Засаатай эмгэн буюу ХОШИН УРЛАГ

Twitter Print
2014 оны 09-р сар 14-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Шинэ үеийн хошин урлагийг эрэлт хэрэгцээ гээд амархан тайлбар­лаж ам тагладаг. Бүгд зах зээлд орж хаана юу ду­тагдаж байна түүнийг нь хийж амьдрах шиг шу­дар­га явдал хаа байхав.

Юундаа ч юм бухим­даж яваа олон түмнийг гижигдээд ч болтугай хааяа инээлгэх шаард­лага бий юу, бий. Энэ салбарын бизнес овоо цэцэглэж олон ч "ТҮЗ"-тэй болжээ. Их ч ашиг олдог болтой юм билээ. Одоо дэс дарааллын хувьд да­раа­гийн шатандаа шил­жих болоогүй юм байх даа. "Инээдмийн ТҮЦ"-нүүд өргөжиж "Найман нэрийн барааны дэлгүүр" болохыг үзэгчид түрүү­чээсээ хүсч байна. Хүмүүс галзуу юм шиг тас тас хөхрөхөөс санаа зовж оронд нь үргэлж инээм­сэглэж явах нөхцөлийг хайдаг боллоо.

Монголчуудыг төрөл­хийн омог­той дайчин баа­тарлаг ард түмэн буюу Чингисийн удам угсаа гэж сүүлийн хорь гаран жил давталт олонтой ярьж, бичсэн. Сэтгэл зүйн энэ туршилтанд цөмөөрөө хам­рагд­сан ч практик дээр баатарлаг явдал төдийлөн нэмэгдээгүй агаад онгироо, хийрхүү, ааш муутай хүмүүс илт олширсон. Өөрөөр хэл­бэл орчин цагийн урлаг соёлын төлөөлөгчид хаалттай нийгмийн үеийн үзэл сурталчдаас ур чад­варын хувьд илүү гарч чадсангүй. С үсгийг К үсгээр сольсон болохоос изм нь яг хэвээрээ.

Хүмүүс яагаад эр зориг­той баатарлаг болсонгүй вэ? Хамгийн муу жишээ хэлэхэд өнгөрсөн нийг­мийн захын атаман, овгор гудманд гарч ирээд шууд дээрэм хийдэг байсан даа. Дээрэмдүүлэгч этгээд ч бас эрийн хуйх зааж цусаа урстал нулилцана. Энэ балмад араншин нь тухайн үед бүх кино жүжгээр гардаг дайсны эсрэг манай та­лынх­ны яруу алдрын үзүүл­бэ­рээс санаа авсан ч юм биш. Угаасаа л цус дамжиж ирсэн баатарлагийн нэг илрэл.

Тэгвэл өнөө цагийнхан хавтгай­даа хулчгаруудаар дүүрчихсэн. Хулчгар учраас голдуу хулгайгаар амьдарна. Малын хулгай, модны хулгай, хармайны хулгай, сонгуу­лийн саналын хулгай хүртэл цэцэг­лэн хөгжсөн.

Өрнө дорнын хооронд мянга мянган жил нүүдэл­лэсээр аль алинаас нь сайн чанарыг өвлөн авсан манай ард түмний сэтгэлд бат суу­сан араншинг хүчээр эвдэх гэж гэж далан жил сурталд­сан. Одоо тохиромжгүй стиль тулгаж инээлгэх замаар хорин жил хорлож байна. Уйгагүй ноцолдоод байхаар хүний зан бас их өөрчлөгдөх юм байна шүү. Одооны хүүх­дүүд маш аймхай ч харгис хэрцгий нь найз нөхөдтэйгээ харьцаж байгаагаас ч ажиг­лагддаг.

Хүүхэд зөвхөн инээдтэй зүйлд л хамаг анхаарлаа хандуулж чаддаг. Яг тэр насан дээр нь юунд инээх тухай жорыг шинэ хуучин хоёр үеийн хошин урлагийн­хан хэрхэн бэлдэж өгөв.

