Өлсгөлөн зарласан хуульч Х.Бат-Ялалтын эхнэр Б.Болор: Түүнийг хурандаа нарын томоохон авлигын хэргийг илчилсний төлөө хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаа юм

Twitter Print
2020 оны 04-р сар 09-нд 13:14 цагт
Мэдээний зураг,

Хуульч Х.Бат-Ялалт сэтгүүлч Т.Алтаншагайгийн хамт УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж “УИХ-ын гишүүн /тухайн үед/ Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн Төрийн ордон дахь зүй бус бичлэг бидэнд байгаа. Л.Эрдэнэчимэг “Бичлэгийг битгий задал” гэж 50 сая төгрөг өглөө. Энэ мөнгийг буцааж өгнө” хэмээн мэдэгдэж байв. Тэгвэл энэ асуудлаар Эрүүгийн цагдаагийн газраас Х.Бат-Ялалтыг шалгаж, өнгөрсөн сарын 27-нд цагдан хориод байна. Х.Бат-Ялалт өөрийнх нь эрхийг эдлүүлээгүй хэмээн хорих ангид өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа аж. Энэ асуудлаар түүний эхнэр Б.Болортой ярилцлаа.

-Хуульч Х.Бат-Ялалт хорих ангид өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Чухам юунаас болж ингэх болов?

-Өлсгөлөн зарласан тухай ярихын тулд цагдан хоригдсон талаар эхэлж ярих болох нь. Гуравдугаар сарын 27-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг цагдан хорьсон. “Дуудсан хугацаанд ирж хэргийн материалтай танилцаагүй” гэдэг шалтгаанаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж байдаг юм байна. Гэмт хэрэгт холбогдуулан хүнийг ямар дарааллаар яаж хэрхэн шалгадаг талаар зохицуулсан хууль. Тэр хуулийн дагуу эхлээд гэрчээр мэдүүлэг авдаг юм байна.

Гэрчээр мэдүүлэг авахдаа тухайн хүн өөрөө өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөх эрхтэй байдаг. Х.Бат-Ялалтыг хамгийн эхлээд дуудахдаа гэрчээр мэдүүлэг авна гэсэн. Ингэхдээ өмгөөлөгчтэй гэрчийн мэдүүлэг өгөх эрхийг нь танилцуулаагүй. Тиймээс Х.Бат-Ялалт “Миний эрхийг танилцуулах ёстой” гэж шаардлага тавьсан. Хоёрт, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ эдэлнэ гээд тэмдэглэл хөтлүүлээд гараад явсан байсан. Ингээд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгч амжаагүй байхад яллагдагчаар татаад эрүүгийн хэрэг үүсгэчихсэн. Хуульчдын ярьж байгаагаар энэ бол процессын алдаа гэсэн. Үүнийг алгасаад яллагдагчаар татахдаа мөрдөн байаагч нь хэт яллах талыг барьсан. Цагаатгах, яллах талын бүх баримтыг цуглуулж гэмт хэрэг үйлдсэнийг хөдөлшгүйгээр нотлох ёстой юм билээ.

Тэр ажлаа хийгээгүй, зөвхөн яллах талын материалаа цуглуулж, Х.Бат-Ялалтаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Тиймээс манай хүн “Мөрдөн байцаагч яллах сонирхолтой, ашиг сонирхолтой байна” гэж үзээд татгалзах эрхээ эдлэх шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шалгуулахгүй биш шалгуулна. Гэхдээ эрхээ эдлээд хуулийн дагуу шалгуулна гэсэн. Уг нь ийм үед мөрдөн байцаагч прокурортоо танилцуулаад татгалзах ёстой юм байна. Гэвч түүнийгээ хийхгүй, хэрэг шалгах ажлаа хийгээд л яваад байсан. Гайхамшигтай хурдтай гээч. Дуудах хугацаа өгч байгаа байдлыг харахад ЭЦГ ямар шуурхай ажилладаг юм бэ гэж би гайхсан.

-Өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгч болоогүй хэрэг үү?

-Х.Бат-Ялалтын эсрэг өргөдлийг анх 2016 оны зургадугаар сард Д.Эрдэнэчимэг өгсөн юм билээ. Тэр үед хуулийнхан шалгаагүй, орхисон. Дахиад 2019 оны гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газарт өгсөн юм байна. Түүнийг шалгаагүй жил тойрсон. Гэтэл Х.Бат-Ялалт 2020 оны нэгдүгээр сард цагдаагийн хурандаа нарын холбогдсон авлигын хэргийн талаар хэвлэлийн хурал хийсний дараа хоёрдугаар сарын эхнээс их эрчтэй шалгаж эхэлсэн. Энэ бол хурандаа нарын томоохон авлигын хэргийг илчилсний төлөө хилс хэрэгт хэлмэгдүүлж байгаа хэрэг. Өмнө ч бас ингэж 2009 онд дөрвөн сарын хорих ял өгч байсан.

