Ц.Элбэгдорж: Асуудлыг гартаа авахыг Ерөнхий сайдад зөвлөж байсан

Twitter Print
2014 оны 09-р сар 17-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Баянгол, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур суманд ажиллав. Мөн "Арвин хур", "Гацуурт", "Майнд тэч" компаниудын газар тариалан, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлтэй танилцаад өчигдөр ирлээ. Түүнийг дээрх сумдад ажиллах үеэр цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Намрын налгар энэ өдрүүдэд та Сэлэнгэ нутагт ажиллалаа. Ямар дүгнэлттэй буцаж байна вэ?

-Өнөө маргаашдаа тулчихсан ажил бол хавар тарьсан ногоо, тариагаа хурааж авах шаардлагатай байна. Дээрээс нь аливаа улс орон хөгжихдөө бидэнд ямар давуу тал байна гэдгээ боддог. Тэгвэл Монголын хувьд давуу тал нь нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ. Бидэнд газрын болоод малын үржил шим байна. Тиймээс газар тариалан, мал аж ахуйн баялгаа түшиж хөгжих боломжийг илүү харах хэрэгтэй гэдэг бодол бий. Уул уурхайн компаниуд ч олсон ашгаа эргүүлээд хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйдаа зориулах хэрэгтэй. Жишээ нь “Гацуурт” компанийг их зөв юм хийж гэж дүгнээд байна. Энэ бол алтны уурхайн компани шүү дээ. Гэхдээ олж байгаа ашгаа урт хугацааны алсыг харсан газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл рүү оруулж байгаа нь зүйтэй. Төр ийм л хэлбэрийг дэмжинэ. Шахаж, шаардаж ажиллуулах ёстой. Үүгээрээ шинэ боломж нээгдэж байна. Аливаа бизнес эрхлэхэд хийж байгаа бүтээгдэхүүн нь ашиг авчирдаг байх хэрэгтэй.

Тэгвэл өнөөдөр манай нөхцөлд борлуулалтын шатанд тийм боломж байна уу гэдэг асуудлыг бодох ёстой. Монголд бол үйлдвэрлэлийг хүлээж авах зах зээл байна. Гэтэл бидний хоёр талд далай шиг хоёр том зах зээл бий шүү дээ. Тэгэхээр бид сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, танай стандартын дагуу нийлүүлье. Харин та нар татварын тааламжтай нөхцөл үзүүлээч гэдэг нөхцөлийг бид хөршүүддээ тавьж, ойлголцож байна. Төрийн дээд түвшиндээ ойлголцоно гэдэг нь сайхан боломж, Энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ утгаараа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл Монголын хөгжилд шинэ эрин ирж байна гэсэн үг.

-Та сүүлийн үед зав чөлөөгүй ажиллаж байх шиг байна. Душанбед хоёр хөршийнхөө тэргүүнтэй уулзаад ирлээ. Та гурав хэзээ Монголд уулзахаар болсон бэ?

-Хамгийн гол асуудал бол хөршүүдтэйгээ сайн харилцаагаа улам бэхжүүлэх шүү дээ. Бидний хувьд Ерөнхийлөгч, УИХ-ын даргын хувиар ажлаа л хийж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүд бидний санаачилгыгсонсоод уулзсанд талархалтай байгаа. Одоо бид тодорхой сэдэвтэй уулзах хэрэгтэй. Дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын асуудал, хаанаас ямар ачаа байна. Хэнийхээ боомтоор гарах юм, төмөр замаа яаж тавих вэ гэх мэтийн тодорхой сэдвээр уулзах шаардлагатай. Энэ тал дээр төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг гурван талдаа ярих зайлшгүй шаардлага бий. Үүнийгээ л гурвуулаа ярьж авлаа. Хоёр хөршийн   удирдагчид бидний санаачилгыг анхаарч, хамтарч ажиллаж байгаад баяртай байна.

Ер нь гурван талын дээд түвшний уулзалтыг Улаанбаатарын уулзалт гэж нэрлэе. Улаанбаатарт уулзаж байя. Яагаад гэвэл Монгол Улс дунд нь байдаг юм. Тиймээс Орос, Хятадын дарга нар хоёр талаасаа ирж манайд уулздаг байя. Улаанбаатараас өөр газар уулзсан ч Улаанбаатарын уулзалт гэж нэрлэе. Гурван жилд нэг удаа уулзаж байя. Ер нь шаардлагатай гэсэн тохиолдолд гурвуулаа уулзчихдаг байя гэдэг ийм л ерөнхий ойлголцолд хүрлээ. Саяын уулзалтын үеэр хоёр хөршийн тэргүүн өөр өөрсдийн саналуудаа хэлсэн. Эдгээр саналыг ажил хэрэг болгохын тулд Засгийн газар бүтцээрээ сайн ажиллая Дэд сайдын түвшинд ярьсан зүйлүүдээ ажил болгоё. Цаашдынхаа уулзалтын бэлтгэл ажлыг хангая. Гурван улсын хооронд гэрээ, хэлэлцээр, ярьж шийдэх асуудлууд байгаа гэх зэргээр дараа дараагийнхаа үргэлжлэх ажлуудыг ч гурвуулаа сууж байгаад ярьсан.

