Энэтхэгийн эрх баригчид Зэвсэгт хүчнээсээ тусламж хүслээ

Twitter Print
2021 оны 04-р сар 27-нд 11:46 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн эрх баригчид коронавирусын халдварын тархалттай тэмцэх явдалд туслахыг Зэвсэгт хүчнээсээ хүслээ. Дэлхийн хамгийн их хүн амтай орнуудын хоёрт жагсдаг Энэтхэгт үүссэн нөхцөл байдал "зүрх шимшрэм" байна хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус онцолж, ДЭМБ Энэтхэг рүү эрүүл мэндийн ажилчид болон хүчилтөрөгчийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж илгээнэ гэжээ.

Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэрээ Энэтхэгийн Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнийг хариуцсан хурандаа Бипин Рават зэвсэгт хүчний нөөцөнд байгаа хүчилтөрөгчийг коронавирусын халдвартай тэмцэж буй эмнэлгүүд рүү илгээж, цэргийн эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан албан хаагчид эмнэлгүүдэд ажиллахаар болсон талаар мэдэгджээ.

Түүнчлэн цэргийн зарим эмнэлгүүд энгийн иргэдийг хүлээж авахаар болжээ. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр урьд шөнө тус улсад коронавирусын халдварын улмаас 2812 хүн нас барж, коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 17 саяыг давжээ.

Энэтхэгийн хэд хэдэн хотуудад хөл хорио тогтоож, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх журмыг мөрдөх явдалд хууль сахиулагчдын зүгээс хяналт тавьж байна.

Вирус судлаачдын мэдээлснээр Энэтхэгт халдварлах чадвар өндөртэй коронавирусын шинэ хувилбарууд тархсантай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрсэн аж.

Засгийн газраас иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байх, ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.

Түүнчлэн коронавирусын халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор коронавирусын вакцины эрэлт нийлүүлэлтээсээ даваад байна.

Вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн хомсдол болон AstraZeneca компанийн үйлдвэрийн байранд гал гарсаны улмаас коронавирусын эсрэг вакцины үйлдвэрлэл удаашраад байгаа аж.

Гадаадын улс орнууд тэр дундаа АНУ, Их Британи, Герман зэрэг орнууд Энэтхэг рүү эмнэлгийн тоног төхөөрөмж, эм тариа шуурхай илгээхээ мэдэгдээд байгаа билээ.

ЭХ сурвалж: https://www.reuters.com/world/india/india

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.