Одоо энэ хэрэг дээр хуулийнхан дуудах хугацаа өгч байгаа байдал нь их сонин. Өдөрт хоёр удаа ирнэ. Яаж вэ гэвэл Х.Бат-Ялалтад өөрт нь өгөхгүйгээр хотоос 15 км хол байгаа манай гэрт хүргэж ирнэ. Тэгэхдээ өдөрт хоёр удаа ирдэг. 12:00 цагт манайд ирвэл 15:00 цагт Эрүүгийн цагдаагийн газар ир гэдэг. 14:00 цагт ирсэн бол орой 17:00 цагт ир гэдэг. Зарим үед “Үнэхээр авч чадахгүй нь. Х.Бат-Ялалтад ийм богино хугацаанд дуудах хуудсыг нь өгч амжихгүй нь” гээд буцаасан тохиолдол байгаа.

-17 удаа дуудах хуудас өгөхөд ирээгүй гэж прокурор буруутгаж байгаа?

-Бодвол буцаасан зэргийг оруулаад 17 болсон байх. Бидэнд бичгээр байгаа нь зургаа. Сүүлийн гурван удаагийн дуудах хуудаст нэг ч удаа мэдүүлэг аваагүй хүнээ яллагдагчаар татчихаад, дахиад нэг ч удаа байцаалт аваагүй байтлаа хэргийн материалтай танилц гэж дуудах хуудас ирүүлсэн. Манай хүн ямар ч мэдүүлэг өгөөгүй, өөрийгөө цагаатгах талын ямар ч баримт өгч амжаагүй, өөрийнхөө асуудалд өөрийн биеэр оролцох боломж олдохгүй, өмгөөлөгчтэйгөө асуугдах эрхээ эдэлж чадахгүй, хэт нэг талыг барьсан ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчаар шалгуулахгүй гээд татгалзаад байхад л хэрэг нь үргэлжлээд байсан. Мөрдөгч, прокурор хоёроо АТГ-т шалгуулахаар гомдол өгсөн байгаа. Х.Бат-Ялалтын эсэргүүцээд байгаа гол зүйл бол эрхээ эдэлье, хууль журмынхаа дагуу шалгуулъя л гэж байсан. Яг үнэндээ хуулийнхаа дагуу шалгахад хэрэг биш нь тодорхой.

Уг нь прокурорын цагдан хорих саналыг шүүх удаа дараа хэрэгсэхгүй болгосон байдаг. Явж явж дуудсан хугацаанд ирэхгүй байна гэдэг шалтгаанаар цагдан хорилоо.

-Цагдан хоригдоод хэд хоночихов доо?

-Гуравдугаар сарын 27-ны орой цагдан хорьсон. Амралтын өдөр ямар ч ажиллагаа байхгүй. Үнэхээр ирэхгүй байгаа гэж үзэж байсан юм бол ажлын өдөр хориод асууж болно оо доо. Дээр нь өөрт нь хэргийг одоо хүртэл танилцуулахгүй байгаа. Тиймээс эрхээ эдлэхээр өлсгөлөн зарласан. Өнгөрсөн сарын 31-ний 16:00 цагт албан ёсоор хуурай өлсгөлөн зарлалаа гэж өмгөөлөгчид нь Хорих ангиас мэдэгдсэн байсан.

-Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Мэдэхгүй. Би уулзаж чадаагүй байна. Уг нь долоо хоногт хоёр удаа ар гэрийнхэн шүүгчийн зөвшөөрлөөр ордог юм байна. Гэтэл халдварт өвчин гарсан гэдэг шалтгаанаар ар гэрээс нь уулзах уулзалтуудыг цуцлаад дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл эргэлт авахыг хориглосон байсан. Зөвхөн өмгөөлөгч ордог. Би нөхрийнхөө барааг одоо хүртэл хараагүй байна. Өмгөөлөгчтэйгөө хэргийнхээ талаар ярьдаг юм шиг байна.

-Хорих ангиас захиа бичсэн байсан...

-Тийм ээ. Хорихоос охиндоо захиа бичсэн. Дөрөв хоногийн дараа ирсэн. Харин миний явуулсан шуудангийн илгээмж одоо хүртэл очоогүй байна гэсэн.

-УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Х.Бат-Ялалт нар хэвлэлийн бага хурал зарлаж 50 сая төгрөгийн авлигыг УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүн нууц бичлэгийг битгий задал гэж өглөө. Энэ мөнгөө буцааж өгнө гэсэн мэдэгдэл хийж байсан. Яагаад энэ хэрэгт өөрөө буруутчихав?

-Л.Эрдэнэчимэг гэдэг хүний өгсөн гомдлоор бол бусдын эд хөрөнгийг авах гэж далайлган сүрдүүлсэн гэсэн. Сүрдүүлж байгаад 50 сая төгрөгийг авсан гэж. Гэтэл тэр 50 сая төгрөгийг нь буцааж өгөх гэхэд авахгүй гээд зугтаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хоёр, гурван хоногийн дараа дансыг нь олоод буцаагаад шилжүүлчихсэн байдаг. Гэтэл өргөдөл дээрээ мөнгөө буцааж авснаа бичээгүй юм шиг байна лээ. Тэр чигтээ 50 сая төгрөгөө алдчихсан, Х.Бат-Ялалтад дарамтуулаад хохирчихсон гэж байгаа бололтой.

Тэр үеэр асар их шуугиан болсон доо. Сонгууль ч болсон. Нөгөө хүн нь нэр төрөө хамгаалахаар маш их пи-ар хийсэн. Эмэгтэй хүнийг ингэлээ, жудаггүй гэх мэтээр. Бат-Ялалт, Алтаншагай хоёр хорвоогийн хог шаар болсон шүү дээ. Архи, тамхи, секс хийдэггүй хүн хаа байдаг юм гээд л их асуудал дэгдсэн. Миний бодлоор бол тэр хүний эрэгтэй, эмэгтэй нь энэ асуудалд ямар ч хамаагүй. Л.Эрдэнэчимэг гэр орондоо юугаа хийж байгаа нь хэнд ч хамаагүй. Гэтэл тангараг өргөсөн төрийн түшээ, хоёрдугаарт Төрийн ордонд тийм зүйл ярьсан, гуравт, өөрийнхөө санаачилж батлуулсан хуулийнхаа эсрэг тийм хандлага гаргасан нь хамгийн их дургүйцлийг хүргэсэн үйлдэл. Бид төрийн түшээд минь гээд итгээд сонгож байхад тэр хүмүүс хэчнээн сайхан хууль батлуулсан ч түүндээ өөрсдөө ингэж ханддаг бол ямар хэрэг байна вэ. Бид яаж сайхан амьдрах вэ, яаж шударга нийгэм тогтоох вэ.

-Бичлэг байна гэж мэдэгдсэн, хариуд нь дансанд нь мөнгө шилжүүлсэн байна. Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамтлаагүйг яаж батлах вэ. Эсвэл тэр бичлэгийг олон нийтэд дэлгэнэ гэж мэдэгдсэн нь мөнгө авах зорилгогүй байсан гэж дүгнэхэд хэцүү юм?

-Хэрэв бичлэгийг олж авсан даруйдаа “Муухай үйлдэл байна, олон нийтэд илчлэхгүй бол болохгүй” гээд илчилчихэж болно. Гэтэл өнөөдөр манайхан яадаг билээ, Эвлүүлэг байна, би биш гэж л гүрийдэг. Харин тэр хүнд таны бичлэг байна гээд үзүүлчихээр битгий гаргаарай гээд мөнгө өгчихөж байна. Мөнгө өгч байна гэдэг тэр хүн чинь миний бичлэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Түүнээс гадна ийм бичлэгийг ямар үнээр худалдаж авдаг юм, ямар ханштай байна гээд ханшийг нь мэдэж болж байна.

Л.Эрдэнэчимэг өөрийг нь далайлган сүрдүүлээд юмаа алдчихсан гээд байгаа. Одоо дурын хүн гүүглдээд хайгаад харахад Л.Эрдэнэчимэгийн тэр үед ярьж байсан хэдэн янзын зөрүүтэй яриа байдаг. “Хоёулаа найзууд биз дээ”, “Би чамд зээлсэн биз дээ” гэх мэт. Дарамтлуулаад хүчинд автаад өгчихсөн хүн маргааш нь ингэж ярих уу. Г.Уянга ч тэр. “Миний утсан дээр бичлэг байсан. Миний утсыг Алтаншагай, Бат-Ялалт хоёр хулгайлчихсан” гэж цагдаагаар шалгуулж байсан. Дараа нь “Миний утсан дээр бичлэг байгаагүй. Тэр үйл явдал болохоос өмнө би утсаа алдчихсан” гэж өөрөөр ярьсан. Эмэгтэй хүмүүс гэхээр ийм байдаг юм уу. Эсвэл УИХ-ын гишүүн гэхээр ийм байдаг хэрэг үү. Хүн гүтгэж болдог. Өөрийгөө хамгаалж олон нийтэд тэдний нүүр царайг илчилж нийгэмд шүгэл үлээгээд явж байгаа нь адгийн муу амьтан болчихдог. Ямар ёс суртахуун хэм хэмжээ ийм байдаг хэрэг вэ.