Бид багадаа "ну погоди" гэдэг хүүхэлдэйн киног үзээд хөгжилдөн инээлддэг байсан даа. Хожим энэ киног дорно зүгийн хүн үзээд мэлмэртэл уйлахыг хараад гэнэт юу би­лээ гэж эргэж бодсон. Хөөр­хий тэр чоно амьд амьтансан бол тэсч тэсвэрлэхийн арга­гүй яргалал дунд үйлээ үзэж байхад туулай ба бид­ний бах ханаж элгээ хөштөл инээх нь орос, монгол хоёрт л байдаг гажиг явдал юм. Нууц амраг ба эхнэр нөхрөө араар тавь­сан паян, онигоог хөхиүлэн дэмжицгээж хөхрөлдөн баясац­­­гаах нь зэрлэг омгийн­хон лугаа харгис хэрцгий шинжтэй. Айлын авгайтай шөнө гэрт нь цуг унтаж бай­тал нөхөр нь ороод ирсэн тухай ч юмуу, эсвэл архичны, галзуугийн, оюутны, хөдөө­гийн чукчагийн тухай онигоо­нууд яг амьдрал дээр бол эмгэнэлт дуурь, аймшигт үйл явдал шүү дээ. Бүр сүүлдээ хүнийг алж байгааг үзүүлээд үхэж буй дайсан нь хэрхэн зовж тарчилж байгааг ялагч баатар нь харж хөхөрч баяр­лана. Бид бүр их баясана. Амьдралд тохиолддог өөр хөнгөвтөр хөгжөөнт явдалд инээмсэглэж чадахаа больт­лоо гаж сэтгэхүйтэй болох нь л дутлаа. Ташуураар ороол­гуулж секс хийдэг гаж донтон шиг болох нь. Энэ нь хожим нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг мэдэхгүй юм. Гадуур сонсогдоод байдаг аймшигт аллага таллагад со­лон­гос сериал, хошин урла­гийн иймэрхүү санаа­нууд тэгтлээ нөлөөлдөггүй байх гэж найднам.

Тайз дэлгэцнээ тавигдаж буй одоогийн хошин урла­гийн инээл­гэх сэдэв нь эмгэн ба хөдөөгийн хүний дүр. Бүх хошингийнхон заавал нэг ийм дүр ёс юм шиг оруулна. Хошин урлагийн Бооёо буюу Ариунболд гэгч нь эмгэн шоол­­догоо бүр хөөр бах болгон ярьдаг гэсэн. Засаа сэлдийгээ савлуулсан эдгээр "эмгэд" бол орчин цагийн хошин урлагийн нүүр царай нь юм даа. Социалист хошин урлагийг өөрчлөн шинэчил­сэн юм нь ердөө л энэ. Үүнээс илүү хувьсгал хийх зүрх зориг тэдэнд байхгүй. Аймхай, хулч­гар, мөрөөрөө. Нэр тө­рөө сэргээж зарга хийх чадамжгүйгээр нь хөдөө­ний мангар, хөгшин чавганц хоёрыг элдвээр нь доромжилно. Манай ээж гээд нас­тай хүн бий. Ээжид маань эд нарын шоолоод байгаа зан чанар, ааш авираас нэг нь ч таардаггүй. Үг яриа нь цэгц­тэй, гэр орондоо нөлөө­тэй, хөл нь л жаахан мууд­саныг эс тооцвол зүгээр л хүн байдаг ш дээ. "Мөөм эмээ" гээд ма­най нутгийнхан бүгд л хэлэх байх. Надад бас эмээ гэж байсан. Тэрний хувьд одоо эргээд дурсахад бараг суут гэмээр хүн байв. Их хуралд суух боломж бай­сан бол энэ Дэмбэрэлээс л илүү сэтгэх толгой байсандаг.