-Хоёр хөршийн тэргүүнтэй ойр ойрхон хийж буй уулзалт, айлчлалыг гуравдагч хөршийн зүгээс яаж хүлээж авах юм бол?

-Бидний сонгосон зам тодруулбал манай баримталдаг гуравдагч хөршийн бодлогыг хоёр хөрш маань хүндэтгэдэг шүү дээ. Бид хамгийн гол онцлогоо ойлгох хэрэгтэй юм. Монгол Улс хоёр хөршөөрөө дамжиж гуравдагч хөрш рүүгээ гарна. Тиймээс гуравдагч хөрш рүү гарах замаа засах гээд байна. Үүний тулд хоёр хөрштэйгээ ойлголцож, хамтарч ажиллах зүйл их бий. Гуравдагч талтай юм уу гадны хөренгө оруулагчидтай  ярихаар "Танайд хөрөнгө орууллаа гэхэд бүтээгдэхүүнээ яаж авч явах юм. Ямар хөнгөлөлт, боломж байгаа юм" гэдгийг л үргэлж асуудаг. Тэгвэл хоёр хөрштэйгээ ойлголцсоноор энэ боломжууд нээгдэж байна шүү дээ. Гуравдагч хөрштэйгээ хамтран ажиллах үүд хаалгыг үүгээр нээж байна гэсэн үг.

-Хөршүүдтэй хийсэн уулзалт, тэдний манайд хийсэн айлчлал зэрэг нь Монголын эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Эдийн засагт нөлөөлөлгүй яахав, Хүн болгон аливаа мэдээллийг янз бүрээр хүлээж авдаг. Манай аж ахуй нэгж, айл гэрт энэ уулзалт, хэлэлцээр нь ямар ашиг авчрах юм. ОХУ руу татварын хөнгөлөлттэй бүтээгдэхүүн гаргаж болох юм байна. Үйлдвэрлэл явуулбал Хятадын зах зээлд хүргэх боломж бүрдэж байна. Тиймээс энэ салбарт хөрөнгө оруулалт хийе, ийм бизнес эрхэлье гэх зэргээр мэдээллийг үнэн зөвөөр тусгаад ажлаа эхэлнэ.

Гадныхан ч "Монголчууд хоёр хөрштэйгээ хэл амаа олоод эхэллээ. Тэнд ийм эдийн засгийн боломж гарлаа" гээд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ уулзалт, айлчлалууд урт хугацаандаа маш эерэг үр дүн авч ирнэ. Үүгээрээ өнөө маргаашдаа шууд нөлөөлөхгүй ч гэсэн хэтдээ эдийн засагт сайн үр нөлөө үзүүлнэ. Жишээ нь Оросын талд махны асуудал тавибал манай махны үйлдвэрээр явж, "Танай махыг авч болох юм байна. Бид нэг мйм хязгаар тавьчихаад байсан. Үүнийгээ хазаарлая" гэх жишээтэй. Дээд түвшиндээ ойлголцвол дунд тувшиндээ биднийг хүлээж авдаг хандлага өөрчлөгдөж байна.

-Өнөөдрийн манай эдийн засгийн нөхцөл байдлын талаар юу бодож байна вэ?

-Энэ бол өвчин биш шүү дээ. Тийм учраас эдийн засаг сайжирна. Дзэд түвшинд ярьж байгаа зүйлээ ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар анхаарах л хэрэгтэй.

-Засгийн газрын үйл ажиллагаанд тэгвэл та ямар дүгнэлт өгөх вэ. Саяхан Ерөнхий сайд танхимдаа сэлгээ хийнэ гээд зарлачихлаа. Энэ тухай таны байр суурийг сонсох гэсэн юм?

-Ер нь сэлгээ хийх, тодорхой хүмүүстэйгээ хариуцлага тооцох, бүтэц бүрэлдэхүүнээ оновчтой болгох зэрэг асуудлыг Ерөнхий сайд гартаа авах хэрэгтэй. Энэ тухай би өмнө нь түүнд зөвлөж байсан. Хэн нэг сайдыг огцруулна, тэгнэ, ингэнэ гэж бусад нь ярьж явдаггүй. Ердөө л Ерөнхий сайд санаачилгыг гартаа авчих. Тэр нь зөв гэж. Өнөөдөр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд сэлгээ хийж, зардал хэмнэх, УИХ, Засгийн газрын гишүүний давхардсан байдлыг арилгах л асуудал бий. Үүнийг цэгцэлнэ гэдгээ Ерөнхий сайд зарлалаа. Энэ бол сайн зүйл шүү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.