-Тэр бичлэгийг танай хүн яаж олж авсныг та мэдэх үү?

-Түүнийг би мэдэхгүй. Би албан ажилд нь оролцдоггүй. Т.Алтаншагайгийн ярьснаар надад ирсэн гэж ярьдаг.

-Х.Бат-Ялалтыг Булган аймагт хэсгийн ахлагч амиа алдсан хэрэгт шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Тэр хэрэг юу болов?

-Тэр бол албан ёсоор шалгасан хэрэг байхгүй. Хэвлэлээр л баахан шуугьсан.

-Нөхөр тань хуулийн салбарт олон жил ажиллаж байгаа хүн. Олон нийт янз бүрээр хүлээж авч харагддаг. Нэг хэсэг нь хүний эрхийг хамгаалахын төлөө явж байна гэдэг бол нөгөө хэсэг нь шүүмжлэх нь бий. Гэр бүлийн хүний хувьд та нөхрийнхөө ажил мэргэжилд хэр итгэл үнэмшилтэй байдаг вэ?

-Өнөөдрийн үнэн төрх бол өөрийг нь огт таньдаггүй, уулзаж үзээгүй, яриаг нь сонсоогүй нэгэн хүнийг дам үнэлээд байдаг болчихож. Интернэт дээр янз бүрээр биччихээр ийм юм байна гэж ойлгоод байдаг. Гэтэл яг жинхэнэ үнэн мөн юм уу. Үнэн чинь нэг л байх ёстой. Энэ хүн бүтэн 15 жилийн турш хүний эрхийн зөрчил, дээр нь тангараг өргөсөн төрийн албан хаагчид өөрсдийнхөө эрх мэдлийг хэтрүүлж хүний эрх зөрчиж байгаа асуудал дээр ажилласан. 12 мянган хүний гомдлыг сонсож хажуугаар нь сэтгэл зүйчийн ажлыг ч хийж байна. Хаана ч хандаад нэмэргүй болсон, хэн ч тоохоо больчихсон хүмүүс аргаа бараад Х.Бат-Ялалт дээр ирж уйлж дуулж асуудлаа хэлдэг.

Тэр бүхнийг сонсоод явна гэдэг тийм амархан ачаа биш байх. Дээр нь 2000 хүнд нь өмгөөллийн үйлчилгээ тусламж үзүүлээд 200, 300 удаа хэвлэлийн хурал хийж явна. Гэтэл олон нийт тэр олон зуун хэвлэлийн хурал хийж байхад тоож анзаардаггүй мөртлөө нэг сенсацитай юм гараад ирэхээр анхаардаг. Манай нийгмийн эмгэнэл л юм. Тэр хүмүүсийн бичиж байгаа сэтгэгдлийг уншсаар би хүртэл өөртөө эргэлзмээр болдог. Манай хүүхэд хүртэл “Аав Цагдаагаас хөөгдөөгүй биз дээ” гэж надаас асууж байна. Үр хүүхдийг нь итгэтэл нь, өөрсдөө нүүр тулж уулзаж, юуны төлөө тэмцэж байгааг нь мэддэггүй хүмүүс харлуулдаг болчихсонд маш их харамсаж байна.

Б.Энхзаяа 

Өдрийн сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (107.72.162.50) 2020-04-09 14:56
      • 0
      • 0

      Erdenechimegiig horij shalgaachee Manangiinhan oordiin hymyysee hyn Alsan ch shiitgehgyi umaa Ard tymniig hen omgooloh bolj bna Duugarsan bolgoniig barij horidog Nyamdorjid ih I hit bnaa Ochij ochij Erdenechimegeer zovlohoo bolgoh n dutsan um bh daa Manai eronhiilogchid Bi eronhiilogchoo ih demjdeg bsan ene avgaig zovlohooroo avsan gej sonsood yneheet gutarsan

      Хариулах