
Шинэ Зеланд улс хүн амын дундах тамхины хэрэглээг бууруулах арга хэмжээ авч эхэлнэ.
Шинэ Зеландын эрх баригчид шинэ үеийнхэнд тамхи борлуулахыг хориглож, хүн амынхаа дундах тамхины хэрэглээг ойрын хугацаанд бууруулахаар төлөвлөжээ.
Ирэх жилээс хэрэгжиж эхлэх шинэ хуулийн төслийн дагуу 2008 оноос хойш төрсөн иргэдэд насан туршид нь тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг худалдахгүй аж.
Шинэ Зеландын Эрүүл мэндийн сайд Айеша Вералл, "Бид шинэ үеийн залуусыг тамхинаас хол байлгахыг хүссэн." хэмээн мэдэгджээ.
Тус улсын эрүүл мэндийн салбарынхан тамхины борлуулалтыг хязгаарлах, тамхины орцонд ордог никотины хэмжээг бууруулах шинэ хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд байна.
Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн профессор Жанет Хүк, "Уг хуулийн төсөл нь залууст тамхинаас гарах эсвэл тамхийг өөр хор багатай зүйлээр орлуулахад туслах ба залуус никотинд донтох явдал багасна." хэмээн онцолжээ.
Иргэдийн зарим нь уг хуулийн төслийг таатай хүлээж авч байгаа бол зарим нь хууль бус тамхины наймаа цэцэглэнэ гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Шинэ Зеландын Эрүүл мэндийн яам "хууль бус тамхины наймааг нэмэгдүүлэхгүйн тулд хил гаалийн хамгаалалт, шалгалтыг сайжруулах нөөц бололцоог нэмэгдүүлнэ" хэмээн мэдэгджээ.
Шинэ Зеланд улс үндэсний хэмжээнд тамхины хэрэглээг 2025 он гэхэд 5 хувь болтол бууруулах зорилт тавьсан ба ингэснээр цаашид тамхины хэрэглээг үгүй хийхийг зорьж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Шинэ Зеландад насанд хүрэгчдийнх нь 13 хувь нь тамхи татдаг ба тэдгээрийн 1/3-ийг уугуул Маори үндэстнүүд эзэлж байгаа аж.
Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар тус улсад бүртгэгдэж буй хавдрын эмгэгүүдийн 1/4 нь тамхи татсаны улмаас үүсдэг хавдрын эмгэг байдаг ба тамхи нь урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгүүдийг үүсгэх гол шалтгаан болдог аж.
Түүнээс гадна шинэ хуулийн төслийн дагуу тамхийг дэлгүүр, супермаркетуудын лангуун дээр хулалдахыг хориглож, тамхи борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийн тоог 8000-аас 500 болтол бууруулах тухай тусгажээ.
Сүүлийн үед залуусын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн ба хүмүүс электрон тамхи нь эрүүл мэндэд хоргүй гэж үзэх нь элбэг байдаг аж. Нөгөөтэйгүүр электрон тамхи нь энгийн тамхинаас арай бага хэмжээний никотин агуулдаг ч электрон тамхины шингэнд хавдар үүсгэгч бодис агуулагддаг болохыг эрдэмтэд тогтоогоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.