Красный богатырь буюу Улаанбаатар

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 11:12 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийнхээ нэрийг монголчууд өөрсдөө өгөөгүй. 1924 онд Коминтерний төлөөлөгч Рыскулов “Улаанбаатар” гэж цаагуураа харанхуй хоцрогдсон ард түмнийг хувьсгалт хийрхэлд ёргиосон өнгө аясаар нэр хайралсныг эдүгээ бид мэдрэхгүй дүнхүүтсээр явна. Гэхдээ Рыскулов өөрөө өгсөн үү, эсвэл цаанаас нь бэлтгэж өгсөн үү? Дээд-Үд Улаан-Үд болж, Кызыл гэдэг улаан гэсэн тува үг гэнэ, Их хүрээ Улаанбаатар болсон нь бүгд болъщевик оросын өгсөн нэр гэх түүхчид бий. Улаанбаатар гэсэн нэрийг сольё гэхэд эдүгээ дэлбэртлээ бухимдах хүн зөндөөн гээд бодчих. Энэ хүмүүсийн тархинд миний эргэн тунгаах гээд буй “орос ах” гэдэг тахин шүтэх үзэл арзганаж байгаа. Улаан өнгө, улаантан гэдэгт болъщевик гэсэн утга агуулагдаж асан эгзэгтэй түүхэн тэр цаг үед эгэл буурай хүрээнд Улаанбаатар хэмээх дэлхийд байхгүй сүржин хувьсгалч нэр өгсөн нь харанхуй бүдүүлэг монголчуудыг үндэсний уламжлалаа устгаж, аав ээж өөдөө буу онилж, шашин, бичиг соёлоо хүйс тэмтэрдэг коммунист хийрхэлд улангасуулахаар даажигнаж өгсөн нэр гэсэн сэжиг төрүүлдэг.

Улаантан цагаантан хоёр ид арсалдаж байсан цаг үед ядуу бүдүүлэг Их хүрээнд Улаанбаатар гэж нэр өгсөн нь улаантны бэлэг тэмдэг болон үлдэж, хойшид монголчууд үеийн үед улаантан явах болно гэсэн тангараг болжээ. Зүгээр ч нэг улаантан биш, бүр баатар улаантан шүү. Баатар улаантан юм хойно, хэлмэгдлийг ёстой баатарлагаар мандуулж өгөв. Хөөрхөн дөнгөсөн байгаа биз? Красный богатырь буюу болъщевик-улаан Баатар гэсэн ХХI зуунд ичмээр коммунист ухуулгын нэртэй нийслэл харанхуй Монголд мөнхөрчээ. Энэ доромжиллыг гадаадынхан бол андахгүй. Тэд бидний нүүрэн дээр доторх ёжлолоо нууцлан жуумалзаж буй. Харин бид ухаардаггүй. Улаанбаатар гэхээр ёстой мунадаг улаан Баатар хот гэж онгирсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, Рыскуловын доромжлолыг бид өнөөдрийг хүртэл 88 жилийн турш ухаарахгүй тархиндаа дээдлэн залсаар маанагтаж явна. Ичгүүртэй байгаа биз? Баатар хот гэх нь бас яахав. Заавал “улаан” байдаг нь гол хорон санаа нь! Улаанбаатар буюу болъщевикбаатар гэдэг нь цаагуураа харанхуй монголыг болъщевик үзэлд элсүүлэн авсан хэрэг. Болъщевик хүнийг улаантан гэдэг. Улаан коммунизм гэж дэлхий дахинаараа цололдог. Улаантан гэдэг нэрэн дээр монголчуудыг хөөргөх гэж “баатар” гэсэн дуртай үгийг нь нэмжээ.

Залуус минь та нар гадаадын найз нартаа нийслэлээ Болъщевикбаатар хот, Коммунистбаатар хот гэж хэлээд үз! Ямар сонсогдож байна гэж асуу? Гадныхан нүүрэн дээр чинь улайм цайм ил шоолохгүйг тооцоорой. Улаанбаатар гэдэг чухамдаа Болъщевикбаатар хот гэсэн нэр гэдгийг бүгдээрээ ухаарах сан. Яая даа байз. Оросын нийслэлийн нэрийг сонс: Москва гэхээр дөлгөөнхөн их мөрөн мөнхөд ус ундаар тэжээнэ гэсэн билэгдэл буудаг. Ядуу буурай Киргизийн нийслэлийг Фрунзе гэдэг болъщевик орос цэргийн даргын нэрээр нэрэлсэн. Киргиз Монгол хоёроос арай сөгөөтэй улсын нийслэлийг тэгж даапаалах хоншоор дутсан биз. Зөвлөлт импер задармагц киргизүүд нийслэлийнхээ нэрийг өөрчилсөн нь биднээс нэг хуруу илүүгээ харуулав. Мөн ардчилсан оросууд Ленинград, Свердловск хотынхоо нэрийг хуучнаар нь Санкт Петербург, Ектринабург гэх болов. Бид болъщевик оросыг дуурайна уу гэхээс ардчилсан оросыг дуурайх дургүй юм аа даа янз нь. Нийслэл хотын нэрний хувьд заавал дуурайя гэсэнд бус Болъщевикбаатар гэсэнд учир нь нуугдаж буй юм. 