Залуу сайхан бүсгүйчүү­дийг нас ахихаар нь урьдны бүтээгүй дур­лалынхаа хон­зонг авч буй мэт эмгэдийг мөн ч их баалах юм даа. Нээлттэй нийгэмд хүнийг насаар нь ялгаварлах инээдэм биш болоод удаж байна.

Хөдөөний мангар гэдэг ойл­голт ч одоо шал өөр бол­чих­сон шүү дээ. Зан төлөв, ааш араншингийн хувьд эдний дэглээд байгаа шиг Улаан­баатарт ирээд соёлын шоконд ороод "маруужин" идэж мэдэхгүй мангар гэж хаа байхав дээ.

Бид урлагт цензур тогтчих вий гэхээс үнэхээр сэрэм­жилдэг. Хэд хэдэн үеэрээ урлаг, сэтгүүл зүйн галавлит, цензур гэгч юманд заа­зуур­дуулсаар энэ салбар дэлхийн хөгжлөөс гажаад явчихсан. Одоо л жам ёсны замаараа явах гэж зүдэрч байгаа. Тийм болохоор хошин урлагийнх­ныг та нар тийм чиглэлээр ажилла гэж ам ангайх л юм бол хуучин цагийн цензур энэ үгийг хүлээгээд сууж байгаа. Дахиад биднийг төр засгаас зааж зурах санаа бүрэн унт­раагүй гэсэн үг. Тэрний оронд ингээд эмээгээ шоолоод дураараа жиргэж явсан нь арай дээр. Уг нь санаагаар болдог бол хошин урлагийн­хан одооны энэ улс төрийн намуудыг, олигархи гээд бай­гаа олиггүй нөхдүүдийг нэр ус дүрээр нь дурайтал гаргаж ичиж улайтал нь шоо­лох хэ­рэг­тэй байгаа юм. Тэгс­нийхээ төлөө жүжгээ хаалгаж, шүүх цагдаадаа тулж, олон түм­нээр дэмжүүлж ёстой нэг бу­жигнуулж өгдөг нийгэм, ши­жиг­нүүлж явдаг нас шүү дээ.

Урлагийнхан "СТА" гэдэг тэмдэг авахын төлөө урал­дац­гаана. Аван­гуутаа залгуулаад "Гавьяат" гэдэг цол одоо болтол аваагүй юм уу гэж нэгнээрээ хэлүүлцгээнэ. Нэг л мэдсэн Монголоор дүүрэн урла­гийн гавьяатууд. Арван одон тут­мын зургаа нь урла­гийнханд ногд­дог. Саяхан хошин урлагийнхан бараг бүгдээрээ шагнуулсан гэж дуулдсан. Эмээ доромжлох чинь одоо гавьяа байгуул­санд тооцог­дох уу. Их олон мал өсгөж баяжсан болгонд "Улсын сайн малчин" цол өгдөггүй. Харин олсон дол­соноо бусдадаа хуваалцаж ядуу нэгний­гээ хэр их мал­жуулсан эсэхээр нь уг шаг­налыг өгдөг.

Хошин урлагийнхан хү­мүү­сийг зөв сэтгэлд инээм­сэглэдэг бол­гохын төлөө юу хийсэн бэ? Тог­лоом тоотой нь дээр гэсэн хуучны үг бий. Хаалттай нийгмээс өвлөг­дөн ирсэн "хатуу тоглодог" харгис хандлагыг эд нар улам өөг­шүүлж төгөлдөржүүлдэг. Тэр хатуу тог­лоом гэгчийн цаана сануулга, заналхий­лэл, үзэн ядалт, харгис­лал, атаархал нуугдаж явдаг. Бус­дыг үнхэл­цэгийг нь хагартал айл­гаж, эсвэл ичээж аваад дараа нь хуурсан юм аа гээд наг наг инээж буй этгээд зэ­вүүн шүү. Уурлах л юм бол "Тоглоом даадаггүй хулгайч вэ" гээд барьж идэх гээд, хэрэлдэх гээд бэлдээд сууж байдаг ямар хошин шог манайд хөгжөөд байна айн. 

Ж.Гангаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.