1.9 тэрбумтай болчихлоо, энэ мөнгөөрөө цэцэрлэг эсвэл эмнэлэг баръя аа

Twitter Print
2021 оны 08-р сар 26-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

За 1.9 тэрбумтай болчихлоо, энэ мөнгөөрөө цэцэрлэг эсвэл эмнэлэг баръя аа. 

Алдарт Андлалын хөшөөний шавыг тавин сансарт нисч байх үеийн агшин энэ ажээ. Уг хөшөөг барихаар улсаас 1.9 тэрбум төгрөгийг татвар төлөгчдийг хошгируулан байж авсан "Хос санаа" компани нь 2019 онд ганц хүний нэр дээр гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан юм байна. Тэгсэн хэрнээ тэрүүхэн ордны үүдэнд төөрөөд барилга, уран баримал руу гулсаад орчихжээ.

За тэгсэн нөгөө Андлалын хөшөө хэл ам татлаад, хэдэн сошиалчин бүтэн жил бүрэн шүүмжилжээ. Шүүмжлэлийн санаа нь энэ улс оронд эрүүл хөрөнгө оруулалт, зөв бүтээн байгуулалт, холоо бодсон эдийн засгийн эргэлт, ээлтэй шударга удирдлагын тогтолцоо хэрэгтэй байгааг хэлсэн хэрэг. Баримал хөшөө барих гээд дундаас нь мөнгө угааж баас овоолох хэрэггүй гэсэн шүүмж, хүүхдүүд цэцэрлэггүй байхад үүхдүүд татварын мөнгөөр тоглоод байж болохгүй гэсэн санаа үүний цаана байлаа.

Олноороо шүүж, олмоо чангалан маргасных, Засгийн газрын анхааралд өртөж, БОАЖЯ, "Хос санаа" компани, МУСГЗ Д.Эрдэнэбилэг агсны гэр бүлийнхэн гурван талт хэлэлцээрийг гурван сар үргэлжлүүлжээ. Дөрөв дэх тал буюу анхдагч нь мэдээж олон нийтийн дургүйцэл гэдгийг тодотгоё. За тэгсэн азаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан 15 жил хувийн хэвшилд үйлдвэр байгуулж, гадныхантай хэлэлцээр хийж явсан чамбай нэгэн байж таарч, гурван сар үргэлжилсэн, гурван талын маргааны эцэст 1.9 тэрбум төгрөг улсад буцаад ирлээ.

Мэдээж, барималч агсны гэр бүлийнхэн бүтээлийн зохиогчийн эрхийг өгөхгүй гэж байгаа тохиолдолд уг зургаар нь угсарсан ямар нэгэн баримал байтугай сандал ч байх ёсгүй болчихож байгаа юм. Хэлэлцээрийн эцсийн дүнд Андлалын хөшөөг буулган, хогийг зайлуулах бүх үүргийг "Хос санаа" компанид өгч чадсан аж. Энүүхэндээ гэхэд энэ ад болоод хэвлэлээр алуулаад байгаа Уртнасан хэлэлцээрийн ширээний ард суугаагүй бол дахиад найраа явагдаж, давтан цавчаанд орох байсан л даа, энэ мөнгө гэж бодогдчихлоо.

За ингээд ямартай ч түмнээрээ түрхэрч, төрөө хөдөлгөснийх, 1.9 тэрбум төгрөгтэй болчихлоо. Энэ бол 19 сая биш, 190 сая ч биш, 1.9 тэрбум төгрөг юм л даа. Том ч сургамж боллоо. Цаашдаа улсаас их, бага хэмжээгээр тендэр авч буй компаниуд ажлын чанар, гүйцэтгэлдээ анхаарч, өөрийн чаддаг мэддэг салбарт хүч үзэхгүй бол хүрэх газар Андлалын хөшөөний балгас лугаа юм.

Энэ мөнгийг олж ирэхэд оволзон хөдөлж, оройлон уухайлсан сошиалын солиотой түмэн олонд ганцхан хүсэлт байна аа. Одоо 1.9 тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг юм уу, сургууль, эсвэл эмнэлэг байгуулъя аа. Эзэнгүй газарт хөшөө хэрэггүй, энэ улсын хүүхдүүдэд цэцэрлэг, эмнэлэг л хэрэгтэй байна.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.