Красный богатырь гэхээр яруу найрагч В.Маяковскийн зурсан өчүүхэн өт хорхой шиг нударган санваартан язгууртан газрын эздийг винтов бууныхаа жадаар нэвт сүлбэж, шорлог болгосон, улаан таван хушуу хадсан шовгор малгайтай үлэмж биетэй аймаар Улаан хүн сэтгэлд буудаг. Маяковкий хориод онд тийм олон зурагт хуудас зурсан. Монголчууд ч гэсэн бас тийм том улаан Баатар зурж байсан. Орос винтовныхоо жаданд олон одой ван гүн, шар хар феодал сарвайтал хэлхсэн, мээмэн оройтой монгол малгай дээрээ улаан таван хушуу хадсан аварга том улаан Баатар бурханчлан зураад түүгээрээ бид нийслэлээ нэрэлжээ. Уг нь эдүгээ энэ зураг нийслэл Улаанбаатар хотын сүлд байгууштай.

Даян дэлхийд алуурчаараа адлуулдаг болъщевик улаантнаар нэрлэгдсэн нийслэлийн маань нэр солигдсон тэр л цагт монголчуудын ухамсарт ардчилал бүрэн яллаа хэмээн ойлгож болно гэсэн үзэл минь 1990 оноос өдгөөг хүртэл цээжинд хадаастай явнам.

Хүн нэрээ тогос өдөө

Залуус аа, та нар чөтгөрт ховсдуулаад буй юм биш үү? Машин болгон такси, хүүхэн болгон янхан гэсэн хоч Эрээн хотоор гүйдэлтэй монголчууд хүртжээ. Уур хүрмээр. Нэр өгсөнд уурлах уу, нэр авсанд уурлах уу? Шившигтэй Монголыг дэлхий жигшвэл яана? “Монголыг дэлхий жигших надад падгүй” гэсэн зэвүүн монгол зөндөөн байгаа цагт Монгол өөдлөхгүй. Хулгайлах луйвардах худал амлах, дээр доргүй шившиг бус жирийн үзэгдэл, бараг жинхэнэ монгол заншил, жинхэнэ монгол чанар, бүр гангараа ч болсон байж магадгүй. Тэгтэл янхан?! Яах вэ, залуусаа? Энэ янзаараа заваараад байх уу?

Эрх чөлөөгөөр өлсөж асан монгол зон ардчилал руу сад тавин урсуут эзгүй гэрт орчихлоо гэсэн мэт юун түрүү дураар дургихыг урьтал болгосон. Бусдыг хүндлэхгүй хар аминыхаа төлөө дураар дургих араншин тархай бутархай нүүдэлчдэд нуугдаж байсан нь, шигүүндээ бие биендээ хамааралтай аж төрдөг хотжилтод харшлав. Унаган гэмээ нэрэлхэлгүй хаяж, том хотын иргэншилд ухаан зарж түргэн зохицох сон. Бид эрх чөлөөтэй худал хэлж амлаж, бид эрх чөлөөтэй янхандаж архидаж, бид эрх чөлөөтэй хахуульдсаар нурах хэмжээнд хүрчээ. Одоо яадаг билээ? Машин болгон такси, хүүхэн болгон янхан. Ингэж хочилсонд улалзаж ууралснаас олзуурхвал ашигтай. Хочлоогүй бол хүүхэн болгон янхан машин болгон такси гэх гутамшиг илрэхгүй нуугдаж улам даамжирна. Хариас цололсон ичмээр хоч Монголоо гэсэн сэтгэлийг цочирдуулаагүй бол “янхан такси” гэх өвчин чинь битүү буглаж аюулд хүргэх байсан. Бидэнд бас ч гэж Монголоо гэсэн сэтгэл бий. Ийм муухай шившигт ичдэггүй ямар ч хөлдүү булчирхай хөндүүрлэж таарна. Эмзэглэнэ гэдэг эдгэрэхийн дохио. Мэдээ бүрэн алдаагүйн шинж.

Та нарын авсан энэ муухай хочинд хаа хамаагүй өвгөн зохиолчийн тархинд бөмбөг тэсэрсэн. Миний тархинд бөмбөг тэсэрч байгаагүй л дээ. Гэвч яг л тэсрэх шиг болсон. Нээрэн шүү. Залуус минь та нар энэ шившигтээ гутарч байна уу? Та нар минь одоо гадаадынхны нүүрийг яаж харна? Хүний нүүр харахгүй яаж амьдрахав? Харж л таарна. Гадаадад явж л таарна. Гадаадынхан та нарыг хараад “Хүүе нөгөө хүүхэн болгон нь янхан, машин болгон нь таксичууд явж байна, хараач” гэж дооглоно. Ийм доромжлолыг мэдсэн ч мэдээгүй юм шиг гөлийсөөр яваад ертөнцийн шаар болуузай.

Залуус минь, та нарын хэн ч бай, хаа ч явсан Олимпийн нээлтэд тугаа мандуулаад, дэлхийн алга ташилтыг өгдөөгөөд алхаж явна гэж ямагт биеэ цэнэ. Хүн нэрээ тогос өдөө гэдэг. Та нарын явдал үхэх нас ойртсон надад бараг хамаагүй мэт боловч сайн тунгаавал маш их хамаатай ажээ. Тэр ч байтугай үүнээс эмзэг сэдэв зохиолч хүнд байх ёсгүй. Хэдхэн өөдгүй хүн л эх орон ард түмнийхээ ариун нандин нэрийг бузарлаж яваа нь энэ. Тэр увайгүй хүмүүсийн өмнөөс та нар өөрсдөө буруугүй ч гэсэн нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдгээр байж сууж чадахгүй болтлоо ичвэл, энэ муухай хочийг үтэр түргэн арилгаж чадна. Хэдий чинээ эмзэглэнэ төдий чинээ түргэн ариусаж, гадаад дотоодод нүүр бардам, ялимгүй ихэмсэг алхлах болно. Залуус та нар ингэж чадна. Би та нарт итгээд нүд анья. Та нарын ямар явах надад маш их хамаатай учраас бурхан намайг зовоож байх шиг.

Нийтлэлч: Ц.Доржготов

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.