Цар тахал төгсөх үед дэлхийн хүн амын тал нь ядуурлын түвшинд очно

Twitter Print
2020 оны 04-р сар 10-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

ОУВС-ийн захирал Кристалина Георгиевагийн анхааруулснаар коронавирусын цар тахлын улмаас энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт огцом буурч, хүн төрөлхтөн 1930-аад оны Их хямралаас хойших хамгийн гүн эдийн засгийн хямралтай нүүр тулах гэнэ.

Түүний хэлж байгаагаар 2021 онд Дэлхийн эдийн засаг зөвхөн хэсэгчлэн сэргэх аж. Коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор улс орнууд хөл хорио тогтоосноор олон тооны компаниуд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгоход хүрсэн билээ. НҮБ-аас мэдээлснээр коронавирусын халдварын тархалтыг бууруулах зорилгоор улс орнуудад тогтоосон хөл хорионы үеэр ажил хөдөлмөр эрхэлдэг дэлхийн 3.3 тэрбум хүмүүсийн 81 хувийнх нь ажлын байр хэсэгчлэн эсвэл бүр мөсөн хаажээ. Коронавирусын цар тахлын улмаас үүсэх эдийн засгийн хямралд хөгжиж буй улс орнууд хамгийн ихээр өртөх ба эдгээр орнуудад хэдэн зуун тэрбум ам.долларын тусламж шаардлагатай болох гэнэ.

ОУВС-аас 3 сарын өмнө гаргасан тооцоогоор 2020 онд 160 гаруй оронд хүн амын дундаж орлого өсөх хандлагатай байсан бол өнөөдөр энэ тооцоо эсрэгээрээ эргэж, энэ онд дэлхийн 170 гаруй оронд хүн амын дундаж орлого буурах төлөвтэй болоод байгааг онцолжээ. АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 3 дахь долоо хоногоо дараалан өсч, ажилгүйдлийн тэтгэмж авах иргэдийн тоо 16 саяд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор Америкийн Холбооны нөөцийн сангаас нэмэлт 2.3 их наяд ам. доллар гаргахаар болсон байна. Их Британийн Оксфам хандивийн байгууллагаас гаргасан судалгаагаар коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас 500 сая хүн ядууралд өртөх ба коронавирусын цар тахал дуусах үед дэлхийн 7.8 тэрбум хүн амын тал нь ядуурлын түвшинд очих гэнэ.

Coronavirus: Worst economic crisis since 1930s depression, IMF ...

Өнгөрсөн пүрэв гарагт Европын холбооны удирдагчид коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас хамгийн их хохирол амссан Европын холбооны улс орнуудад 500 тэрбум ам. долларын тусламж үзүүлэх талаар зөвшилцөлд хүрчээ. НҮБ дахь Олон Улсын хөдөлмөрийн байгууллага коронавирусын цар тахлын улмаас дэлхий дахин Дэлхийн 2-р дайнаас хойших эдийн засгийн хамгийн гүн хямралд өртөнө гэдгийг анхааруулжээ. Тодруулбал, коронавирусын цар тахлын улмаас 2020 оны хоёр дахь улиралд дэлхий даяар ажлын цаг 6.7 хувиар буурах нь 195 сая хүн ажлын байраа алдахтай тэнцэх аж.

Өнгөрсөн сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхийн эдийн засаг бүрэн сэргэх хүртэл маш олон жил өнгөрнө хэмээн анхааруулсан ба тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа улс орнуудын эдийн засаг 2001 оны 9-р сарын 11-ний алан хядах үйл ажиллагаа болон 2008 оны эдийн засгийн хямралаас ч том цочролд ороод буйг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.