Хий хямрахад нүүр, ам мурийна

Twitter Print
2021 оны 01-р сар 06-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

ХИЙ ӨВЧИН - ЦУВРАЛ 2

Дээш гүйгч хий өвчүүнд орших бөгөөд хамар хэл багалзуурт гүйнэ. Үг гаргах, хүч чадал, өнгө зүс, хичээл шамдал дурдлыг тодруулна. Энэ хий хямрахад илэрдэг хамгийн гол зовуурь нь өвчүүний ард хүнд оргих. Зүрхний бичлэг, эхогоор мөн л өөрчлөлт илэрдэггүй. Удаан ярихаар хэл чулчирах, ээрнэ, хоолой гарахаа болино.

Нүүр, ам мурийна. Маш амархан тамирдаж ядарна, ам их цангана, арьс нь маш хуурай болно. Бас нэг шинж тэмдэг нь хэлгийрэх буюу ярьж чадахаа больчихдог. Өөрөө зүгээр яриад байна гэж бодох боловч үгийг нь сонсож байгаа хүн ойлгодоггүй. Үгийг тод хэлж чадахаа больдог гэсэн үг. Дээш гүйгч хий хямрахаар мөн үнэрлэх мэдрэмж буурчихдаг. Чих, хамар, хоолой эмнэлэгт үзүүлэхээр, “Зүгээр, хэвийн байна” гээд байдаг. Европ анагаах ухаанд хийн талаарх онолын ойлголт байдаггүй учраас хийн хямралаас үүдэлтэй хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгийг оношлох, эмчлэх талаар дутагдалтай байдаг.

Түгээгч хий зүрхэнд орших бөгөөд бүх биед түгж гүйнэ. Явах харайх, атийлгаж тэнийлгэх, жийх хумих зэрэг биеийн үйлдэл бүрийг хийнэ. Энэ хий хямрахад зүрх мушгирч, тэр орчмоор өвдөнө, биеийн хөдөлгөөн алдуурна, ухаан санаа будангуйрна. Юмыг барин тавин санадаг болчихдог. Дотор эвгүйрхэж, манарна. Түрхэн зуурт үхэтхийн унана. Манайд яг ийм шинж тэмдэг илэрсэн нэг өвчтөн эмчлүүлж байна. Тэр хүн, “Гудамжинд явж байтал байшингууд над дээр налаад ирж байгаа юм шиг санагдаад би уначхаад босож ирсэн” гэдэг. Өвчтөн маань тэгж унаснаас болоод шагай нь хугарчихсан байсан. Хий хямрахад хүн ингэж агшин зуурт ухаан балартаж, тэнцвэр алдагддаг байх жишээтэй. Хөл гар нь хөшиж явж сууж чадахгүй болох, бөгтийх, яс үесийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинж илэрнэ.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.