Бусдаас хамааралтай амьдрал

Twitter Print
2020 оны 07-р сар 30-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

...Хүн энэ амьдралд зүгээр л ирдэггүй. Өөрийн хувь тавилан болоод өөрийн идэх хүнс, өмсөж эдлэх материаллаг бүхнээ "үүрч" ирдэг. Гэхдээ хүн болгонд адилгүй л дээ. Уг нь түүнийгээ өөрөө мэдэж зарцуулж байх учиртай. "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэдэг үг ингэж үүссэн. Ээжийнхээ өвөр, аавынхаа гараас гарсан цагаасаа өөрийнхөө өмнө тулгарсан элдэв асуудлуудад өөрөө шийдвэр гаргана.

Алдах нь ч бий, онох нь ч бий. Заримдаа баярлуулан баясгаж, хааяадаа гуниглуулан гутруулах амьдралын олон мөчлөгүүд таныг ямагт шалгаж байдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч хүнд асуудлуудыг зөв гарцыг нь олж шийдэж чадах тусам, илүү боломжуудыг чиний өмнө дэлгэж, тэр боломжуудыг сайнаар ашиглах тусам санаанд оромгүй сайхан бүхнийг чамд авч ирнэ. Тэр хэрээрээ амьдрал утга учиртай баяр баясгалантай болж, чи өөртөө итгэлтэй хүчирхэг нэгэн болж чадна. Ийм хүмүүс хэзээ ямагт өөрийн хувь заяагаа өөрөө шийдэж, тэр хэрээрээ үнэ цэнээ бий болгож, бусдад чин сэтгэлээсээ туслаж чаддаг. Бас сайнаар үлгэрлэнэ, бусдад хүндлэгдэнэ.

Амьдралынх нь өмнө тулгарсан элдэв асуудлуудыг өөрөө шийдэж чадахгүй, шийдэхийг хүсэхгүй болмогцоо бусдад даатгадаг зөндөө хүмүүс бий. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлыг өөрөө шийдэхээ болих тусам, амьдрал чамд боломжуудыг олгохоо болино. Хүмүүс чиний өмнөөс асуудлыг тань шийдэж, чиний идэх хоолыг хуваарилж, чиний өмсөж эдлэх бүхнийг зааж зааварчилж байх нь чамд амар байх авч, чиний сэтгэл хэзээ ч ханамж авч баярладаггүй. Учир нь чиний өмнөөс шийдвэр гаргаж байгаа хүн нь чи биш болохоор.

Тэр хүнд өөрийн үүрэх ачаа байгаа хэдий ч, чиний ачааг хамт үүрч байгаа болохоор заавал ядарч цухалдаж, бухимддаг. Түүний бухимдал чиний сэтгэл гонсгор байдалтай холилдохоор л энэ амьдрал чиний хувьд ямар ч утгагүй, бас уйтгартай, залхам болж эхэлнэ. Өөртөө тулгарч байгаа амьдралын таагүй асуудал, санаа зовоож шаналгаж байгаа бүхнийхээ бурууг өөрөөсөө бус, өрөөл бусдаас хайх тусам бусдад атаархан хорсож , үзэн ядаж эхэлдэг. Үргэлж уйтгарлаж, хүмүүст итгэхээ больж, амьдралын бараан сүүдрийг ямагт харж, уурлаж уцаарлаж, харааж зүхнэ. "Сайн явах санааных, муу явах заяаных" гэдэг хэллэг үүнээс үүссэн.

Өсөж том болсон хэрнээ аав ээжээрээ тэжээлгэж, олж зарцуулж буй бүхнийг нь голж шилж, олдохгүй бол худал хэлж, хулгайлж завшиж, өрөөл бусдын өмнө "томорч" бүлтэрч явдаг залуус үүний нэгэн жишээ.

Өнгө мөнгөөр амьдралын утгыг жишиж, өөрөө хичээж хөдөлмөрлөхгүй атлаа мөнгөтэй нэгэнд "биеэ үнэлж", өрөөл бусдын өмнө гайхуулж бардамнан "аз жаргалтай" мэт жүжиглэх бүсгүйчүүд үүний нэгэн жишээ. Идэрхэн залуу насандаа өөрийгөө хөгжүүлж чадалгүй амар хялбраар өдрийг өнгөрүүлж, аз эзэндээ найдаж ямагт мухраар сүслэн, ажил амьдралаа бусдад даатгадаг олон хүмүүс үүний нэгэн жишээ. Ажил амьдрал нь бусдаас хамааралтай болох тусам хүчгүй доройгоо бусдаас нууж, сайн хүн болж сайхан амьдралын дүрд тоглох зовлонг эдэлнэ. Ийм хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдах тусмаа, өрөөл бусдад итгэх итгэлээ ч хамтад алддаг. Амьдралд үүртэн хүчгүй дорой болох тусмаа, хүчтэй хүндэтгэлтэй бусдад атаархаж хорсон муу бүхнийг сэтгэлдээ хурааж, өөрийн зовлонгоо хэмэгдүүлэх. "Бусдын эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов" гэдэг үгний тайлал энэ.

Хүн өөрийн хувь заяандаа "эзэн" нь байхын тулд, өөртөө зөв өөрийн бодолтой болохын тулд, өөрийн хоолоо өөрөө халбагадаж идэхийн тулд өөрөө л хичээх хэрэгтэй болдог. Алдаагүй амьдрал, алдахгүй төгс хүн гэж огт үгүй. Алдаанаас хүмүүс ухаажиж, амьдралын олон өнгийг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өмнөө тулгарсан олон бэрхшээлийг тэсч тэвчиж, итгэж найдаж байж л давж гардаг. Давж гарч чадсан нэгхэн туршлага л дараа дараагийн бэрхшээлийг давах итгэл болон хувирч байдаг. Уйлж шаналахдаа цөхрөхгүй байх, уруудаж доройтохдоо гутрахгүй байх, алдаж эндэхдээ итгэлээ алдахгүй байх, үхэл өвчнөөс бусдын өмнө өөдрөг байх нь чиний хүчирхэг болохын эхлэл. "Хэлсэн үгэндээ эзэн нь болж, идсэн хоолондоо сав нь болж" чадах нь өөрөө өөртөө эзэн нь болохын эхлэл. Амьдралд боломжгүй зүйл гэж огт үгүй, хэрэв чи хичээх юм бол. Хүн гэдэг аугаа амьтан, хэрэв чи өөртөө эзэн нь болж чадах юм бол. Хорвоо дэлхий гэдэг даанч гайхамшигтай ертөнц, хэрэв чи ухаарч чадах юм бол.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.