрт ядаргаатай болж эхэлдэг, эсвэл гэрийн үйлчлэгчээ цэвэрлэ гэж зовооно. Ер нь илүүдсэн ашиглалтгүй том зайнаас зайлсхий!

• Хэтийдсэн том м2 байр хаус авч байгаа хүмүүс ихэвчлэн анх удаа хаусд, анх удаа том м2-д амьдарч үзэж байгаа хүмүүс байдаг. Харин том м2-тай байр болон хауст амьдарч үзсэн хүмүүс цомхон эвтэйхэн таарсан хөрөнгийг хайж явдаг даа.

• Бүх хүн гэр орноо бодож, засч тохижуулж амьдардаг болохоор хувь хүн болгонд гэр орон, өөрийн хөрөнгө нь үнэ цэнэтэй байдаг. Нэг ёсондоо гэрийн эзэд бүгд байраа нэг юм бодож авсан болохоор эзэд бүгд байраа магтана. Тэдний сэтгэлийг хүндлээд шүүмж дүгнэлтээ дотроо бод! Олон байраар орж гарсан агентуудтайгаа зөвлө, сонголтуудыг асуу!

• Байр үзэж байгаа хүмүүс өөрийн амьдрах орчиноо зөнгөөрөө сонгодог. Хичнээн сайн борлуулагч, ямар сайхан бүсгүй зарж, хичнээн мянган дагагчтай байлаа ч байр зарах гэдэг бол хэрэглэгчдийг мэдэрч туслах л ажил байдаг. Үл хөдлөхийнхөний борлуулж буй бүтээгдэхүүн бол байр өөрөө! Бүтээгдэхүүнийхээ бүтэц чанар, онцлогт дээр анхаараад байхаар бүтээгдэхүүн борлогдоод байдаг. Бид бусад компаниуд шиг заруулья гэсэн болгоныг хуу хамдаггүй, анхаарч бодож, төлөвлөж, ярилцаж цөөхөн чанартай байрууд дээр час хийтэл ажилдаг болохоор бид бүтээгдэхүүнүүдээ сайн борлуулж чаддаг.

За тэгээд барилгын компаниуд ч гоё л гээд юм барьчдын, бас нэг юм тооцоолдог л байлгүй, ер нь засалгүй байр аваад засах нь, эсвэл хүүхдийнхээ сургуультай ойр байраа засах нь зөв сонголт байдаг шүү. Засал хийхээс хүмүүс төвөгшөөгөөд байдаг, яг үнэндээ шувуу үүрээ засах шиг хайртай гэр бүлээ өөрсдийн хүссэнээр засч бий болгох чинь өөрөө амьдралын гоё төсөл байдаг, битгий энэнээс хойш суу! Чиний хүү үсэрч харайх дуртайг тооцож барилгын компани шал хийхгүй, гэр ахуйн нөхцөлд ус дусвал гөлгөр плитанд халтирамтай нөхцөл үүсч хүүхдэд халтирвал яах вэ гэдгийг тэд тооцохгүй, зүгээр л гоё харагдуулж шоурүүм л хийсэн байдаг. Байраа засах чинь эхнэрээ нөхрөө өөрөөр таних бас нэг гоё чалленж байдаг.

За тэгээд эцэст нь хэлэхэд хүүхнүүдээ, гал тогооныхоо өрөөнд муухай цагаан гэрэл битгий хийгээчээ. Өдрийн гэрэл шиг тийм муухай тод гэрэл зүгээр байгаа царай төрхийг чинь асар хөгшин харагдуулж, түрхсэн крем чинь хүртэл тэр гэрэлд ялгарч харагддаг, гал тогоондоо байхдаа тийм гэрэлд хэн ч гоё харагдахгүй. Тийм цагаан гэрэл битгий сонго, тийм гэрэлтэй бол хурдан соль!

Алтангэрэлийн Урангоо

UA Property

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.