АНУ-ын Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 31 хүн шархадлаа

Twitter Print
2022 оны 07-р сар 05-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу жил бүрийн 7-р сарын 4-ний өдөр болдог АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк /Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, 6 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан эмгэнэлт үйл явдал боллоо.

Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж, гэмт этгээдийг баривчилжээ. 22 настай сэжигтэн Роберт И Кримо 7-р сарын 4-ний баярын жагсаал эхлээд удаагүй байхад ойролцоох барилгын дээвэр дээрээс автомат буугаар жагсаалд оролцож байсан, мөн жагсаалыг үзэж байсан иргэд рүү буудаж эхэлжээ.

Жил бүрийн АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр уламжлал болон зохион байгуулагддаг баярын жагсаал хормын төдийд үймээг самуун болж хувирчээ. Буун дуу гарсан даруйд иргэд сандралдан гүйлдэж, ойр хавьд байрлах албан байгууллагууд руу орж нуугдсан талаар гэрчүүд мэдүүлжээ.

Сэжигтэн хэргийн газраас зугтсан ч цагдаа нар түүнийг удалгүй саатуулж чадсан байна.

2022 он гарсанаас хойш АНУ-д галт зэвсэг ашиглан 4 ба түүнээс олон хүний аминд хүрсэн эсвэл шархдуулсан гэмт хэрэг 306 бүртгэгдэж, галт зэвсгийн улмаас АНУ даяар он гарсанаас хойш 10,072 хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.